Мартах биш, мэтгэлцэх сэдэв нь ШХАБ юм биш үү
Бараг сүүлийн нэг жилийн улс төрийн хөдөлгөөн, өрнөлийн дунд хаягдахгүй явж байгаа сэдэв бол манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх тухай асуудал юм. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Ерөнхийлөгч Чиндаод болсон ШХАБ-ын дээд түвш-ний уулзалтад оролцохын өмнө ШХАБ-д ажиглагч гишүүнийхээ статусыг нэг шат ахиулж жинхлэх эсэх асуудлаар дээр дооргүй маргаад авч байлаа.
Монголын эдийн засгийн чуулган дээр Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарилал, таталцал, түлхэлцэл юм. Монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй. ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа ахисан түвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих юм. Ингэснээр Хятадтай хийх худалдаанд таатай нөхцөлүүд үүсэхийн зэрэгцээ гурван улсын транзит тээврийн коридор бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ” гээд хэлчихсэн байсан үе л дээ.
Тиймээс ч өнгөрсөн жилийн тавдугаар сарын 30-нд болсон УИХ-ын хаалттай чуулганы үеэр Ерөнхийлөгч ШХАБ-д элсэх нь зүйтэй гэсэн байр суурьтай оролцсон тухай мэдээлэл бий. Дээр нь Ерөнхий сайд ч тус байгууллагад элсэх нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв. Хамгийн гол нь тус хаалттай хуралдаанаас ШХАБ-д элсэх эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцүүлэхээр болсон нь юм.
Хэрэв ҮАБЗ-өөс тодорхой шийдэл гарвал парламент дахин хэлэлцэхээр болсон тухай дуулдаад таг чиг. Ингэж байтал УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах асуудал өнгөрсөн жилийн намар эхэлж он дамжлаа. Яг тэр дуулианы дундуур УИХ-ын дарга асан М.Энхболд нэгэнтээ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр, ялангуяа ШХАБ-ын асуудал дээр ганцаардах үе байсан” хэмээн ам алдсан билээ.
ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг. Гэхдээ тус зөвлөл олонхын шийдвэр гаргадаггүй, бүгдээрээ санал нэгтэй байж асуудлыг шийддэг хуультай. Тэгэхээр ШХАБ-д элсэх асуудлаар зөвлөлдөхөд ҮАБЗ дээр шийдэлд хүрэхгүй байсан “тээг” нь М.Энхболд байсан мэт. Яагаад ингэж байна гэхээр УИХ-ын шинэ дарга Г.Занданшатартомилогдох үедээ илэрхийлсэн байр сууриндаа “ШХАБ-ын асуудлыг УИХ дээр шийднэ. Гэрээний эхний өгүүлбэрт гишүүн орнууд газар нутаг, аюулгүй байдлаа хангах үүрэгтэй гэсэн заалт бий. Гадаад бодлого судлаачдын нотолгоо дээр үндэслэн шийдвэрээ гаргана” гэж байв.
УИХ л шийдэх болохоос элсчихэд ч гэмгүй юм гэдэг санаа цухалзлаа ч гэж ойлгомоор байгаа биз. Харин саяхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй хийх уулзалтынхаа үеэр “ШХАБ-ын хувьд Монгол өөрийн онцлогтой. Гадаад харилцаагаараа энэ онцлогийн мөн чанарыг харуулдаг. ШХАБ-ын гол санаачлагч улс нь манай хоёр хөрш. Энэ хоёрын дунд байгаа цорын ганц орон нь Монгол Улс. Энэ хоёр улсын дунд байгаа цорын ганц эрх чөлөө нь Монгол Улсшүү. Үүгээрээ онцлогтой. Тиймээс бид ажиглагчаас цааш нэг ч алхам явах шаардлагагүй. Биднийг харж байгаа улс орнууд гар барилаа.
Гар бариад бугуй барина. Бугуй бариад цаашаа чамайг тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол хэзээ ч гарч чадахгүй. Зарим нь Энэтхэг гэж ардчилсан орон элсчихлээ. ШХАБ одоо өөр болсон гэж яриад байгаа юм. Энэтхэг бол шилийн сайн эр нэг айлаар ороод гарч, дургүй нь хүрвэл хаалгыг нь хаагаад гараад явчих чадалтай орон. Монгол нэг орвол тэгж чадахгүй. Яг хавханд орсон чоно шиг болно” гэх нь тэр.
Ийнхүү ШХАБ-д элсэх тухай асуудал эргээд олон нийтийн маргааны сэдэв болов. Саяхан Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргалаа. Тэр нь ШХАБ-д элсэх асуудлаар ярихгүй байхыг аргадаж гуйсан аястай аж. Тус мэдэгдэлд манай улс ШХАБ-д ажиглагчийн статустай байдгийг дурдаад тус байгууллагад элсэх эсэх асуудлаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр улстөржсөн мэдээ, мэдэгдлүүд гаргаж буй нь харамсалтай гээд уг асуудлыг УИХ шийдвэрлэхийг дурджээ.
Гадаад харилцааны яамны зүгээс ийн мэдэгдэх нь зүйн хэрэг. Тэд л олон улсын өмнө Монголоо төлөөлж, яриа хэлцэл хийдэг. Ард нь баахан хэл үг гарвал асуудал бүр дээр ярвигтай байдаг байх. Гэхдээ бас энэ талаар олон нийтээрээ шүүн ярилцахгүй байх нь өөрөө тун харалган биш үү. Ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүмүүсийнхээ амыг харахаас өөрөөр бид яах хэрэг вэ.
Хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс ч байр сууриа илэрхийлсэн байдаг. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Манай улс ШХАБ-ын хүрээнд ажиглагч орны статустай. Манай улсын хувьд хамтын ажиллагаагаа шат шатандаа ахиулж байгаа. Уг байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байгаа. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй. Дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ” гэж хэлж байв.
Гэтэл Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил “Зөвхөн өнөөдрийн дотоод, гадаад улс төрийн байдлаар бус урт хугацаандаа их гүрнүүдийн харилцаа хаашаа, хэрхэн хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ хандлага дотор Монгол Улс ямар байр суурьтай байх вэ, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэх вэ гэдийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан” гэж байлаа.
УИХ-ын эдийн засагч гишүүд “ШХАБ-д элссэнээр эдийн засгийн хамтын ажиллагааны интеграцид идэвхтэй оролцох тал дээр бидэнд олон давуу тал гарч ирэх боломжтой”, “Бусад улс орон элсэж ороод, хөгжөөд байдаг. Хамтарч нэгдээд бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад байна. Бүс зам, Эдийн засгийн коридор гэх мэтийн хүрээнд харилцан ашигтай ажиллах хэрэгтэй байгаа” гэх зэргээр ярьсан нь бий.
Нөгөө талд судлаачид ч байр сууриа илэрхийлж эхэлсэн. Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Монгол энэ байгууллагад элсэх гэж яарах шалтгаан байхгүй гэж бодож байна. Тэр тусмаа энэ байгууллага бүс нутгийн эдийн засгийн интеграцид том ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй. Том гүрнүүдийн геополитикийн зодоонд энэ байгууллагын нэр байнга гарч байдаг. Тэгэхээр бидний хувьд аль нэг эвсэлд нэгдэхгүй энхтайванч гадаад бодлогоо тогтвортой авч явахын тулд ШХАБ руу яарах хэрэгцээ байхгүй байх” гэсэн бол Элчин сайд асан, олон улсын харилцаа судлаач Д.Баярхүү нийтлэлдээ “Эдийн засгийн ашгийн өнцгөөс ШХАБ-ыг онилоод байгаа нөхдөд дахин сануулахад, наад ШХАБ чинь Монгол орныг ядуурлаас нь гаргаж, ажилгүйдлийг нь арилгаж өгдөг, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгодог “СЭВ” (ЭЗХТЗ) биш, эдийн засгийн ба бүс нутгийн интеграцийн байгууллага биш шүү!
Хэрэв эдийн засгаар гишүүн орнуудаа тэтгэдэг, хөгжил буурайг нь чирч татдаг байгууллага байсансан бол хөгжил дорой тэр Киргиз, Тажик хоёрыг сэвхийтэл нь босгоод ирэх цаг хугацаа, талбай хангалттай байлаа шүү дээ. Тэр хоёр нь овойж оцойтлоо хөгжчихөөгүй, ШХАБ-аас ганц ч долларын ашиг унагаж чадаагүй, харин ч энэ жил Киргизстан нь ШХАБ-ын дээд хэмжээний ээлжит уулзалтыг хэрхэн өнгөрөөх тухай санхүү-мөнгө, аюулгүй байдлын өдөр шөнийн бодол зүүд болоод байж байна” гэжээ.
Асуудал ингэж эрчийг авсан болохоор үүнийг ярихгүй сууна гэдэг бол нэлээд гэнэн үйлдэл юм. Мөн ШХАБ-ын талаар мэдээлэлгүй бол ярьж маргаад байх хэрэггүй гэх муйхар тайлбар ч нийтийн дунд эрчээ авах шинжтэй боллоо. Тэгвэл тус байгууллагад элсэх нь эдийн засгийн ач холбогдолтой эсвэл эсрэгээрээ олон улсын тавцан дээр аль нэг хуваагдал руу орох аюул заналтай аль ч байсан бүх нийтээрээ ярих л ёстой.
Ярихдаа бас юмны учир мэдэх хүмүүсээ цуглуулан томоохон зөвлөгөөн хийж тэдний үгийг шууд дамжуулбал зөв болов уу. Би л хувьдаа үе үеийн Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн үгийг сонсмоор байна санж. Одоо ингэж тал талд хэвлэлээр үг дайж өөрсдийнхөө байр суурийг хамгаалах хэлбэрээр явбал өнөө ШХАБ-ын нэр хүндэд ч муу байх аа.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, Ж.Баяр
|
URL: