Б.Эрдэнэбат: Дүүгийн минь үхэл золгүй мэтээр дарагдаад өнгөрөөсэй гэж бодохгүй байна

25

Дорноговь аймгийн Зүүнбаянд байрлах, хурандаа Д.Өлзийбаяр ахлагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч нэгдүгээр сарын 22-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач Б.Алтантулга нь 18 настайдаа буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ны өдөр тус цэргийн ангид татагдан очжээ. Гэвч тэрээр 19 насандаа зуурдаар нас барсан юм. Үеийнхнээсээ хамгийн түрүүнд цэргийн алба хааж байгаа найзаараа бахархсан хөвгүүд Эрдэнэтийн төв талбайгаас дүүг нь үдэж өгч байсан тухай төрсөн ах Б.Эрдэнэбат нь ярилаа. Түүнтэй яриллцсанаа хүргэе.


-Тухайн өдөр дүүд тань яг юу тохиолдсон бол…?

-Энэ харамсалтай, гэнэтийн уйтай мэдээг бидэнд 0336 дугаар цэргийн ангийн штабын дарга н.Баяраа гэдэг хүн нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө хэлсэн. Энэ тухай сонсоод Эрдэнэтээс Дорноговь аймгийн Зүүнбаянд байрлалтай цэргийн анги руу нь шууд хөдөлсөн. Тэр цэргийн анги нь дотроо камертай юм билээ. Тухайн өдөр болсон үйл явдлын зарим нь бичигдэн үлдсэн байсан. Нэгдүгээр сарын 22-ны 14 цагийн үед нийт 17 цэрэгт бүгдэд нь хөнжил дэвсгэрийг нь үүрүүлээд ангиас нь гаргасан нь камерын бичлэгт үлдсэн байсан. Харин 16 цаг дөнгөж өнгөрч байхад цэргүүд буцаж орж ирсэн. Энэ хугацаанд юу болсныг мэдэхгүй. Тэднийг гадаа хэрхэн тамласан нь тодорхойгүй байгаа. Ингээд дүү маань дөнгөж өрөөндөө орж ирчихээд малгайгаа тайлж өлгүүрт өлгөсөн боловч нимгэн цэргийн кителиэ тайлж ч чадалгүй хойшоо дайван уначих гээд байгаа дүрс камерт бичигдэн үлдсэн байсан. Энэ үед нэг цэрэг хойноос нь тэвэрч аван орон дээр нь хэвтүүлснийг бичлэгээс харж болно. Гэхдээ яг хэвтүүлсэн хэсэг нь камерын бичлэгт тусдаггүй юм билээ. Дүүг орон дээр хэвтүүлснээс хойш таталт өгөөд цаг гаруй хугацаа өнгөрсөн нь мөн л бичлэгт бий. Эхлээд цэргүүд тоохгүй хажуугаар нь яваад л байсан. Сүүлдээ дүүгийн минь зүг рүү хараад, очицгоосон. Тэднийг очих үед дүү минь аль хэдийнэ нас барсан байсан гэсэн.

-Камерын бичлэгтэй хэн танилцуулсан юм бэ?

-Тухайн үед тэр бичлэгийг нь үзье, яагаад үзэж болдоггүй юм гэж зүтгэж байж л үзсэн. Гэхдээ заримыг нь үзүүлээгүй. Энэ үеэр дүүгийнхээ нас барсан зургийг авч чадсан учраас өнөөдөр буруутай хүмүүс нь бодит үнэнтэй нүүр тулж байна. Хэрэв зураг байгаагүй бол урьд өмнө нь гадны нөлөөгүй гэж хаагдсан хэргүүд шиг хэн ч хариуцлага хүлээлгүйгээр мартагдах байлаа.

-Яагаад тэр даруйд нь эмнэлгийн туслалцаа үзүүлээгүй юм бол?

-Зодож, тамласан гэдгээ нуух гээд л дуудаагүй байх. Эхний дүгнэлтээр гаднаа ил шарх сорвигүй гэж гарсан. Гэвч үнэндээ дүүгийн минь бие битүү шарх болсон байсныг цогцостой танилцах үеэрээ харсан.

-Хэзээ цогцсыг нь харсан юм бэ?

-Нэгдүгээр сарын 23-ны үүрийн таван цагийн үед очиход биднээс шууд байцаалт авсан. Үүнийхээ дараа талийгаачийн цогцсыг харахыг зөвшөөрсөн юм. Тэгэхэд нуруу хэсгээрээ битүү цус хуралттай, уруул нь дотроо язарч, гарны бугуй нь зулгарч, хөлийн дотор талын эрээн булчин хөхөрчихсөн байсан. Бас нурууны хэсэгт жижиг жижиг зүсэлттэй байсан нь ажиглагдсан.

-Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар ямар ч цогцос удаад ирэхээр өнгөн хэсэгтээ яг цохиулж хөхөрсөн мэт толботой болдог гэсэн. Дүүгийн тань бие дээр үүссэн хөхрөлт хүүрийн толбо байж болох уу?

-Ийм байх боломжгүй. Хүмүүсийн хэлээд байгаа хүүрийн толбо нь огт өөр байдаг. Үүнийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаад, миний дүүгийн бие дээр үүссэн хөхрөлттэй харьцуулаад тавьчихсан байсан. Дүүгийн минь нуруун дээр үүссэн хөхрөлт цус хуралттай, тэр нь суга руугаа орчихсон ором бий. Үүнийг эхний гаргасан гэх дүгнэлтээр ил болгоогүй. Гадны ямар ч нөлөөгүй, ил шарх сорвигүй гэсэн. Цогцсыг өнгөцхөн харсан хүн ч мэдэхээр ил шарх, сорвитой байхад худлаа дүгнэлт гаргасан. Бие дээр нь үүссэн хөхрөлтийг дарж үзэхэд цайрахгүй байсан. Тэгэхээр хүүрийн толбо биш, цус хуралт гэсэн үг шүү дээ. Эдгээр шарх сорви нь миний дүүг үхэлд хүргээгүй байж болно л доо. Гэхдээ бид гомдолтой байгаа. Ингэж худал хэлсэн шалтгаан нь хэн нэгэн хүнийг хамгаалахын тулд хийсэн үйлдэл гэж бодож байна.

-Цогцсыг задланд оруулчихаад тэр даруйд нь ачаад аваад явсан юм уу?

-Дорноговьд очиход аль хэдийнэ задлан шинжилгээнд оруулчихсан байсан. Цогцост задлан хийхдээ биднээс зөвшөөрөл ч аваагүй. Уг нь биднийг очтол гар хүрэхгүй байлгах ёстой юм шиг байна лээ. Гэвч аль хэдийнэ шинжилгээ авчихсан, задланд оруулсан байсан. Тэгэхээр нь учраа олохгүй “Одоо бид яах вэ” гэтэл хэргийг шалгаж байсан байцаагч н.Батцогт “Одоо яадаг юм. Шарилаа ачаад явахгүй юу”гэсэн.

-Цэргүүд тодорхой хэмжээнд ачаалал даах чадвартай байх ёстой. Ер нь талийгаачийн биеийн хөгжил, ачаалал даах чадвар нь ямархуу вэ?

-Манай дүү хэдэн километр гүйгээд, цохиулахад үхчихмээр туниа муутай хүүхэд биш. Багаасаа гүйлт, гимнастик, бүжгээр хичээллэж байсан. Амьсгаа нь задарчихсан хүүхэд. Бүр жүдо бөхөөр хичээллэдэг, биеийн хөгжил сайтай. Хэрэв ийм биш байсан бол анх цэргийн албанд татагдах биеийн үзлэгээр мэдэгдэнэ шүү дээ. Эрүүл мэнд, нарийн шинжилгээгээр ороход бүх зүйл нь эрүүл чийрэг, биеийн хөгжил сайтай гэж тодорхойлогдон тэнцээд л цэрэгт явсан.

-Магадгүй гүйгээд бахардсан нь үхэлд нь нөлөөлсөн байж болох уу?

-Үүнийг сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тухайн үед гүйлгэчихээд дэглэсэн. Үүнийг дэглэлт биш, яргалал гэж хэлмээр байна. Ачаатай гүйлгэсний дараа галуун цуваагаар цэргүүдийг явуулсан гэж хэлж байна лээ. Хөнжил, дэвсгэртэйгээ галуун цуваагаар явах маш хэцүү байсан гэдгийг тэнд хамт дэглүүлсэн цэргүүд нь хэлсэн. Ямар сайндаа өвдөглөөд суухад нь “баашиллаа” гээд зодсон гэсэн. 18-хан настай хүүхэд ачаа үүрч гүйгээд, дэглүүлчихээд амьсгаадчихсан байхад нь нэмж зодохоор бүрэн ч амьсгалж чадахгүй шүү дээ.

-Хамт байсан цэргүүдтэй нь уулзсан юм уу?

-Сайн ярилцаж чадаагүй ч зодсон гэдгийг нь бүгд хэлж байна лээ. Үүнээс өмнө ч гэсэн дэглэлтээс болоод асуудал үүсч байсан. Аравдугаар сарын 20-нд цэрэгт татагдсан. Арваннэгдүгээр сарын 25-нд тангаргийн баяр болсон. Тэр үед дүү минь “Цэргийн ангид дэглэлт их, зодож байна. Намайг эндээс гаргаад аваач” гэж ээждээ хэлсэн байдаг. Зодуулж тамлуулсан болохоор л ээждээ ингэж хэлсэн байх. Түүнээс биш эрүүл, чийрэг биетэй биеийн хөгжил сайн хүүхэд хэзээ ч ингэж хэлэхгүй шүү дээ.

-Тангаргийн баяраар хэн хэн очсон бэ?

-Гэр бүлийнхэн болон эмээ нь очсон. Дүү маань эмээдээ “Эмээ минь хамаагүй зүйл ярьж болдоггүй юм. Цэргийн нууц шүү дээ” хэмээн ганц ч зүйл хэлээгүй. Хүү маань бүх зүйлийг нуусан шалтгаан нь дарга нарынхаа үүрэг даалгаврыг биелүүлэх гэсэндээ л тэр байх.

-Цэргүүдийг ер нь ямар буруу зүйл хийсэн гэж хөнжил дэвсгэрийг нь үүрүүлэн гүйлгэсэн юм бэ?

-Нэг цэргээс нь гар утас олдсон гэсэн. Тийм болохоор хүүхдүүдийг салаагаар нь дэглэсэн. Ер нь нэг цэрэг буруу зүйл хийхээр нийтээр нь шийтгэдэг юм шиг байна лээ.

-Цэргийн ангид хүний эрх чөлөөнд халдсан тохиолдлууд их гардаг гэж сонссон. Дүүгээ нас барснаас хойш энэ талаар тодорхой мэдээ баримт олж сонсов уу?

-Зөндөө бий. Энэ хэрэг болж өнгөрсний дараа манай гэр бүлтэй холбогдож цэргийн амьдралын бодит үнэнийг ярьсан хүмүүс олон бий. Ер нь аливаа буруу үйлдлийг жаахан гэлтгүй нууж дарагдуулаад байгаа нь хүний аминд хүрч байна шүү дээ. Энхийн цагт эр цэрэг нь дайн болоогүй байхад цэргийн албанд татагдаж очсоныхоо төлөө зодуулж нас барна гэж юу гэсэн үг вэ. Уг нь цэрэгт татагдаж байгаа хүүхэд бүр эх орноо хамгаалж, эр хүн болно гэсэн хүсэл мөрөөдлөө тээн очиж байгаа шүү дээ. Тиймээс миний дүүгийн хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлээсэй гэж хүсч байна. Дүүгийн минь үхэл золгүй мэтээр дарагдаад өнгөрөөсэй гэж бодохгүй байна. Цаашдаа олон хүүхэд цэргийн албанд татагдана. Тиймээс цэрэг, армийн боловсролын системд өөрчлөлт оруулж, дахин дэглэлт, яргалал цэрэг эрсийн дунд битгий гараасай.

-Дүү тань арван жилээ төгсчихөөд яагаад шууд их сургуульд орчихож болоогүй юм бэ?

-Орчин үед арван жилээ төгсөөд л шууд их сургуульд оюутан болохыг эрмэлздэг хүүхдүүд олон. Гэтэл эсрэгээрээ дүү минь өөрөө эр цэргийн албанд явна гэж зориглон шийдвэр гаргасан. Бүр эх орныхоо хил дээр манаанд гарна гэсэн санааг анх өөрөө гаргасан байдаг. Хилийн цэрэг болох мөрөөдөл нь байсан л даа. Тиймээс эхлээд цэргийн алба хааж, эр хүн болж ирчихээд ирэх жилээс их сургуульд орох бодолтой байсан юм. Цэргийн алба хаана гэдэг нь нэр хүнд, үүргийн асуудал гэж бодон баяртайгаар явсан хүүхэд шүү дээ. Мөн талийгаач маань цэргийн албаа хааж ирчихээд ээжийгээ дулаахан паартай байшинд оруулахын төлөө ажил хийнэ гэж байсан юм. Гэтэл өнөөдөр өөрөө биш шарил, зураг хоёр нь л эргэн ирж байна.

-Ээж нь энэ явдлыг одоо хэр нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гэсэн үү?

-Энхийн цагт хүүхдээ алдчихсан эх хүний сэтгэл ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Дүү маань эхээс гурвуулаа. Айлын хамгийн бага нь. Ээж нь хүүгээ цэрэгт явуулсандаа харамсаад барахгүй байгаа. Одоо хэр нь энэ үйл явдлыг хүлээн зөвшөөрч, итгэж чадахгүй суугаа. Зүв зүгээр, эрүүл саруул хүүгээ эх орноо хамгаалахад бэлтгэгдэн, эр хүн болоод ирнэ гэхэд нь дэмжээд цагаан сүүгээ өргөөд явуулсан хүмүүст үнэхээр хэцүү байна. Хэдхэн сарын дараа шарилыг нь ачаад гэр рүүгээ буцаж ирнэ гэдэг бидний хувьд санаанд буумгүй айхавтар зүйл болж байна даа. Ээж нь хүүгээ цэрэгт явуулчихаад хаалгаа цоожлон “Хүүгээ ирэхээр хамт амьдарна” хэмээн айлд байсан хүн шүү дээ. Гэтэл хүү нь эргэж ирсэнгүй. Төр нь хамгаалж эр хүн болгоно гээд аваад явсан ч шарил болгоод бидэнд өглөө. Тиймээс амийг нь төрөөсөө л нэхнэ.

-Хүсэл мөрөөдлөө тантай ярьж байв уу?

-Ээжтэйгээ их нээлттэй ярилцдаг байсан. Ээж, аавтайгаа нэлээд ойр дотно хүүхэд болохоор мэргэжил эзэмшээд ээжтэйгээ сайхан амьдарна гэдэг байлаа.

-Цогцсыг дахин шүүх шинжилгээнд оруулсан уу?

-Нэгдүгээр сарын 26-ны өдөр дахин шинжилгээнд оруулсан. Хариу нь гараагүй байгаа. Бүр эхний шинжилгээний хариу ч гараагүй. Гэтэл хариу нь гараагүй байхад олон нийтэд гаднаа ил шарх сорвигүй, гадны нөлөөгүй гэж мэдээлсэн. Ер нь анх удаагаа хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байгаагийнх нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Хэрэг явдал болоод ганцхан хонож байхад хууль хяналтын байгууллагынхан хамгийн түрүүнд баяр ёслол болж буй мэтээр худал мэдээлэл өгдөгөө болих хэрэгтэй. Энэ үйл явдал миний дүүгийн хэрэг дээр мөн давтагдсан. Хохирогч гадны нөлөөгүй нас барсан гэж шинжилгээний хариу гараагүй байхад дүгнэж хэлж байгаа нь үнэхээр сэтгэл сэртхийлгэм явдал болсон. Ер нь цагдаагийнхан хэргийг үнэн зөв илрүүлэхийг эрхэм зорилгоо болгодог юм уу, эсвэл хэвлэлийн хурал хийснээ ажил хийсэн мэт үздэг юм уу. Үүн дээр үнэхээр гомдолтой байгаа. Гэхдээ шүүх шинжилгээний дүгнэлтээс үл хамааран зохих хүмүүс нь хариуцлагаа хүлээх ёстой. Учир нь энэ үйл явдлын бодит үнэн бүгд ил тодорхой. Гэрч, бичлэг, мэдэгдэхүйц бие махбодод учруулсан гэмтэл байна шүү дээ.

-Талийгаачийг хэдний өдөр хөдөөлүүлэв?

-Нэгдүгээр сарын 28-ны өдөр хөдөөлүүлсэн. Ажил явдал болсон өдөр Эрдэнэтийнхэн төв талбай дээрээ зул өргөн хүндэтгэл үзүүлсэн шүү дээ.

-Хөдөөлүүлэх үеэр нь цэргийн ангид хамт алба хааж байсан нөхөд нь ирсэн үү?

-Хамт цэргийн алба хааж байсан найзынх нь аав ирсэн. Хүү нь аавдаа “Найзыгаа эцсийн замд нь гаргаж өгч чадахгүй нь ээ. Та найзыг минь хөдөөлүүлэхэд заавал очоод миний өмнөөс салах ёс гүйцэтгээрэй” гэсэн байна лээ. Найзууд нь ирэхэд тэр дунд нэг охин маш ихээр гашуудан нэлээд удаан суусан. Бид бодохдоо талийгаачтай үерхдэг байсан юм болов уу гэж сэтгэл эмзэглэж байсан.

-Хэрэг гарснаас хойш хэсэг хугацаанд гэр бүлийн зүгээс ямар ч тайлбар мэдээлэл хийсэнгүй. Яагаад тайлбар хийсэнгүй вэ?

-Цагаан сарын баяр дөхсөн байсан тул муу мэдээлэл цацаж, хүмүүсийг бараан бодлоор дүүргээд яах вэ гэж бодон тэвчсэн, бас хүлээсэн. Баярын олон хоног уй гашуу дүүрэн хар дарсан зүүд шиг өдрүүд байлаа. Бид холбогдох хүмүүсийг нь уучлалт гуйх болов уу гэж харсан. Энэ хугацаанд зарим хүн “Та нар мөнгө авчихаад дуугүй болчихсон уу” гэж байв. Бидний зүгээс бүх байгууллагуудад хандсан. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комисс, Прокурорын ерөнхий газар, Батлан хамгаалах яаманд болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүртэл хандсан. Бид өнөөдөр нэг хүнээрээ хохироод гуньж, гутраад өнгөрөхгүй. Миний дүүгийн амь үнэ цэнэтэй байгаасай. Цаашид цэргийн алба хаах хөвгүүдийн амь нас миний дүүгийн үхлээр дуусч баталгаатай боловсролын системд шилжээсэй. Эр хүн болгоно гэж авч явчихаад ингэж болохгүй шүү дээ. Уг нь тэнд хөвгүүд эх оронч хүмүүжилтэй, зохих түвшний цэргийн боловсролтой, өв тэгш бие бялдартай болох ёстой.

-Энэ хэрэгт гэм буруутай ямар хүмүүс байна?

-Талийгаачид тодорхой хугацаанд эрүүл мэндийн туслалцаа үзүүлээгүй нь нотлогдчихсон. Өөрөөр хэлбэл, эс үйлдэхүй буюу үйлдэл гаргаагүй үйлдлүүд нь өөрөө талийгаачийн амиа алдахад хүргэсэн. Амь насанд эрсдэл учрахуйц нөхцөл байдалд талийгаачийг удаан хугацаанд орхисон. Тэгэхээр холбогдох хүмүүс нь зүгээр нэг ажлаас халагдаад орхигдохоор зүйл биш. Энэ хүүхдийн сүүдэр нь ч хорвоод байхгүй болчихоод байна. Ямар их мөрөөдөлтэй, эх орондоо үнэ цэнэтэй түүхийг бүтээх байсныг хэн ч таашгүй. Гэтэл дөнгөж өндийж байсан хүүхдийг нэг мөр үгүй хийчихсэн үйлдлийн дэргэд хэдэн дарга нарыг ажлаас халах, өөр газар руу шилжүүлэх нь хариуцлага хүлээж байгаа хэлбэр биш л дээ.

З.СУВД


URL:

Сэтгэгдэл бичих