Гүйлгээнээс хуурамч доллар илэрлээ
Монгол улсад “хуурамч мөнгө” гэх нэр томъёо нэвтрээд хэдэн жилийн хугацаа өнгөрлөө. Хамгийн сүүлд л гэхэд уламжлалт сар шинийн баярын өмнөхөн хуурамч 20 мянгатын дэвсгэрт илэрсэн бол өчигдөр 16:30 цагийн орчим 19 настай, эрэгтэй Ю-гийн орлогын гүйлгээнээс /JE0616…..A/ серийн дугаартай хуурамч 100 ам.доллар нэг ширхэг илэрсэн хэрэг гарчээ. Дэлхийн түүхээс харахад мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх явдал өнгөрөгч 20-р зууны эхэн үеэс эхлэлтэй аж. Харин Монгол улсад Ардын хувьсгал ялсны дараа үндэсний банк, санхүүгийн тогтолцоо бий болж мөнгөн тэмдэгт анх гүйлгээнд орж эхэлсэн билээ.
“Хуурамч мөнгөн тэмдэгт”-ийг ерөнхийд нь, төлбөр тооцооны хэрэгсэл болгох зорилгоор үндэсний болон гадны улсын мөнгөн тэмдэгтийг хууль бусаар дууриалган хийсэн, хэвлэсэн, зурсан тэмдэгт гэж ойлгоно.
Одоогоор монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1-д: “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Хэрэв уг хэргийг зохион байгуулалттайгаар гэмт бүлэг үйлдсэн бол шийтгэлийг улам нэмэгдүүлэхээр заасан байна.
Хуурамч мөнгөн дэвсгэртийг ихэнхдээ Улаанбаатарт хотын нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг, мод нүүрс хувиараа зарж буй иргэдээс гүйлгээ хийж хуурамч мөнгөн дэвсгэртээ солиулдаг байна. Мөн томоохон дэвсгэртийг хуурамчаар үйлддэг хувь хүмүүс голдуу гэртээ сканнер ашиглан хийсэн байдаг. Хуурамч мөнгийг харж, барьж үзэхэд мэдэгддэг бөгөөд цаас, нууцлалыг дуурайж чаддаггүй тухай мэргэжилтнүүд хэллээ.
Хувь хүмүүс, үйлчилгээний ажилтнууд жинхэнэ мөнгөн тэмдэгтийг хуурамчаас хэрхэн таних зөвлөмжийг сонирхуулъя.
5000, 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт дараах нууцлалын таних тэмдэгтэй байдаг. Үүнд:
1.Мөнгөн дэвсгэртийн цаас хатуу, нугалахад шажигнаж дуугарна.
2. Дэвсгэртийг хоёр талаас нь хурууны үзүүрээр хавчин гүйлгэж татахад нүүрэн талд байдаг “Монгол Улс” гэсэн эвхмэл бичиг болон “5000”, “10000” төгрөгийн нэрлэсэн үнийн тоо үл мэдэг товгор нь хурууны өндөгт мэдрэгдэнэ.
3. Дэвсгэртийн нүүрэн талын баруун хэсгийг гэрлийн эсрэг барьж харахад Чингис хааны дүр бүхий усан хээ тодорно. /зөвхөн 1995 оны 5000 төгрөг, 10000-тад хамаарна/
4. Дэвсгэртийн хоёр талд байрлах Чингис хааны гэрэгэгийн дээд хэсгийн дугуй дүрсүүд зөрүүгүй давхацна
5. Дэвсгэртийг гэрлийн эсрэг барихад нууцлалын нарийхан утас харагдана. /зөвхөн 1995 оны 5.000-т, 10.000-тад хамаарна/
6. Дэвсгэртийн ар талд тасалдаж харагдах нууцлалын металл утас, түүн дээр /MONGOLBANK/ гэсэн бичилт харагдана. /Зөвхөн 2002 оны 10.000-т болон 2003 оны 5.000-тад хамаарна/
7. Дэвсгэртийн нүүрэн талд мөнгөлөг, металл суурь дээр байрлагдсан соёмбо үсэг болон 10.000 гэсэн нэрлэсэн үнэ солигдож харагдана. /Зөвхөн 2002 оны 10000-тад хамаарна/
20.000 төгрөгийг тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг гэрэлтэн тодорч харагдана Хорин мянгатын дэвсгэртийн хувьд:
-Тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг гэрэлтэн тодорно.
-Холограмм дардас дотор Соёмбо, 20.000-тын тоо солонгорч үзэгдэнэ.
-Дэвсгэртийн дэвсгэр зураг, ялангуяа 20.000 гэж нэрлэсэн үнэ нь гарт мэдэгдэхээр товгор хийгдсэн.
-Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо, хэвтээ ирмэгийн дагуу “MONGOLBANK” гэсэн үгийг маш жижгээр бичсэн.
-Гэрлийн эсрэг барьж харахад Чингис хааны хөрөг, “MONGOLBANK” гэсэн үгийн товчлол болох “МБ” үсгүүд усан хээгээр тодорч харагдана.
-Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ.
-Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр “MONGOLBANK” гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана.
-Гэрлийн эсрэг барьж харахад дэвсгэртийн хоёр талд байрлах дугуй дүрс зөрүүгүй давхцана.
-Тусгай гэрлээр харахад дэвсгэрт металл ялтсан ширхэгтэй харагддаг байна.
Дэлхийн валютуудаас монгол улсад АНУ-ын 100, 50, 20, 5-тын дэвсгэртүүд, Хятадын 100, 50 юань, Европийн холбооны мөнгөн тэмдэгт болох 500, 100, 50 евро, Австрали 100 долларын мөнгөн тэмдэгт нь хуурамчаар үйлдэгдэн орж ирэх нь их байна.
Хэрэв та хуурамч мөнгөн дэвсгэртийг илрүүлвэл 2013 оны 6-дугаар сарын 12-ны өдрийн МонголБанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, ЦЕГ-ын даргын хамтарсан тушаалын дагуу цагдаагийн байгууллагад хүргэх үүрэгтэй юм.
URL: