Эрдэнэзуу хийдийн бурхдыг Хятад иргэнд худалджээ
Өнгөрсөн оны 10 дугаар сард БСШУЯ, Эрүүгийн цагдаагийн газар хамтарч, Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдэд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтын явцад хосгүй үнэт эдлэл дөрөв, шармал бурхан 17 хийдээс алга болсон нь тогтоогджээ. Алга болсон гэх бурхдыг хуурамчаар хийж, хийдэд тавьсан байжээ. Хэрэгт мөрдөн байцаалт явуулахад Эрдэнэзуу хийдэд сан хөмрөгчөөр ажилладаг О.Баяраа гэгч залуу Хятадын иргэнд зарснаа хүлээсэн байна. Алга болсон бурхдыг анх зарах болсон шалтгааныг О.Баяраа гэгч мэдүүлэхдээ «Манай энд «Тансаг» нэртэй шашны дэлгүүр ажиллуулдаг С.Энхтайван гэдэг залуу хэд хэдэн удаа зарчих гэсэн санал тавьсан.
Эхэндээ зөвшөөрөхгүй байсан ч надад мөнгө өгсөн болохоор тэр саналыг нь хүлээж авсан» гэжээ.Харин «Тансаг» шашны дэлгүүрийн эзэн С.Энхтайван гэгч залуу нь Хятад улсын иргэн Л нэртэй эрэгтэйд бурхдыг өндөр үнээр зарсан аж. Цагдаагийн ажилтнууд Хятад улсын иргэн Л-ийг интерполоор эрэн сурвалжилж байгаа ч одоо болтол олдоогүй гэнэ.Эрдэнэзуу хийдийн сан хөмрөгч О.Баяраа, «Тансаг» дэлгүүрийн эзэн С.Энхтайван нарт эрүүгиин хэрэг үүсгэж, хохирлын хэмжээг тогтоох гэсэн боловч бурхад алга болсон болохоор ямар ч боломжгүй болсон Хятад улсын иргэн Л-ийг хэн болохыг мэдэхэд хэцүү байгаа гэнэ. Бурхдыг зарсан гэх О.Баяраа, С.Энхтайван нар нэрийг нь бүтэн мэдэхгүй байгаа юм байна.
Монголын эртний үнэт эдлэл хил давж байхад хяналт шалгалт хийж буй гаалиинхан мэдэхгүи гаргаж байгаа нь ч бас сонин. Эндээс эртний үнэт эдлэл битгий хэл ихээхэн нууцалсан зүйлийг илрүүлдэг хил гаалийнхан бас тохиролцоонд хүрчихсэн юм биш байгаа даа гэсэн хардлагыг төрүүлж байна. Эртний үнэт эдлэл болох бурхан алдагдаж байгаа нь нэг удаагийнх биш. Дундговь аймгийн «Ногоон дарь эх» бурхан хэд хэдэн удаа алдагдсан. Харин сүүлд алдагдсан нь одоогоор олдоогүй байна. Монголын түүхийг хадгалсан үнэтэй зүйлүүд ар араасаа алдагдсаар байхад анхаарал тавьж байгаа газар алга. Хүн чанараа алдсан хүмүүсийн энэ мэт үйлдэл нэг мэдэхэд эх орноо худалдахад хүргэх вий дээ.
Тус хэргүүдийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: