Р.Амаржаргал: Гадаадын банк Монголд орж ирснээр боломжийг үүсгэхээсээ илүү эрсдэлтэй

712-1550892504502367cd-49ab-47dd-86b4-fd12257d201cУлсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран эдийн засгийн хэтийн төлөв, мөнгөний бодлого, валютын захын нөхцөл байдал, гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө зэрэг бодлогын асуудлуудыг хамарсан илтгэлүүд болон эдийн засгийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой судалгааны ажлын үр дүнгүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр “Тинкбанк 2019-Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлгийг өчигдөр (2019.02.22) Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Б.Ундармаа, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага, олон улсын байгууллага, арилжааны банкуудын төлөөлөл, эдийн засаг, санхүүгийн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.
    Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр удирдсан юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгийнхээ эхэнд улс орныхоо эдийн засаг, мөнгө санхүү,  нийгмийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсэд хичээн зүтгэж байгаа “Тинкбанк 2019-Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлгийн оролцогчдод Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Үргэлжлүүлэн тэрбээр:
  “Сүүлийн  хоёр жил гаруй хугацаанд Монгол Улсын  эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Улс орны эдийн засгийн өсөлт сэргэж, өрийн дарамтаас гарч, эдийн засгийн байдал тогтворжиж байна.  Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрснээр хамгийн өсөлттэй орнуудын тоонд зүй ёсоор орж байна.
    Монгол Улс нийтдээ 6.5 их наядын Засгийн газрын  төсвийн өрийг төлж барагдууллаа. Ингэснээр өрийн дарамт буурч, өнөө маргаашгүй дефолт үүсэх эрсдэлээс ангижирч,  өрийн тогтвортой байдал руу шилжих боломж бий болж байна.
   Инфляцийн түвшин 7.3 хувьтай байна. Улсын төсөв 10.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энэ нь сүүлийн найман жил улсын төсөв ашигтай гарч байгаа анхны тохиолдол. Банкны системд Монголбанк 22 тонн алт худалдаж авсан нь  бас сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр амжилт. Энэ бол валютын нөөцийг тогтворжуулах, нэмэгдүүлэх,  ирээдүйд өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн ахиц амжилт юм.
Иргэдийн хадгаламж ч тогтвортой өсөж байна. 2016 оноос хойш иргэдийн хадгаламж бараг 40 гаруй хувиар өслөө. Статистикийн тоо баримтаас харвал, энэ өсөлт зөвхөн цөөн хүмүүст бус, нийт иргэдэд хүртээмжтэй, нэн ялангуяа хөдөө орон нутагт аймаг, сумдын мөнгөн хадгаламж нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна.
Сүүлийн гурван жилд ажилгүйдлийн түвшин тасралтгүй буурсаар 6.6 хувьд хүрсэн. Орлогын тэгш бус байдлыг тодорхойлох жини коэффициент 0.03 нэгжээр буурч 0.32 боллоо. Тэгэхдээ л бусад хөгжиж буй улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр байна.
Зээлийн жигнэсэн дундаж хүү сүүлийн жил гаруй хугацаанд нийт 3 орчим нэгж хувиар буурлаа.  2018 оны эцэст зээлийн жигнэсэн хүү 16.9 хувьд хүрсэн нь сүүлийн долоон жилийн хамгийн бага түвшин болж байна.
    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2019 оны төсөв болон Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Одоо хэрэгжүүлж байна.
    Энэ онд баримтлах төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь бүхэлдээ санхүү,  банк, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэнэ. Эдийн засагт бий болж байгаа эерэг хүр дүн, үр нөлөөг бэхжүүлэх, цаашид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг бодлого, арга хэмжээг хамарч байгаагаараа онцлогтой.
 Сүүлийн  хоёр жилд банкны салбарын хууль, эрхзүйн өөрчлөлт шинэчлэл амжилттай хэрэгжлээ. Энэ оны хувьд банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, дахин хөрөнгөжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ.
 Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго нь буруу мэдээлэл, улстөржилтөөс шалтгаалсан сөрөг нөлөө, зохисгүй хүлээлт буюу субъектив тал давамгайлсан байдлыг зохицуулах замаар нийгэмд зохистой хүлээлтийг бий болгох, долларжих үзэгдлийг тогтворжуулах, бууруулах, төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд юу хийвэл зохистойг ярилцах, эрдэмтэн судлаачдын судалгаа, олон нийтийн санаа бодол, баримт нотолгоонд суурилсан мэтгэлцээнийг хэлэлцүүлгийн хэлбэрээр хийж олон түмэнд хүргэх явдал гэж ойлгож байна.
    Ер нь цаашдаа бид Улсын Их Хурлыг популизмын талбар, хэрүүлийн танхим болгож болохгүй гэж үзэж байгаа. Иймээс Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээнийг өрнүүлэх замаар хууль тогтоох үйл ажиллагааг хэрэгжүүлдэг дэг буюу олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж байна.
    Өнгөрсөн даваа гарагт Б.Баттөмөр гишүүн  зохион байгуулаад, татварын хуулийн хэлэлцүүлэг хийсэн. Татварын хуулийн гол зорилго нь жини коэффициент буюу орлогын тэгш бус байдлын ялгааг багасгах, заавал төрд бус, хувийн секторт ч ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд таатай нөлөөлөх татварын орчин бүрдүүлэхэд чиглэж байна. Шинэ хуулиар 1.5 тэрбум хүртэл төгрөгийн орлоготой жижиг, дунд аж ахуйн нэгжүүд 1 хувийн татвартай болно. 10 хувийн татварынхаа 90 хувийг буцаан төлөлтөөр авна. Татварын дарамт гэж ярьдаг татварын хяналт, шалгалт,  тайлан гаргадаг, мэдээ өгдөг олон шат дамжлагатай хүнд суртлыг багасгах зэрэг олон давуу тал бүрдэнэ. Хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх зорилгоор бүх оролцогч талууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Аж үйлдвэрийн үндэсний зөвлөлийн саналуудыг авч, нэгтгэж хэлэлцүүлсэн.
Мягмар гарагт тендерийн худалдан авах ажиллагааны буюу төрийн өмчөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах хуулийн хэлэлцүүлэг болсон. Эх оронч худалдан авалт гэж юуг хэлээд байна вэ. Ажлын байр бий болгохын тулд үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төрийн худалдан авалтууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд чиглэх ёстой. Бусад улс орнууд тарифын болон тарифын бус арга замуудаар дотоодын зах зээлээ хамгаалдаг. Манайх харьцангуй чөлөөт либерал худалдааны системтэй орон. Худалдан авах ажиллагаанд үүнийг харгалзан үзэж, зөвхөн үнээр бус чанараар өрсөлддөг, тендер тойрсон авлига, хүнд суртал, шат дамжлагыг бууруулсан нэг тогтолцоотой, худалдан авах ажиллагааны нэг газартай, тэр нь төрийн хяналттай байх зэрэг нэлээд том шинэчлэл хийгдэх хуулийг хэлэлцүүлсэн.
Лхагва гарагт Улсын Их Хурлын дэгийн тухай хуулиар хэлэлцүүлэг болсон. Өнөөдрийн хэлэлцүүлэг Монгол Улсын мөнгө, санхүү, банкны эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдэнэ.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанкнаас хамтран зохион байгуулж байгаа энэхүү хэлэлцүүлгээр мөнгө, санхүүгийн ойрын болон хэтийн төлөв, таамаглал, үүсэж болох томоохон асуудлууд, Монгол Улсын эдийн засгийн төлөв, мөнгөний бодлого, инфляцын шинжилгээ, валютын зах, ханшийн бодлого, зээлийн хүү бууруулах зэрэг эдийн засагт үзүүлж буй глобал орчны нөлөөлөл, үр дагаврын талаар хийж байгаа ажлаа нэгтгэн дүгнэж, цаашдын хамтын ажиллагаагаа бүтээлчээр тодорхойлно гэдэгт итгэж байна.
  Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бичил санхүү, итгэлийн зээлийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Цаашилбал олон улсад ядуурлыг бууруулах чиглэлээр мөнгө санхүүгийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлагуудыг нэвтрүүлэх, мөнгөний бодлогыг хүнд, бодит эдийн засагт илүү наалдацтай болгоход чиглэсэн томоохон бодлогын шинжилгээ хийх, валютын дотоод захын журмыг өөрчилж шинэчлэх, валютын захын үйл ажиллагааг илүү нээлттэй, тогтвортой, хариуцлагатай болгох зэрэг сэдвээр та бүхэн үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэж байна” гээд хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
 Дараа нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мөн үг хэллээ. Монголбанк эдийн засгийн сэргэлт, түүний хүртээмжтэй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, макро эдийн засгийн тогтвортой байдал, сэргэлт хангагдаж, зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь Засгийн газар, Хөгжлийн банк, Монголын Ипотекийн Корпораци болон бусад хувийн секторын гадаад зах зээлээс эх үүсвэр бүрдүүлэх хүү бага байх, валютын дотогшлох урсгал нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн болохыг дурдлаа. Монголбанкны валютын зах дэх оролцоо богино хугацааны хэт огцом хэлбэлзэлийг бууруулах, валютын ханш суурь нөхцөлтэй нийцтэй түвшинд байлгахад чиглэгдэнэ гэдгийг тэрбээр хэлэв. Нэг талдаа эдийн засгийн дархлааг хангах, эмзэг байдлыг бууруулах, нөгөө талдаа ханшийн хэт өндөр хэлбэлзэлийг бий болгохгүй байх зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд Монголбанкны бодлого чиглэж байгаа аж.
    Монгол Улс Ази тивийн улсуудаас хамгийн түрүүн активын чанарын үнэлгээ /AQR/-г хийлгэсөн орон болсныг Н.Баяртсайхан ерөнхийлөгч онцлон танилцууллаа. Активын чанарын үнэлгээний болон холбогдох бусад арга хэмжээний үр дүнг үндэслэн Монголбанкнаас төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Энэ төлөвлөгөөнд активын чанарын үнэлгээний үр дүнг банкуудын тайланд тусгах, чанаргүй активыг шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох, банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай буюу дахин хөрөнгөжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх зэрэг ажлууд хийж байгаа гэв. Эрүүл банкны салбартай байх нь эрүүл санхүүгийн салбар бий болгож, улмаар эдийн засгийн эрүүл суурь бүрдүүлдэг тул Монголбанкнаас 2019 онд банкны салбарт хийж буй ажлуудыг үргэлжлүүлнэ гэлээ. Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг сайжруулах талаар эрчимтэй ажиллахаар төлөвлөөд байгааг тэрбээр дурдсан.
 Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, эдийн засгийн хэтийн төлөв болон судалгааны ажлуудын үр дүнгээ олон нийтэд хүргэх зорилгоор жил бүр “ТинкБанк” хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа аж. Энэ жилийн хувьд “Тинкбанк 2019-Мөнгө, санхүүгийн орчин” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд эдийн засаг, санхүүгийн орчинд гарч буй өөрчлөлт, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд учирж буй сорилтууд, шийдвэрлэх арга замыг олох, нэгдсэн ойлголттой болоход энэ арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа Монголбанкны ерөнхийлөгч илэрхийлсэн. Төгсгөлд нь тэрбээр эдийн засгийн тогтвортой байдалд тулгамдаж байгаа асуудал, сорилтууд болон шийдвэрлэх арга замын талаар оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүслээ.
  Хэлэлцүүлэгт эхлээд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа “Эдийн засгийн төлөв, мөнгөний бодлого” сэдэвт (бүрэн эхээрээ) илтгэлээ  мөнгөний бодлого, эдийн засгийн сэргэлт, гол үзүүлэлтүүд, эдийн засгийн төлөв гэсэн хүрээнд танилцуулав. Монголбанкнаас 2016 оны 08 дугаар сард бодлогын хүүг өсгөөд мөн оны 12 дугаар сараас эдийн засгийн төлөв байдал, инфляцийн зорилтот түвшин, хэтийн төлөв, гадаад эдийн засгийн орчны төлөв гэх зэрэг холбогдох хүчин зүйлсийг харгалзан үзэж мөнгөний бодлогын хүүг шат дараалалтайгаар бууруулсан байна. Үүний зэрэгцээ хэрэглээний зээл болон валютын ханшийн эрсдэлтэй зээлүүд дээр арга хэмжээ авах зэргээр макро зохистой бодлогын арга хэмжээнүүд 2018 оноос хэрэгжиж эхэлсэн гэдгийг илтгэгч дурдав. Мөн мөнгөний бодлогыг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байдлаар хүргэхэд ихээхэн анхаарал хандуулан ажилласан тодорхой үр дүнтэй байсан талаар танилцуулж байлаа. Мөнгөний бодлого нь бодлогын хүү, макро зохистой бодлого, олон нийттэй харилцах гэсэн гурван тулгуурт хэрэгсэлтэй хэрэгжжээ. Бодлогын хүү нь санхүүгийн зах зээлийн жишиг хүүг тогтоох, зээл, хадгаламжийн хүүг бууруулах, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг агуулж байгаа бол макро зохистой бодлогын хүрээнд санхүүгийн нөөцийн хуваарилалтад нөлөөлөх, бизнесийн зээлийг нэмэгдүүлэх, өрхийн өрийн дарамтыг бууруулах зорилготой гэв. Үргэлжлүүлэн тэрбээр мөнгөний бодлогын зорилт, тулгамдсан асуудлын талаар болон эдийн засгийн сэргэлт, мөнгөний бодлогын нөлөөллийн танилцууллаа.
Инфляцийн тухайд хэд хэдэн онцлох хэд хэдэн зүйл байгааг хэлсэн. 2016 оны сүүлийн хоёр улирлыг дамжсан дефляци ямартай ч сэргэсэн бөгөөд эдийн засаг агшилтаасаа өсөлтийн мөчлөг рүү орсонтой холбоотой гэлээ. Эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор инфляци зорилтот түвшиндээ хүрсэн боловч анхаарах нийлүүлэлтийн шинж чанартай хүчин зүйлс бий. Үүн дотор эрэлтийн шинжтэй дарамтыг нь авч үзвэл сүүлийн хоёр жилийн туршид 3,7-4,5 хувь орчимд хэлбэлзэж байгаа бол үлдсэн 4 орчим хувийн хэлбэл нь мах, хатуу түлш, нефтийн дотоодын болон дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзэл зэрэг гурван зүйлээс гол хамааралтай байсан аж. Цаашид инфляцид эдийн засгийн сэргэлт, төсөв мөнгөний бодлогын арга хэмжээ, төгрөгийн ханшийн дамжих нөлөө, дэлхийн зах зээлийн нефтийн үнэ, цалингийн өсөлт, төрийн зохицуулалттай үнэ, цаг агаар болон бусад нийлүүлэлтийн хүчин зүйлс нөлөөлнө гэдгийг илтгэлд дурдаж байсан.
Түүнчлэн цаашид анхаарах асуудлуудын талаар илтгэлийн төгсгөлд онцолсон. Гадаад сектор дээр импортын орц өндөр, гадаад өр, хүүгийн төлбөр, ногдол ашиг, импортын үйлчилгээний төлбөр зэрэг өндөр байгаа. Бодит секторын тухайд эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, ингэснээр иргэдийн орлогыг үнийн дарамтгүйгээр өсгөх, инфляцийн дарамтгүйгээр бодит орлого өсөлтийг бий болгох, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтууд шаардлагатай гэлээ. Төсвийн секторт гадаад өрийн дарамт буурах шаардлага бий бөгөөд Сангийн сайд өрийн хэмжээг 40 орчим хувьд бууруулсан тохиолдолд эдийн засагт хүчтэй дарамт учруулахгүй байх гэсэн мэдэгдлийг хийсэн гэлээ. Санхүүгийн салбарт банкуудын эрсдэл даах чадварыг хамгаалах, зээл олгох үйл явцыг тогтвортой болгох шаардлага бий гэлээ. Энэ нь Төв банкны үндсэн зорилтын нэг үзүүлэлт бөгөөд эдийн засгийн цаашдын тогтвортой байдалд бодит нөлөө үзүүлэх юм гэдгийг Б.Баярдаваа дарга илтгэлийнхээ үеэр хэлж байв.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин Монгол Улсын валютын зах зээлийн онцлог, өнгөрсөн 3 жилийн валютын зах зээлийн нөхцөл байдал, Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, цаашид хүлээгдэж буй сорилтууд агуулгатай “Валютын захын нөхцөл байдал, Төв банкны оролцоо” сэдэвт илтгэл (бүрэн эхээрээ) танилцуулсан. Монгол Улсын хувьд валютын ханшийг тодорхойлох суурь хүчин зүйл нь урсгал дансны алдагдал байсаар байгааг холбогдох тоон үзүүлэлтэд тулгуурлан дэлгэрэнгүй тайлбарлав. Сүүлийн 10 жилд Монгол Улсын эдийн засаг урсгал дансны алдагдалтай явж иржээ. Худалдааны данс ашигтай байгаа боловч өмнөх танилцуулга дээр дурдсанчлан үйлчилгээний болон анхдагч орлогын дансны алдагдал өндөр, цаашид хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа нь урсгал дансны алдагдалд гол нөлөө үзүүлж байгаа аж. Сүүлийн 15 жилийн хугацаанд төгрөг ам.долларын эсрэг ердөө гурван жил чангарч, үлдсэн 12 жилд нь суларч байжээ. Тодруулбал, дэлхийн зах зээл дээр манай улсын экспортын гол түүхий эд болох зэс, алтны үнийн өсөлттэй байсан 2006 онд 5 хувь, Оюутолгойн  гэрээ байгуулсан 2010 онд 13 хувь, эдийн засгийг тогтворжуулахаар Монголбанк, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд  2017 онд 2.5 хувиар төгрөг ам.долларын эсрэг тус тус чангарч байжээ. Суларсан үзүүлэлтийг дундачлан тооцвол жилд 8 орчим хувь байсан гэлээ. 2018 онд төгрөг ам.долларын эсрэг 8.9 хувиар суларсан нь гадаад, дотоодын олон хүчин зүйлсээс шалтгаалсан гэдгийг Төв банкны зүгээс тухай бүрт нь танилцуулж байсныг илтгэгч дурдаж байлаа. Валютын үнэ бол эрэлт, нийлүүлэлт, хүлээлтээс хамаарч хэлбэлздэг бөгөөд манай улсын хувьд валютын орлого цөөн тооны түүхий эдийн экспортоос шалтгаалдаг гэлээ. Монгол Улсын нийт экспортын 90 орчим хувийг эрдэс баялгийн экспорт эзэлдэг төдийгүй цөөн тооны аж ахуйн нэгж үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай байдаг онцлогтой аж. 2018 онд гадаадын 1.9 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсад хийгдсэний 1.5 орчим тэрбум ам.доллар нь Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотой байгааг хэллээ. Экспортын орлого, хөрөнгө оруулалт гээд аль аль талдаа Монгол Улсын валютын орлого цөөн төрлийн түүхий эд, тодорхой тооны аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас хамааралтай байдаг онцлогтой ажээ. Харин валютын эрэлт нь олон төрлийн оролцогчийн нөлөөлөлтэй байдгийг илтгэлийн үеэр танилцуулсан.
Үргэлжлүүлэн илтгэгч А.Энхжин валютын захын бүтэц, 2016-2018 оны валютын зах зээлийн нөхцөл байдал болон Монголбанкнаас хэрэгжүүлсэн бодлого, интервенцийн талаар,  валютын зах зээлийн хэтийн төлөвийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран зохион байгуулж буй хэлэлцүүлэгт Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл “Эдийн засгийн төлөв, инфляцийн дүн шинжилгээ” сэдэвт илтгэл танилцуулсан юм. Тэрбээр 2011 оноос хойш хийгдсэн жижиг, дунд үйлдвэрийн түүвэр судалгааг нэгтгэн дүгнэсэн ба бизнес эрхлэгчид бизнесийн орчныг хэрхэн үнэлсэн талаарх дүнг танилцуулж байв. 2018 оны судалгаагаар 1922 бизнес эрхлэгчээс судалгаа авахад 45 хувь нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, 8 хувь нь тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа гэсэн бол үлдсэн 47 хувь нь тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа гэжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бизнесийн сектор нь дээрх хэмжээний албан болон албан бус бүтцээс бүрдэж байгааг хэлж байлаа. Тиймд засаглал, интституцийн реформыг 2019 онд багтаан хэрэгжүүлэх шаардлага байгааг илтгэгч тэмдэглээд, төр ба зах зээлийн харилцаанд чанарын эргэлт хийх зайлшгүй хэрэгцээ бийг цохов. Дээр дурдагдсан үзүүлэлттэй нөхцөлд энэхүү реформыг хийх үндсэн үзэл санаа нь бизнесийн үйл ажиллагааг хэрхэн албажуулах талаар байх ёстой гэлээ. Зөвхөн албан секторт байгаа компаниудтай ажиллах бус, нөгөө талд байгаа зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг албажуулах эрх зүй, эдийн засгийн үйл явцыг реформын гол үзэл санаа болгох нь зүйтэй гэдэг байр суурийг хэлж байв. Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл илтгэлдээ үргэлжлүүлэн эдийн засгийн өсөлтийн тоон үзүүлэлтийг гаргах аргачлалын талаар байр сууриа илэрхийлэн тодорхой саналуудыг хэлж байсан.
  Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой байлгахад тоон болон чанарын анализ хийх нь чухал ач холбогдолтой гэв. 2016-2018 оны улирлуудаар авч үзэхэд өрхийн эцсийн хэрэглээний зардал буурч, сөрөг утгатай байсан гэв. 2016 онд материалаг эргэлтийн хөрөнгийн үлдэгдлийн өөрчлөлт эерэг утгатай ч буурах хандлагатай, 2017 онд аль аль нь эерэг утгатай өсөж байсан ч материалаг эргэлтийн хөрөнгийн үлдэгдлийн өөрчлөлт давамгайлсан гэлээ. 2018 онд харин өрхийн эцсийн хэрэглээний зардал давамгайлсан хандлагатай байсан талаар тэрбээр дурдав. Өрхийн эцсийн хэрэглээний зардлын дифлятор, үндсэн хөрөнгийн хуримтлалын дифляторын хөдөлгөөнийг харахад өрхийн эцсийн хэрэглээний зардлын үед эхний хагас жилийн түвшинд байсан бол үндсэн хөрөнгийн хуримтлалын дифлятор II улирал болон эхний хагас жилд хасах өсөлттэй байсан аж. Эхний гурван улирлын байдлаар эрс өссөн байгаа нь хөрөнгө оруулалтын өөрчлөлтөд үнийн өсөлтийн нөлөөлөл их өндөр байсны илэрхийлэл гэлээ. 2018 оны сүүлийн улирал болон жилийн дүнгээр дээрх хоёр дифляторын өсөлт нэмэгдэж жилийн эцсээр 5.6 ба 11 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт биет байдлаар нэмэгдэхээс гадна үнийн өсөлтийн нөлөө их байсан байна. Өрхийн эдийн засгийн эцсийн хэрэглээний зардлын өсөлт өрхийн орлогын өсөлтөөс зарим улиралд өндөр байх хандлагатай байжээ. Түүнчлэн холбогдох үзүүлэлтийн тооцооллын аргачлалын талаарх байр сууриа С.Дэмбэрэл захирал илэрхийлж байсан. Өмнөх жилүүдээс харахад Монгол Улс эдийн засгийн хэлбэлзэлтэй үед хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ, бодлого тодорхойгүй байдгийг шүүмжилж байв.
Нэн тэргүүнд валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын оролцоо, үүрэгтэй байх ёстой бөгөөд хариуцагч нь тодорхой, бодлого болон хэрэгжилтийн түвшинд бодитой ажил хийх шаардлагатай хэмээн хэлж байсан
. Төгсгөлд нь Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл “Эдгээр илтгэлүүд, хэлэлцүүлгийн үр дүнгээр Улсын Их Хурал, тэр дундаа Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой болгох чиглэлээр Засгийн газарт хандсан шийдвэр гаргах нь ач холбогдолтой” гэсэн.
    “Тинкбанк 2019-Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлгийн дараагийн илтгэгч нь Глобал эдийн засгийн хүрээлэнгийн захирал Р.Амаржаргал байв. Тэрбээр “Гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө, нэвтрүүлэхэд тохиолдох эрсдлийг бууруулах арга зам” сэдэвт илтгэл танилцуулсан юм. Илтгэлийн сэдвээр томоохон судалгаа хийгдсэн бөгөөд түүнээс өнөөгийн нөхцөлд танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн хүрээндээ сэдвүүдийг хөндөж байгаагаа илтгэгч хэлж байсан. Хэдий чухал, ач холбогдолтой сэдэв хэдий ч манай улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгаа чамлалтай байдаг учраас нэн тэргүүнд үүнийг анхаарах, шаардлагатай мэдээллийн иж бүрэн датаг бүрдүүлэх нь чухал гэлээ. Банкны салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх тодорхойлолтыг гаргаж, ойлголтоо нэгтгэх шаардлага бий гэдгийг илтгэлийнхээ явцад тэрбээр хэллээ.
Тодруулбал, банкны систем дэх нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 44.6 хувь нь гадны хөрөнгө, системийн нөлөө бүхий банкууд дахь гадны хөрөнгө оруулалт нь 43.6 хувь байгаа. Гадны банкууд манай улсад орж ирсэн төдийгүй үйл ажиллагаа явуулаад байгаа гэж харж болохоор байгааг хэлж байсан.
Энэ дунд гадаадын төрийн өмчийн оролцоотой банкны асуудлыг нарийвчлан үзэх шаардлага бий гэдгийг дээрх судалгааны дүгнэлтэд дурдсан байна.
    Түүнчлэн гадны банкуудын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зорилго нь цаашдаа судалгааны томоохон, чухал сэдэв гэдгийг Р.Амаржаргал илтгэгч тодотгож байсан. Онолын түвшинд хаа хаанаа үүнийг гадарлах хэдий ч яг манай нөхцөлд ямар байх вэ, нөлөөлөл нь хэрхэн илрэх зэргийг судлах нь зүйтэй гэлээ. Глобал эдийн засгийн хүрээлэн “Гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө, нэвтрүүлэхэд тохиолдох эрсдлийг бууруулах арга зам” судалгааныхаа хүрээнд дотоодын банкны чадавх сулрах эсэх, хэрэглэгчээ сорчлох эсэх гээд 16-24 шалгуураар эрсдлийн үнэлгээ хийсэн байна. Ямартай ч дээрх үнэлгээг хийснээр өнөөдрийн нөхцөлд боломж нь эрсдлээсээ бага юм байна гэдэг дүгнэлт гаргасан гэв. Тодруулбал, өнөөдрийн нөхцөлд гадаадын банк санхүүгийн байгууллага манай улсад орж ирснээр боломжийг үүсгэхээсээ илүү эрсдэлтэй гэдэг дүгнэлт гарсан гэв. Үүнд үндэслэн гадны банкуудын манай банкны салбарт нэвтэрч буй хэлбэрүүдэд түлхүү анхаарах, тодорхой зохицуулалт хийх хэрэгтэй гэв. Дээрх судалгааны дүгнэлт, гарсан зөвлөмжийг холбогдох бүх байгууллагуудад хүргүүлсэн болохыг илтгэгч дурдаж байв. Гадаадын банк аливаа улс оронд үйл ажиллагаа явуулах асуудлыг онолын түвшинд эерэгээр тайлбарладаг хэдий ч Монгол Улсын онцлогийг харгалзах нь нэн чухал гэдгийг Р.Амаржаргал захирал онцгойлон хэлж байсан. Бодлогын түвшинд, холбогдох судалгаа тооцоонд үндэслэн, арга замаа нарийвчлан, тусгай мэргэжилтэн боловсон хүчиндээ тулгуурлан үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх шаардлагатай нэн нарийн асуудал болохыг хэлж байсан. Мөн гадны туршлага гэдгээр тодорхойгүй байдлаар мэдээлэл түгээж, түүнийг нэвтрүүлэх, эсвэл шийдвэр гаргалтад жишээ болгон ашиглах нь нэн зохимжгүй. Тодорхой аргачлалаар Монгол Улсын санхүүгийн зах зээлийн үзүүлэлтийг ойрмогхон тооцоолж үзсэн бөгөөд хэвийндээ 200-300 байх ёстой тоон үзүүлэлт ердөө 59 хувьтай гарсан нь  маш хангалтгүй хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар хэлж байв. Нөгөөтэйгүүр манай улсын геополитик хязгаартай бөгөөд үүнийг харгалзах ёстой гэдгийг илтгэгч хэлсэн. Санхүүгийн зах зээл нь хөгжсөн, эдийн засгийн өндөр хөгжилтэй оронд бол гадны банк үйл ажиллагаа явуулахад түүний нөлөөллийн талаар онцлох шаардлагагүй байдаг бол дөнгөж хөл дээрээ зогсох гэж байгаа улс орны хувьд нэн эрсдэлтэй нөлөө үзүүлэх юм байна гэлээ. Нэн тэргүүнд дотоодын санхүүгийн зах зээлийг бойжуулах, тогтвортой өсгөж тэлэх үйл ажиллагаа, арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дүгнэлтийг хэлсэн юм. Үүний тулд төр нь эдийн засгийн активыг өргөтгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай хэмээсэн. Активыг нээлттэй болгох, бизнесийнхэнд орон зайг нь тэлж өгөх, хүртээмжтэйгээр үйл ажиллагаа явуулах активын орон зайг нь тэлэх чиглэлээр Засгийн газар онцгой үүрэгтэйгээр их ажиллах шаардлага бий гэдгийг тэрбээр хэлсэн.
    Ийнхүү дээрх дөрвөн илтгэлийг танилцуулсны дараа хуралд оролцогч оролцогчид илтгэлүүдийн хүрээнд сонирхсон асуултад хариулт авч, санал солилцож, байр сууриа илэрхийллээ. Монгол Улс эдийн засгийн хувьд өөрийгөө тэтгэх арга замыг тодорхойлох нэн чухал шаардлага бий гэдгийг талууд анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг академич Т.Дорж илэрхийлж байв. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол зээлийн хүүг дорвитой бууруулах, итгэлийн банк байгуулах санаачилгад хамтран ажиллах хоёр асуудалд Монголбанкны зүгээс анхаарал хандуулах хүсэлтээ хэлж байв. Хөрөнгийн үйлчилгээний активыг боловсронгуй болгох замаар Монгол Улс 2020 онд актив, пассивын дансыг байгуулах шаардлагын талаар Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл хэлж, зарим зүйлийг холбогдох албан тушаалтнуудаас тодруулсан юм.
Үргэлжлүүлэн Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир “Тэнцвэрт хүүний түвшинг үнэлэх нь”,  Монголбанкны Судалгаа, статистикийн газрын Судалгааны хэлтсийн захирал Л.Даваажаргал “Бизнесийн мөчлөгийг тодорхойлох нь”, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч Б.Дуламзаяа “Монгол Улсын экспорт, импортын эрэлт: орлого болон үнээс хамаарах мэдрэмж”, Монголбанкны Судалгаа, статистикийн газрын эдийн засагч С.Билгүүнзул “Финтекийн хөгжил, эрх зүйн зохицуулалт: олон улсын туршлага” сэдэвт илтгэлийг тус тус танилцуулсан.
Дээрх дөрвөн илтгэлийн хүрээнд оролцогчид холбогдох тодруулга хийж, тодорхой саналуудыг хэлсний дараа хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэллээ. Улсын Их Хурлын Эдийн засаг, Төсвийн байнгын хороодоос өнөөдрийн хэлэлцүүлэгт илтгэл тавьсан дээрх найман сэдвийн хүрээнд Монголбанк, Сангийн яамтай хамтарч эдийн засгийн гол асуудлуудыг эрдэмтэн, судлаач, бизнес эрхлэгчид зэрэг талуудын оролцоотойгоор тогтмол хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа талаар тэрбээр хэлсэн. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах, худалдааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага бий гэдгийг тэрбээр онцолж байв. Төрийн байгууллагууд судалгааны институцийг бэхжүүлэн үйл ажиллагааг эрчимжүүлэн бодлого боловсруулах үйл ажиллагаанд өргөнөөр ашиглаж байх нь чухал ач холбогдолтойг Б.Баттөмөр гишүүн хэлээд, өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд Байнгын хорооны тогтоол боловсруулан, батлах болно гэдгийг хэлсэн. Ийнхүү Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран “Тинкбанк 2019-Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлэг өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

URL:

Сэтгэгдэл бичих