Хятад-Солонгосыг K-Pop хамтлаг эвлэрүүлнэ
БНХАУ-ын концертын промоутерууд Өмнөд Солонгосын поп оддыг эх орондоо тоглуулах зөвшөөрөл авах арга сүвэгчилж байгааг эх сурвалжууд уламжлав. Уг мэдээлэл нь хоёр орны хүйтэн харилцаа бүлээсэж болзошгүй дохио юм.
Өмнөд Солонгос 2016 онд БНХАУ-ын эсэргүүцлийг үл харгалзан нутаг дэвсгэртээ АНУ-ын пуужин эсэргүүцэх систем байршуулахаар зөвшөөрснөөс хойш Бээжин, Сөүлийн харилцаа хурцадсан юм. Тэр цагаас хойш Өмнөд Солонгосын оддын дотроос нэг ч хүн БНХАУ-д тоглолт зохион байгуулаагүй юм. Засгийн газар виз олгохгүй нь тодорхой байсан тул Хятадын промоутерууд ч Солонгосын оддыг хоёр жил гаруй уриагүй юм.
Дөнгөж саяхнаас ийм виз хүссэн мэдүүлэг гарч эхэлснийг улс төрийн эмзэг сэдэв хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж мэдээллээ. Оддын визийн мэдүүлэгт БНХАУ-ын Соёл, Жуулчлалын Яам зөвшөөрсөн хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байна.
АНУ-ын Billboardд багтсан Өмнөд Солонгосын анхны хамтлагаар 2018 онд тодорсон BTS зэрэг одод БНХАУ-д концерт тоглох зөвшөөрөл авч чадахгүй хэдэн жилийн нүүр үзсэн. Шалтгаан нь Хятад дахь Өмнөд Солонгосын бизнесийг эсэргүүцсэн өргөн хүрээтэй кампанит ажил болоод байна. Харилцаа хурцадсанаас Өмнөд Солонгосын бизнесийг олон тэрбум ам.доллараар Хятадын тал хохироогоод байгаа юм.
Мөн Хятадын стриминг үйлчилгээнүүдэд Солонгосын телевизийн драм гарах нь багассаар огт алга болсон.
Харин энэ удаад байдал өөрчлөгдөх найдвар байна. “Ард түмэн бэлэн болж байгаа”-г Хятадад төвтэй дуу хөгжмийн промоутер компани Split Works-ын захирал Aрчи Хамилтон илэрхийлсэн юм. Тэрбээр “Бөөн мөнгө гэсэн үг” хэмээн нэмж тайлбарлав.
BTS-ийн менежмент хариуцсан Big Hit entertainment компани тайлбар хүссэн хүсэлтэд хариу өгөхөөс татгалзлаа. Факсаар илгээсэн хүсэлтэд БНХАУ-ын яам ч хариу өгсөнгүй.
Пуужин эсэргүүцэх THAAD системийг нутагтаа байршуулах Өмнөд Солонгосын шийдвэрт хилэгнэсэн Хятадын уур хилэн тун өндөр өртөгтэй туссан. Хятадын агентлагууд Өмнөд Солонгосын групп жуулчдын аялал зохион байгуулахаа ч бүрэн зогсоосон. БНХАУ дахь Өмнөд Солонгосын жижиглэн худалдааны аварга Lotte Group-ийн үйл ажиллагааг галын аюулгүйн журам зөрчсөн шалтгаанаар хүртэл түр зогсоов. Мөн Хятадын стриминг үйлчилгээнүүдэд Солонгосын телевизийн драм гарах нь багассаар огт алга болсон.
Хятадын уур хилэн Азийн арай жижиг хөршийнх нь эдийн засгийн өсөлтийг 2018 онд 0.4 хувиар арагш чангаасныг Өмнөд Солонгосын төв банк тооцоолжээ.
Өмнөд Солонгосын хувьд БНХАУ нь Японы дараа хоёрдугаарт ордог гол гадаад зах зээл нь. Өмнөд Солонгосын дуу бичлэгийн үйлдвэрлэл 2016 онд БНХАУ-д 96 сая ам.долларын ашигтай ажилласныг Солонгосын статистикийн албаны мэдээллээс үзэж болно.
Мөс хайлах шинж ороод удаагүй байна. Гэхдээ групп жуулчдад тавьсан хоригийг 2018 онд хэсэгчлэн цуцалсан ба Өмнөд Солонгосын драмууд телевизээр дахин гарч, К-Pop оддын дууг Хятадын стриминг үйлчилгээгээр сурталчлах болов.
Уран бүтээлчдийн хувьд аялан тоглолт нь дууны бичлэгээс илүү орлоготой байдаг. Billboardын жагсаалтад багтсан Өмнөд Солонгосын анхны хамтлаг–BTS сүүлийн аялан тоглолтоосоо 40 сая ам.долларын ашиг олжээ.
Солонгосын олон уран бүтээлч Хятадад тоглох хүсэлтэйг Бээжинд төвтэй промоутер Мodern Sky Entertainment-ийн агент Жордан Корсо тайлбарлав. “Дэндүү том зах зээл шүү” хэмээн тус агент онцолж байлаа.
“Засгийн газрын мэдээ” сонин
URL: