Ч.Жаргалбаатар: Талийгаачийг 48 цаг хорьж дуусаад авахаар очиход нас барсан байсан
АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж шалгагдаж буй хэргүүдийн талаар мэдээлэл өгдөг. Энэ удаад хоёрдугаар сард хийсэн ажлын талаар мэдээллийг хүргэлээ.
Өнөөдрийн хуралд Тамгын хэлтсийн дарга эрхэлсэн комиссар З.Баасанням, Хянан шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг нар оролцлоо.
Хурлын эхэнд, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү АТГ-аас 2019 оны хоёрдугаар сард хийсэн ажлын талаар танилцууллаа.
Харин дараа нь Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Талийгаач шүүгч Л.Бямбааг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байсан бэ?
-Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Тус хэлтсээс Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч компани болон ашиглаж байсан ашиглагч нарын маргаанаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллагын хууль сахиулагчид тухайн маргааныг шалгаж байх явцад ихээхэн мөнгөн хөрөнгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан, тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Шалгалтын явцад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй үндэслэл тогтоогдоод энэ хэрэгт талийгаачийг сэжиглэн 48 цагийн хугацаагаар баривчилсан байсан. Мөрдөн шалгах байгууллагаас талийгаачийн гэр, ажилд нь нэгжлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хурааж авсан. Хураагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас сэжигтнээр баривчлаад 48 цагийн хугацаа нь дууссаны дараа авахаар очиход ийм харамсалтай хэрэг гарсан байсан. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөх байх.
-Талийгаачийг хуулийн ямар заалтаар шалгаж байсан бэ?
-АТГ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан. Хэрэг шалгах үйл явц хуулийн дагуу явагдсан. Энэ хүн авлига өгөх үйл явцад хамтран оролцсон гэх үндэслэлээр шалгагдаж байсан.
-Талийгаачийг хэзээ баривчилсан бэ?
-Талийгаачийг энэ сарын 21-22-нд шилжих шөнө баривчилсан. 48 цаг саатуулах хугацаа дуусаагүй байхад хэрэг явдал гарсан. Талийгаач амиа хорлосон уу эсвэл гадны нөлөөтэй нас барсан уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Манайхаас нас барсан нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн талаар мэдээлэл өгөөч?
-Нэр бүхий зургаан шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Энэ хүмүүсийн албан үүргийг түдгэлзүүлээд шалгах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Үргэлжлүүлэн шалгана.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яг үндэслэлээр шалгаж гэрчийн мэдүүлэг авсан бэ?
-Ерөнхийлөгчийн Прокурорын байгууллагад өгсөн материалтай холбогдуулан Таван толгойн хэрэгт нэгтгэн шалгаж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос гэрчийн мэдүүлэг авсан.
Т.Гэрэл
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЭЛБЭГДОРЖООС СЭЖИГТНЭЭР МЭДҮҮЛЭГ АВААЧЭЭ