САМСУНГ КОМПАНИ GALAXY S10 ЗАГВАРЫНХАА ХЭД ХЭДЭН ХУВИЛБАРЫГ ТАНИЛЦУУЛЛАА
iPhone-ий эсрэг анхны Galaxy ухаалаг гар утсаа 10 жилийн өмнө гаргаж байсан Самсунг Электроникс компани өчигдөр Galaxy S10 шинэ загварын хэд хэдэн хувилбарыг танилцууллаа.
Танилцуулах арга хэмжээ Сан Франциско хотын Bill Graham Civic Auditorium танхимд болсон юм. Apple компани олон шинэ бүтээгдэхүүнээ энд танилцуулж байсан түүхтэй.
Самсунгийн S10 загварт энгийн S10, том дэлгэцтэй S10+, хямд үнэтэй S10e, тав дугаар үеийн сүлжээний стандартад нийцсэн S10 5G хувилбарууд багтаж байна.
Өчигдөр бас тус компани Galaxy Fold хэмээх цоо шинэ бүтээгдэхүүн танилцуулсан нь дэлгэгдэхээрээ 7.3 инч дэлгэцтэй таблет болдог нугардаг гар утас байв.
Бүх хувилбар нь Самсунгийн HD Infinity Display дэлгэцтэй. Хэмжээний хувьд S10 нь 6.1 инч, S10e нь 5.8 инч, S10+ нь 6.4 инч дэлгэцтэй.
Харин S10 5G нь 6.7 инч буюу бараг л таблет шиг том юм байна.
S10e хувилбар нь хурууны хээ уншигчийг хажуу ирмэгтээ байрлуулсан бол бусад гурав нь дэлгэцэн дотроо байрлуулжээ.
Үнийн хувьд S10 нь $900, S10+ нь $1,000, S10e нь $750-аас эхэлнэ. Харин S10 5G хувилбарын үнэ тодорхой болоогүй байна.
Энэ удаа Самсунг компани шинэ гар утас худалдаж авах гол шалтгааныг тэдгээрийн камерны технологи, батарейн багтаамж хоёроор үзүүлэхийг зорьсон байна.
Тухайлбал S10, S10+ хувилбарууд тус бүр 12-16 мегапикселийн гурав, гурван арын камертай бөгөөд 123 градусын өргөн өнцгөөр панорам зураг буулгах чадвартай юм байна.
Харин S10 5G хувилбарын дөрөв дэх арын камер нь алслалтыг (depth) мэдрэх зориулалттай. S10+ болон S10 5G хувилбарууд нүүрэндээ хоёр хоёр камертай. Энгийн S10, S10e хувилбарууд нүүрэн хэсэгтээ нэг, нэг камертай, зөвхөн S10e нь ардаа хоёр камертай ажээ.
Дөрвөн хувилбар нь тус бүр 4,500mAh, 4,100mAh, 3,400mAh, 3,100mAh багтаамжтай батарей агуулсан нь бүхэл өдрийн турш нэмж цэнэглэлгүй хэрэглэх боломж олгож байна.
Бүх хувилбар утасгүй цэнэглэгдэх боломжтойгоос гадна нэг нь нөгөөгөө цэнэглэх “PowerShare” горимтой.
Galaxy S10, S10+, S10e хувилбаруудын захиалга өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 21-нд худалдаанд гарна. Урьдчилсан захиалсан хэрэглэгчдэд өчигдөр шинээр танилцуулсан $130-ын үнэтэй Galaxy Buds утасгүй чихэвчийг дагалдуулж өгөх гэнэ.
Харин Galaxy S10 5G хувилбар энэ оны сүүлийн хагаст зөвхөн АНУ-ын Verizon операторын сүлжээнд ажиллахаар худалдаанд гарч, дараа нь зах зээлийн хүрээгээ тэлэх ажээ.
Цоо шинээр зах зээлд гаргаж байгаа Galaxy Fold загварыг Самсунг “тансаг ангилал”-ын төхөөрөмж хэмээн нэрлэсэн нь учиртай.
Учир нь нугарахаараа 4.6 инч, дэлгэгдэхээрээ 7.3 инч дэлгэцтэй болдог энэхүү төхөөрөмжийн эхлэх үнэ $1,980 бөгөөд дээр дурдсан Galaxy Buds чихэвч гурван ширхэг дагалдах юм байна.
Гар утас, таблетын эрлийз Galaxy Fold нь нүүрэндээ нэг, дотор талдаа хоёр, ар талдаа гурав, нийт зургаан камертай.
Анхны нугардаг дэлгэцтэй төхөөрөмж тул худалдаж авах босго өндөр, хэрэглэгчдийн таашаалд нийцэхгүй байх эрсдэл байгаа ч яваандаа энгийн хэрэглээ болох нь тодорхой. Самсунг Электрониксийн ерөнхийлөгч Ко Дон Жин “Суудлын бүсээ зүүгээрэй. Ирээдүйн аялал эхэлж байна” гэж Galaxy Fold-ийг танилцуулахдаа хэлсэн нь үүнийг илэрхийлж байна.
Эх сурвалж: Quartz
URL: