МАН шинээр томилох сайд нартаа нэр зоож эхэллээ

АН Засгийн газраас гарахаа мэдэгдсэн учраас МАН-ынхан дараагийн сайд нарын асуудлыг ярьж эхэллээ. Өөрөөр хэлбэл АН-ын ҮЗХ-ны хурлыг хүлээлгүйгээр шинэ сайд нарыг томилохоор бэлтгэж байна.
Фракцуудын хуваарилалтын хувьд МАН-ын дарга С.Батболдынход хоёр, ерөнхий нарийн бичгийн дарга У. Хүрэлсүхийн бүлэгт хоёр, хотын бүлэгт нэг, тус намын нарийн бичгийн дарга С. Баярын багт нэг сайд ногдохоор болжээ. Урьдчилсан байдлаар Батлан хамгаалахын сайдад гишүүн Ж. Энхбаяр, Эрүүл мэндийн сайдад гишүүн Д. Очирбат, эсвэл одоо дэд сайдаар ажиллаж байгаа  Ж. Цолмон, Сангийн сайдад ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, эсвэл гишүүн Ч. Улаан гэсэн хувилбар дуулдаж байна.  Ч. Хүрэлбаатар Сангийн сайд болсон тохиолдолд Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Ерөнхий сайдын Ерөнхий зөвлөхийн ажлыг аваад удаагүй байгаа Д. Цогтбаатар ЗГХЭГ-ын даргаар томилогдох хувилбарыг ч ярьжээ. Ч. Улаан гишүүний хувьд МАН-ын фракцуудын тохиролцооноос гадуур сайдын суудалд яригдаж байгаа бөгөөд тус нам доторх “Элсний 13”-ыг төлөөлж байгаа юм. Сонгууль дөхсөн энэ үед “Элсний 13”-ынханд найр тавихгүй бол тэд дахин зохион байгуултад орж,  МАХН-тай нийлж болзошгүй гэж МАН-ын удирдлагууд болгоомжилсон бололтой.  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад санаатай байгаа дуулдав.  Бөх хүний хийж байсан ажлыг бөх хүн яагаад үргэлжлүүлж болохгүй гэж  гэсэн яриа хүртэл МАН-д гарсан гэнэ.
Байгал орчин, аялал жуулчлалын сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Я. Төмөрбаатар, эсвэл гишүүн Д. Оюунхорол  нарын нэр яригдаж байна. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад гишүүн Ц.Дашдорж, Ш.Сайхансамбуу, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан Б. Цэнгэл гурвын аль нэг гэсэн хувилбар байгаа ажээ. Өмнө нь энэ салбарын дэд сайдаар ажиллаж байсан  туршлагатай гэдэг утгаараа Ц. Дашдорж гишүүнд сайд болох магадлал өндөр байгаа гэж хэлж болно.  Дэд сайд нарын томилгоон дээр хоёр хувилбар байгаа юм байна. Эхнийх нь, сонгууль дуустал бүх салбарт дэд сайдгүй ажиллавал ямар вэ гэсэн санал МАН-ын удирдлагуудаас гарчээ. Намын удирдлагуудын зүгээс шинээр томилогдох зургаан сайдад сонгуульд нэр дэвшихгүй хүмүүсийг дэвшүүлэх байр суурь баримталж байгаа бололтой.
Хоёр дахь хувилбар нь хэрэв дэд сайд нарыг нөхөн томилно гэвэл намынхаа залуучуудыг бодлогоор олон нийтэд таниулах зорилгоор томилгоог хийе гэж ярьж байгаа юм байна. Залуучуудаа дэмжих бодлогын хүрээнд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал  Монголын залуучуудын холбоонд дэд сайдын дөрвөн суудал хувиарлахаар ярилцсан байна. Батлан хамгаалахын дэд сайдад “МАК”-ийн Н. Номтойбаяр,Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайдад “Петровис”-ын О. Содбилэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар “Монголын үнэн”  сонины эрхлэгч Ж. Мөнхбат, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдад НАМЗХ-ны ерөнхийлөгч Л. Оюун-Эрдэнэ нарыг зүтгүүлэхээр тохирчээ. Гадаадад байгаа С Баяр, У Хүрэлсүх, М Энхболд нарыг эх орондоо ирсэний дараа зарим хүний нэр өөрчлөгдөж болох ч фракциудад ногдсон сайдын хуваарилалтад ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм байна.

“Үндэсний шуудан”    Б.Болор


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих