Б.Нямдаваа: Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдийг ажлын байраар хангаж ажиллах чиглэл барина

2

Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваагаас хөдөлмөр эрхлэлтийн талаар, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар тодрууллаа. 

-Өнгөрсөн жил хэдэн хүн ажилтай орлоготой болсон бэ?

-Аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, хувийн биржүүдэд нийт 64.4 мянган ажлын байрны захиалга ирсний дагуу 43.1 мянган иргэнийг шинэ ажлын байранд зуучилсан.  Энэ жил 40 мянган иргэнийг ажилд зуучлан оруулахаар Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс  зорилт тавин ажиллаж байна.

Ажилгүй иргэд хувриараа хөдөлмөр эрхлэгчид болон бусад зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн 6 хөтөлбөр, жижиг зээл олгох арга хэмжээг 2018 онд хэрэгжүүлж 13.8 мянган байнгын ажлын байр хадгалагдсан болон шинээр бий болж, давхардсан тоогоор 19.6 мянга орчим ажилгүй иргэн түр ажлын байраар хангагдан бодит орлого олжээ. Эдгээр арга хэмжээ үйлчилгээ, бусад холбогдох үйл ажиллагаанд 2018 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 50.8 тэрбум төгрөгийг зарцуулж ажилласан.

Мөн Засгийн газрын 2016 -2020 оны үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсан гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-аас дээш хувиар бууруулах зорилтын хүрээнд 2017-2018 онд гадаад ажилчдын тоог 20 хувиар, 2016 онтой харьцуулсан нийт дүнгээр 42 хувиар тус тус бууруулж ажиллав.

-Хөдөлмөр эрхлэлтийн талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулахгүй юу?

-Орон нутагт ажлын байрыг бий болгох, хот суурин газрын хүн амын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг үндсэн зорилтын хүрээнд “гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл”, “Зохион байгуулалттай ажлын байр туршилтын төсөл”-ийг 2018 онд шинээр санаачлан хэрэгжүүлж ажилласан.

Өрхийн амьжиргааг дэмжих чиглэлээр Үндэсний зөвлөлөөс зургаан хөтөлбөр дэмжиж ажиллуулсан. Энэ 6 хөтөлбөр дээр нэмээд хоёр туршилтын хөтөлбөр хэрэгжүүлсэн байгаа. Энэ нь юу гэхээр хөдөөгийн малчдын дундаж наслалт харьцангуй өндөр болж магадгүй ирэх 10 жилийн дараа мал малладаг залуучууд хомсдох ийм шинж илэрч байна. Тийм учраас аль болох залуу малчдыгаа төрөөс дэмжихийн тулд “Гэрээт малчин туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр нь илүү үр дүнтэй юм гэдгийг 2018 оны төгсгөлд дүн шинжилгээ хийн үнэлээд 2019 оноос эхлээд малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөртөө нэмэн оруулсан.

 Дээрээс нь зохион байгуулалттай ажлын байрыг бий болгох чиглэлээр бид туршилтын хөтөлбөрийг авч хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрийн зорилго нь сумын түвшинд ажлын байрны олдоц харьцангуй бага байдаг тийм учраас иргэдийгээ бүлгийн зохион байгуулалтад ороод ажил хөдөлмөр эрхлэх энэ боломжийг нээх нь зүйтэй юм гэж үзсэн. Малчид худаг өвөлжөө, хаваржаа, хаврын  улиралд ямааны ноолуур самнахаас эхлээд ажиллах нөөц бололцоо нь бага байдаг учраас сумын төвд байгаа ажилгүй иргэд наймуулаа нэг бүлэг болж яваад ажилтан хэрэгтэй, хүн туслах хүчний хэрэгцээ шаардлагатай ажлууд дээр нэгдсэн зохион байгуулалттай ажиллаж, тухайн малчдад ч ашигтай өөрсдөө хөдөлмөр эрхлээд орлоготой болох  юм.

-Ямар үр дүн гарсан бэ? Хичнээн ажлын байр бий болгож чадав?

-Эдгээр туршилтын төсөлд 200 орчим өрхийг хамруулан малчидтай гэрээгээр ажиллуулахаар болсны дагуу тэдгээр өрхийн 406 иргэн ажлын байраар хангагдсан байна. Харин зохион байгуулалттай ажлын байр туршилтын төсөлд мөн хугацаанд нийт 91 бүлэг, багийн 518 иргэнийг хамруулж, орлогын эх үүсвэртэй болоход дэмжлэг үзүүлэв.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн ажлын байр хэр байдаг вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил зохион байгуулдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа иргэдэд өөрсдийнх нь ур чадварт тохирсон ажлыг хийх төслийг санаачлан ажлын байраар хангахыг зорьж ажиллаж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд байгаа ААН байгууллагуудыг хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдийг ажлын байраар хангаж ажиллах энэ чиглэлийг барьж ажилладаг. Үнэхээр энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй иргэд ААН- үүдийг хуулинд заасны дагуу ажлын байрны төлбөрийг нь аваад авсан төлбөрөөрөө эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувиараа хөдөлмөр эрхэлж өөртөө ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлж ажилладаг.

Улсын хэмжээнд 2017 оны байдлаар 103 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэх судалгаа байдаг. Энэ судалгаанаас 14.100 иргэн, ААН хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс болж ажлын байртай байх боломжийг алдсан байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар ханган ажиллуулаагүйн төлөө иргэд, ААН-ээс тэрбум төгрөгийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д аваад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт зарцуулдаг байгаа.

Х.Соёл


URL:

Сэтгэгдэл бичих