Дүрэмгүй тоглодог Дүлзэнгүүдээ цэгцлээч, Д.Сумъяабазар сайд аа

6ea1a5f55a195069228d1b9908492ebeНийслэл Улаанбаатар хот Засаг даргагүй гурван сарын нүүр үзэх гэж байна. Хавар болж бүтээн байгуулалтын ажил өрнөх цагаар хот эзэнгүй байх нь сайхан зүйл лав биш.

Хотын ажил гацсан, хөгжил саарсан, тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээн шил шилээ даран овоорсон дүр зураг цаашид хэр удаан үргэлжлэх нь ч бас тодорхойгүй. Энэ бүх гацаа, ойлгомжгүй байдал аз жаргалтай амьдруулна гэж нийслэлд олонх болсон МАН дотооддоо учир зүйгээ олохгүй байгаатай шууд холбоотой. Ердөөсөө Су.Батболд 60 тэрбумын гэх хэрэг явдалтай холбогдуулан  ажлаа өгсний дараа түүний оронд хэнийг томилохоос үүдэлтэй энэ маргаан нийслэлийн МАН-ын биш нийслэлчүүдийн нийтийн зовлон болж хальчихаад байна.

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн Засаг даргад С.Амарсайханыг дэвшүүлэх улс төрийн шийдвэр гаргасан. Тэгээд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцээд дэмжсэн. Гэтэл дараа нь С.Мөнхчулуун гэх төлөөлөгч танхимаас нэр дэвшихээ зарласан. Ингээд л хамаг будлиан эхэлсэн гэж хэлж болно. Хоёр нэр дэвшигч дээр санал хураалт явуулахад эхлээд тэнцсэн, дараа нь С.Мөнхчулуун олонхын санал авлаа гээд баясаад очтол Ерөнхий сайд батламжлаагүй. Эрхбиш засгийн эрх барьж байгаа намын хувьд бодлого, улс төрийн шийдвэр гаргатал дүрэмгүй тоглогчид гараад ирсэн. Нийслэл дээр үүссэн гацаа ердөө л ийм шалтгаантай.

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сонгогдоод багагүй хугацаа өнгөрч буй. Хотын даргаар ажиллаж байсан Су.Батболд өөрийгөө сонгуулахын тулд асар их хөрөнгө, хүч хаяж байхад намынхан нь Д.Сумъяабазарт итгэл хүлээлгэсэн. МАН-ын гишүүд одоо ч нийслэл дээр үүсээд буй улс төрийн энэ гацаа, хуваагдлыг шуурхай зохицуулах байх гэж түүнд итгэсээр байгаа байх. Нийслэлийн МАН-ын хороог толгойлж байгаагийн хувьд жижиг сажиг эрх ашгаа таягдан хаяад нийслэлчүүдийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлээд зангарагтайхан шийдэх цаг нь болжээ, Д.Сумъяабазар дарга аа.

Улс төрд дүрэмгүй тоглодог, өөрийнхөө өчүүхэн эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг, элдэв бичлэг, зураг гаргаж ирэн сошлоор гөрддөг, гүтгэдэг Түгжилүүдээ эрх баригч МАН цэгцэлж авахгүй бол тос дотроосоо өтдөгийн үлгэр болж дуусахаар байна. Муу арга, муухай араншингаар далайлган, эсвэл сөрөг хүчинтэйгээ наймаалцан шинэ МАНАН үүсгэж эрх мэдэлд хүрэх гэдэг ийм шантаажны маягийн улс төрөөс болж өөрсдөд нь итгэл хүлээлгэсэн нийслэлчүүдийн ажил амьдралаар, Улаанбаатар хотын хөгжлөөр МАН хэдий болтол дэнчин тавих юм бэ.

http://niisleltimes.mn


URL:

Сэтгэгдэл бичих