ӨҮЛЭН ЭХ ТЭМҮЖИН ХҮҮТЭЙГЭЭ ДЭЛҮҮН БОЛДОГТОО “СУУРЬШИХ” НЬ
Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулж, хэсэг хүн санаачилгаараа Өүлэн эх, Тэмүжин хүүгийн дурсгалын хөшөө цогцолбор байгуулахаар болжээ. “Номт цагаан тэнгэр” төвийн тэргүүн, судлаач С.Лхагважав, түүхч Ч.Ганболд, багш Ч.Энхбаатар нар уг ажлаа ард түмний хандиваар бий болсон оюун санааны шүтээн байгаасай гэж зорьсон гэнэ. Тиймээс төрийн тэргүүний хувьд энэ ажлыг ивээлдээ авч, ард түмнээ уриалаасай гэсэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ил захид лаар хүсэлтээ хүргүүлсэн байна.
Монгол туургатан хэн ч байсан их хааныхаа мэндэлсний 850 жилийн ойг бэлгэдэж, 850 төгрөг хандивласан ч болно гэдгийг тэд хэллээ. Хөшөөг ирэх гуравдугаар сарын сүүлчээр бүтээж эхлэх бөгөөд есдүгээр сарын 22-нд Чингисийн төрсөн газар болох Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн болдогт залах аж. Тэмүжин хүүгээ баруун гартаа тэврэн, нарны зүг саравчлан буй Өүлэн эхийн хөшөөг 200 тн орчим саарал боржин чулуугаар бүтээх бөгөөд өндөр нь суурьтайгаа нийлээд есөн метр болох аж.
“Энэ хөшөө их утга учир, бэлгэдэл агуулах юм. Тэнгэрийн хүү гэдгийг нь бодолцож Тэмүжиний хүзүүнд сумын зэв зүүлгэсэн. Өүлэн эхийн толгой дээрх шонхор шувууг алтаар бүрнэ. Хөшөөний суурийн хэсгийн нүүрэн талд Чингисийн сургаалийг монгол бичгээр сийлж, дээд тойрогт нь 12 жилийн дүрс, доод талд нь түмэн насан хээ байх юм. Суурийн гадаргуу дээрх дөрвөн бөөрөнхий тулгуурыг ертөнцийн дөрвөн хүчтэний дүрсээр чимнэ” гэж Ч.Энхбаатар ярилаа.
Хөшөөг босгоход 510 сая төгрөг шаардлагатай бөгөөд энэ ажлыг “Үүдэн чулуу” компанийн хамт олон хийж гүйцэтгэнэ. Энэ хөшөө цогцолборыг ямар хүмүүсээр хамгаалуулах талаар ч бодсон гэдгийг санаачлагчид хэлсэн.
Л.ГАНЧИМЭГ
URL: