Ухаалаг удирдлагатай, оновчтой бодлоготой орнууд эрчим хүчний асуудлаа шийдсээр байна

Оршил

Газрын тос, цаашилбал эрчим хүчний хангамжийг тойрсон асуудалтай бид өдөр тутмын амьдралдаа байнга тулгарч байна. Бид бол нефтийн импортоос, тэр тусмаа ОХУ гэх ганцхан эх үүсвэрээс бүрэн хараат гэдгийг хүн бүр мэднэ (2010 онд манай улс нефть бүтээгдэхүүний импортод нэг тэрбум шахам ам. доллар зарцуулжээ). Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн аливаа өөрчлөлт, тэр байтугай дам таамаг, хүлээц зэрэг нь манай улсын эдийн засаг, нийгмийн амьдралыг хэвийн голдрилоос гарган савуулж инфляцийг хөөрөгддөг гэдгийг төр, засгийн удирдлагаас авахуулан жирийн иргэн бүгд л хүлээн зөвшөөрдөг.

Тэгсэн атлаа манай төр засаг түүнийг засч залруулах талаар дорвитой бодлого явуулалгүй, хоосон яриа, хий цэцэрхэхээс цаашгүй байсаар байтал бусад орон өөрсдийн эрчим хүчний эх үүсвэрээ хэдийнэ шийдээд эхэлжээ. “Гадны хүчин зүйл” хэмээн суурь шалтгаан, нөхцлийг дорвитой судалж шинжлэлгүй хэн нэгний өмнө “ёстой” мэт үргэлж бөхөлзөн, гуйж царайчилсаар дэлхийн зах зээлийн сөрөг нөлөөг сааруулах, түүнээс сэргийлж чадахуйц иж бүрэн цогц бодлогыг боловсруулж чаддаггүй байдал нь улиг болов. Эдүгээ манай төр засаг хэн ч үнэмшимгүй хоосон тайлбаруудаар бодит байдлыг нуун дарагдуулж, бурууг өөрөөсөө түлхдэг арга тактикийг ашиглах нь хэрээс хэтэрч, бүр дэндэж байна.

Их гүрнүүд энэ зүг рүү хошуурч эхэллээ

Сүүлийн жилүүдэд дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлөх байр суурийг эзлэн ойрын ирээдүйд олон улсын тавцан дахь хүчний баланс, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах нэгэн зүйл хүн төрөлхтний анхаарлыг зүй ёсоор татах боллоо. Асуудлын эзэн нь байгальд харьцангуй элбэг тааралддаг ердийн нэг шатдаг занар. Шатдаг занар бол органик бодисын өндөр агууламж бүхий нарийн ширхэгтэй тунамал чулуулаг юм. Энэ ашигт малтмалыг хүчил төрөгчгүй орчинд маш өндөр температурт нэрж синтетик газрын тос, хий гарган авч болдог, тэр процессыг ритортинг гэнэ.

Түүхий нефтийн оронд шатдаг занар ашиглахын ач холбогдлыг эрт дээр үеэс мэддэг байсан бөгөөд 1970-аад оны эхээр гаарсан нефтийн үнийн өсөлтөөс улбаалан түүнийг олборлож үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд ашигтай болж, улмаар уг салбарт нэлээд хүч хөрөнгө чиглэх болсон. Гэвч 1980-аад оны эхээр Ойрхи Дорнодод газрын тосны олборлолт огцом нэмэгдсэнээр нефтийн зах зээлийн үнэ унаж (15 доллар хүртэл), шатамхай занарын олборлолт, ашиглалт эдийн засгийн хувьд ашиггүй болсноор энэ салбар хумигдсан байна. Харин шинэ зуун дахь нөхцөл байдал шатдаг занарын тухай асуудлыг дахин сөхөхөд хүргэжээ.

Дэлхийд одоогоор занарын 600 орчим ордыг илрүүлээд байгаа. ОХУ-ын академич Э.Волков “Судалгаануудын үр дүнд дэлхийн занарын нөөц 550-630 тэрбум тонн занарын давирхаа буюу синтетик газрын тосыг агуулж байгаа нь тогтоогдсон. Энэ нь эдүгээ дэлхийд илрүүлээд байгаа түүхий газрын тосноос даруй 4 дахин их гэсэн үг юм” гэж тодорхойлжээ. Өнөөгийн байдлаар дэлхийд шатдаг занарын нөөц 650 их наяд тонн, үүнээс 26 их наяд тонн баррель синтетик газрын тосыг гаргаж авах бололцоотой гэж тооцоолсон байдаг.

Шатдаг занарын нөөцийн 60 гаруй хувь нь АНУ-ын нутаг дэвсгэрт оршдог ба зөвхөн Колорадо мужид орших ордууд нь гэхэд л Америк орны эрчим хүчний хэрэгцээг 2120 он хүртэл хангахад бүрэн хүрэлцэх аж. Ази тивд шатдаг занарын нөөцөөрөө БНХАУ (32 тэрбум тн) тэргүүлж, Тайланд (18.7 тэрбум тн) удаалж байгаа бөгөөд барууны нэр хүндтэй эх сурвалжуудад бичсэнчлэн Монголын өмнөд хэсэгт шатамхай занарын нэлээд хэмжээний нөөц байгаа аж. Гэхдээ хэдий хэр хэмжээтэй байгаа талаар мэдээлсэн эх сурвалж олдсонгүй. Зарим нэг эрдэмтдийн хэлснээр манай говьд, бас Төв аймагт нэлээд элбэг байдаг сурагтай.

Эдүгээ түүхий газрын тосны олборлолтоороо ОХУ нэгд (хоногт 10.54 сая баррель), Саудын Араб (хоногт 8.8 сая баррель) хоёрт явж байгаа билээ. АНУ өөрийн шатдаг занарын асар их нөөцөө ашиглаж эхэлснээр хэрэв 2009 онд хоногт 1.95 сая баррель синтетик нефтийг үйлдвэрлэж байсан бол 2011 онд огцом үсрэлт хийж, дээрх тоог 7.8 саяд хүргэж дэлхийд дээрх хоёр орны дараах 3дахь том үйлдвэрлэгч болоод байна. Гоулдман Сакс компанийн мэдэгдсэнээр 2017 он гэхэд АНУ өдөрт 10.9 сая баррель нефть үйлдвэрлэн Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ.  АНУ эрчим хүчний импортдоо жилд 300 орчим тэрбум доллар зарцуулдаг. Шатдаг занараас нефть гаргах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр 2020 он гэхэд энэ орон Ойрхи Дорнодын газрын тосноос огтхон ч хамааралгүй болох тооцоо байна. Үүнд 2005 онд АНУ-ын Конгрессоос шинэчлэн баталсан Эрчим хүчний тухай хууль маш том үүрэг гүйцэтгэжээ. Уг хуулийн 369-р зүйлийн дагуу АНУ-ын засаг захиргаа шатдаг занарыг аж ахуйн эргэлтэд бүрэн оруулах, стратегийн түлш болгохтой холбоотой асуудлаар гарах шийдвэрийн төслийг энэ онд Конгресст өргөн барих ёстой. Энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг дэлхий даяараа чих тавин хүлээж сууна.

Газрын тосны олборлолтыг өсгөсөн ч үнэ нь буухгүй

Газрын тос, эрчим хүч үйлдвэрлэдэг дэлхийн томоохон компаниуд сүүлийн жилүүдэд уламжлалт бус эрчим хүчний салбар руу хуйлрах болсон. Хэдэн жишээ дурдахад, “Эксон”, “Шелл”, “Шеврон” гэх аварга компаниуд өөрийн нутаг дэвсгэр дээрх шатдаг занарын хайгуул, олборлолт, үйлдвэрлэл, холбогдох дэд бүтцэд нь асар их хөрөнгө оруулж байна. Америкийн компаниудаар зогсохгүй Францын аварга “Тотал” групп Огайо муж дахь шатдаг занарын хайгуул, дэд бүтэц, олборлолтод 2.3 тэрбум доллар зарцуулахаар болоод байна. Үүнээс гадна Хятадын төрийн өмчит “Синопек” хэмээх агуу том компани өнгөрөгч оны эцсээр Америкийн шатдаг занарын салбарт тэргүүлдэг “Девон” корпорацийн хувьцааны 1/3-г 2.2 тэрбум доллараар худалдан авах болсноо мэдэгдсэн. Мөн шинэ он гармагц буюу тодруулбал энэ сарын 6-нд Японы тэргүүлэгч компанийн нэг болох “Марубени” корпораци Техас муж дахь шатдаг занарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөлдөө 1.3 тэрбум доллар нэмж оруулах болсноо зарлалаа. Ер нь анх 2009 онд “Сумитомо” компани Америкийн энэхүү салбарт хөрөнгө оруулалт хийснээс хойш Японы “Том тав” гэгдэх корпорациуд АНУ ба Канадын шатдаг занарын төслүүдэд өнөөдрийг хүртэл нийтдээ 13 тэрбум гаруй доллар оруулаад байна.

Энэ бүхнээс шалтгаалан дэлхийн хөрөнгийн зах зээл дээр эрчим хүчний компаниудын үнэт цаасны ханш өсөх хандлагатай боллоо. Нөхцөл байдал өөр тийшээ эргэж байгаа нь ч тод ажиглагдаж эхэллээ. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард ОПЕК-ийн гишүүн орнууд нефтийн олборлолтыг хязгаарлахын оронд улам нэмэгдүүлэн өдөрт 30.68 сая баррель олборлохоор тохиролцов. Ингэснээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурах эдийн засгийн орчин бүрдэнэ гэж найдаж байгаа боловч үнэн хэрэг дээрээ газрын тосны үнэ цаашдаа нэг баррель нь 100 доллараас төдийлэн буухгүй гэсэн дүгнэлт дээр олонхи мэргэжилтэн санал нэгдээд байна.

Хоёр хөршийн байр суурь ба ухаалаг удирдлага

Хэдийгээр ОХУ газрын тосны олборлолтоороо дэлхийд тэргүүлж байгаа ч илрүүлсэн нөөцөөрөө дөнгөж долоодугаар байранд явж байна. Тэгээд ч Оросын эрчим хүчний салбарын хэтийн төлөв, чадавхи бүрхэг байна. Эрчим хүчний том үйлдвэрүүдийнхээ удирдлагыг сольж өөрчлөлт, шинэчлэл хийж байгаа мэт харагдавч нарийндаа энэ салбарын цаашдын хувь заяа, хөгжил, санхүү, менежмент зэрэг нь тодорхой бус хэвээр. Харин БНХАУ бол уламжлалт бус эрчим хүчний асар олон эх үүсвэртэйгээс гадна ОХУ-ыг бодвол тэднийгээ хэдийнэ ашиглаад эхэлчихсэн. Шатдаг занарын тухайд бол гол ордууд нь Фушун, Лайонинг мужуудад оршдог. 2002 оны байдлаар хятадууд шатдаг занараас 90,000 тонн нефть үйлдвэрлэсэн байдаг юм. Хятад улс энэ амжилтаа улам бататгаад цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн хэтийн ирээдүйд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар барахгүй нефть экспортлогч орон болох магадлал өндөр байна. БНХАУ-ын удирдлага энэ асуудлыг саяхан хэлэлцэж бодлогын шийдвэр гаргасан сурагтай.

Ингэж маш хурдан өөрчлөгдөж байгаа орчин нөхцөлд эрчим хүчний асуудал зөвхөн эдийн засгийн хөжлийн асуудлаар хязгаарлагдахгүй, үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирч байгааг үгүйсгэхийн аргагүй юм. Манай орны хувьд шатдаг занарын үйдвэрлэлийг хөгжүүлэх асуудал нь бусад ашигт малтмал (нүүрсээс бусад)-ын адилаар зөвхөн экспортолж орлого олоход бус манай цаашдын ирээдүйг тодорхойлох асуудал болж хувирах магадлалтай. Иймээс улс төржих явдлыг ардаа орхиж энэ асуудалд түлхүү анхаарал тавьж, бүх талаас нь судлан эрдэмтэн мэргэдийн оролцоотойгоор үнэлэн дүгнэж, тодорхой, цэгцтэй, дэс дараалалтай бодлого боловсруулж, бодитойгоор хэрэгжүүлж эхлэх цаг иржээ. Оновчтой, цэгцтэй бодлого л хөгжлийг дагуулна. Ухаалаг төртэй, оновчтой бодлоготой орнууд ард түмэндээ яаж үйлчилж байгааг бид харсаар, атаархсаар өдийг хүрэв. Эдүгээ бид төр засгаасаа хөгжлийг л шаардах цаг нь болжээ.

Бэрхшээлгүй юм гэж үгүй

Зоос хүртэл хоёр талтай байдаг шүү дээ. Үүний нэгэн адил шатдаг занар ч давуу болон сөрөг шинж чанартай. Түүний олборлолт, боловсруулалт нь дэлхийн цаг агаарын дулааралд нэрмээс болж, хөрсний эвдрэл, агаар мандлын бохирдол гэх зэрэг байгаль орчны олон янзын сөрөг нөлөө дагуулах магадлал ихтэй. Шатдаг занарыг боловсруулахад ус, эрчим хүч асар их шаардагддаг.

Нөгөө талаар, орчин үеийн техник технологи 1970-аад онтой харьцуулашгүй өндөр түвшинд хүртлээ хөгжсөн боловч энэ ашигт малтмалыг олборлох технологи төгс биш гэж байгаа. Хэрэв манайд шатдаг занарын нөөцийг тогтоож, үйлдвэрлэлийг нь хөгжүүлэх шийдвэр гаргавал байгаль орчин, дэд бүтэц, ажил эрхлэлт, бэлчээрийн газар зэрэг орон нутгийн нийгмийн асуудлуудыг анхаарч үзүүштэй.

Монголбанк л буруутай юу

Төгсгөлд нь шатахууны төгрөгөөр илэрхийлэгдэх дотоодын үнийн өсөлт, түүнийг дагасан инфляцийн шинэ давалгаа сүүлийн өдрүүдэд нийгэмд ихээхэн бухимдал төрүүлсээр байна. Тиймээс шатахууны үнэ нэмэгдсэн асуудлыг хөндөхөөс аргагүйд хүрлээ.

Энэ удаагийн үнийн өсөлтийн суурь шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөд бус харин төсвийн үрэлгэн бодлого, улс төрийн амлалтуудад оршиж байна. Маш энгийнээр тайлбарлахад, алсын хараатай бодлого байхгүй, мөн элдэв янзын хавтгайрсан халамж, амлалтуудын гайгаар их хэмжээний бэлэн төгрөг (цаанаа бараа баталгааны баталгаагүй)  эргэлтэнд шинээр орж гүйлгээнд байгаа төгрөгийн нийт хэмжээ (масс)-г нэмэгдүүлж эхэлсэн. Манай улсын дотоодын зах зээл дээрх бараа материалын биет хэмжээ нь үндсэндээ өөрчлөгдөхгүй, харин бэлэн мөнгөний хэмжээ (масс) нь л нэмэгдээд байдаг. Ингэснээр төгрөг үнэгүйдэж инфляцийн суурийг тавьж өгдөг. Энэ бол эдийн засгийн хууль юм. Төгрөг болон гадаад валютын хоорондын харьцаа (ханш)-ны тухайд гэвэл гаднаас орж ирэх валютын гол эх үүсвэр болох  экспорт, аялал жуулчлалаас олох валютын орлогын хэмжээ олигтой өсч өгөхгүй байгаа. Эргэлтэнд байгаа валютын масс болон төгрөгийн массын хоорондын харьцаа өөрчлөгдвөл түүний илэрхийлэл болох валютын ханш дагаж өөрчлөгддөг учиртай.

Монголбанк өнөөдөр мөнгөний бодлогоор эргэлтэнд байгаа төгрөгийн хэмжээг хязгаарлахыг оролдож байна. Гэхдээ Төв банк маань бэлэн мөнгөний өсөлтийг хязгаарлах боломжоор хомс. Тэдний зүгээс хийж чадах хязгаарлалт, хориг арга хэмжээнүүд нь хэрэг дээрээ нийт мөнгөний массаас бүтээн байгуулалтад чиглэсэн хэсгийн урсгал (голдуу бэлэн бус мөнгөний хэлбэрээр олгогддог, цаашдаа биет бараа, баялаг болох зориулалттай банкны зээл)-ыг хумигдуулахад хүргэдэг. Физикээр бол ямар нэгэн үйлдэл заавал сөрөг үйлдлийг дагуулдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид битүү тойрогт орчихоод байна. Нэг талаас эргэлтэд байгаа мөнгөний массыг хязгаарлахгүй бол инфляци улам хөөрнө, цаашлаад бүхэл бүтэн банкны системд аюул нүүрлэнэ. Нөгөө талаас мөнгөний хязгаарлалтууд нь биет баялаг бүтээхэд чиглэсэн мөнгөний урсгалыг боомилдог. Энэ  утгаараа манайд мөнгөний бодлого нь төсвийн буруу бодлогын золиос болж байна гэж хэлж болно. Харин энд төсвийн, ялангуяа татварын бодлогоор (нэн тэргүүнд импортын онцгой татвар)  мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадна. Гэхдээ энэ бол төр, засгийн эрх хэмжээний асуудал. Нэмж хэлэхэд юмны үнэ, валютын ханш зөвхөн хоосон, цаасан дээрх тоо, тооцоо дээр үндэслэгддэггүй. Эдийн засаг, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн таамаглал, хүлээцээс (өөрөөр хэлбэл ерөнхий макро-эдийн засгийн орчин) ихээхэн шалтгалдгийг дэлхий дахины практик нотолж байгаа. Зарим албан тушаалтны цагаа олоогүй мэдэгдлүүд нь нийгэмд үүсээд байгаа бухимдал, хүлээцэд тос нэмсний адилаар нэрмээс болж байна. Тиймээс хүмүүс хэдэн бор цаасаа “чулуу” болгох үүднээс мөнгөө илүү найдвартай гэж үзсэн зүйлст хөрвүүлэх гэж эрмэлзэх боллоо. Энэ бол амьдралын хууль бөгөөд үүнийг яаж ч үгүйсгээд нэмэргүй. Зарим албан тушаалтны амнаас Монголбанкийг валютын интервенцийг хангалтгүй хийж байна гэсэн буруутгах утгатай үг унаж эхэллээ. Гэхдээ хавтгайрсан халамж, бэлэнчлэлийг хөхүүлсэн төсвийн бодлогыг өөрчилж зогсоохгүй бол арай ядан хуримтлуулсан хэдэн ногооноо төгрөгийн уналтыг зогсоох зорилгод хүрэлгүйгээр туучих аюултайг бүү умартаасай. Валютын панзчид интервенцийн ажиллагааг нэмэгдэхийг хүлээж байгаа: тэдэнд төгрөг хангалттай байгаа шүү дээ. Өнгийн мэс заслаар суурь асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Манайд байгаа макро-эдийн засгийн орчинд аливаа нэг шийдвэр, мэдэгдлийг алсын хараатай, маш сайн бодож гаргах шаардлагатай. Эс тэгвээс хожим гарч чадахгүй нүхэнд унаж мэднэ.

Эцэст нь зөвлөхөд, инфляци хэнд ашигтай вэ гэдгийг ямагт тунгаан бодож байхад илүүдэхгүй.

Д. Буянтогтох http://uynaa.wordpress.com

(1979 онд Москва хотын ОУХДС-ийн Олон улсын валют-зээлийн ангийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй.

1979-1991 онд Сангийн яаманд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын дарга

1991-1992 онд АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд худалдаа-эдийн засгийн атташе

1992-1994 онд Олон улсын валютын санд мэргэжилтэн

1994-2000 онд Сангийн яаманд газрын дарга, сайдын зөвлөх. Мөн үед Үнэт цаасны хорооны гишүүнээр ажиллаж байв)


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих