ХҮН БОЛОХЫН ТУХАЙ БА 2011 ОН

(МАХН-ын бага чуулганы хуралдаан дээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үг)

2011 оны арванхоёр­дугаар сарын 28. Улаанбаатар хот.

Хүн юуны төлөө төрж, амьдардаг вэ? Ер нь хэзээ хүн болдог вэ? гэж асууя. Нэг хэсэг нь төрмөгцөө гэж хэлэх байх. Нөгөө хэсэг нь насанд хүрмэгцээ гэнэ биз. Гурав дахь нь бас нэг өөрөөр хэлнэ.

Хүн өөрийгөө хүн бол­сон гэж тооцсоны дараа бу­сад хүн түүнийг хүн хэ­мээн тоож эхэлнэ. Тэгэх­лээр хүн хүн болох нь юуны өмнө өөрөөс нь шалтгаална.

Боб Диланы зохиосон “Blowing in the wind” буюу “Хүчит салхи” гэдэг ал­дарт дуу байдаг. Товчхон хэлбэл хүн болохын тухай дуу гэж хэлж болно.

How many roads must a man walk down

Before you call him a man

How many seas must a white dove sail

Before she sleeps in the sand?

yes and how many times must a cannon ball fly,

before they’re forever banned?

The answer my friend is blowing in the wind,

the answer is blowing in the wind.

how many years can a mountain exist,

before it is forced to the sea.

how many years can some people exist,

before they’re allowed to be free.

yes and how many times can a man turn his head,

and pretend that he just doesn’t see.

The answer my friend is blowing in the wind,

the answer is blowing in the wind.

how many times must a man look up,

before he can reach in the sky.

yes and how many ears must one man have,

before he can hear people cry.

And how many deaths will it take till he knows,

that too many people have died.

The answer my friend is blowing in the wind,

the answer is blowing in the wind.

х х х

Хичнээн холын зам туулсных нь дараа

Хэн нэгнийг хүн хэмээн тоодог юм бол?

Хэдэн далай гэтэлснийхээ дараа

Хээрийн галуу унтаж амардаг юм бол?

Хэдэн удаа их буугаар буудаж байж

Хэрэггүй “тоглоом” гэдгийг нь ойлгодог юм бол?

Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь ээ

Хүчит салхи хариуг нь хэлнээ.

Хэдэн жил уулс сүндэрлэж байгаад

Хүчирхэг давалгаанд идэгддэг юм бол?

Хэдэн жил амьдарч байгаад хүмүүс

Хэний ч боол биш гэдгээ ойлгодог юм бол?

Хэдэн удаа нүүрээ буруулсны дараа

Хэний ч зовлонг олж харахаа больдог юм бол?

Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь ээ

Хүчит салхи хариуг нь хэлнээ.

Хэдэн удаа дээшээ харсныхаа дараа хүн

Хөх тэнгэр байгааг олж хардаг юм бол?

Хэн нэгний уйлж байгааг сонсохын тулд

Хэдэн чихтэй байх ёстой юм бол хүн?

Хэдэн хүн үхсэний дараа хүмүүс

Хэтэрхий олон хүн үхсэнийг ухаардаг вэ?

Хүчит салхи хариуг нь мэднэ, найз аа

Хүчит салхи хариуг нь хэлнээ.

Боб Диланы зохиосон энэ дуу өнгөрсөн зууны 60-аад оны үеэс эхлэн өнөөг хүртэл хүн хүн болох, хөх тэнгэрээ олж харах, эрх чөлөөтэйгээ мэдэх тухай дуу болон алдаршиж, эрх чөлөөг эр­хэмлэгч хүмүүсийн дуу­лах, сонсох дуртай цөөн дууны нэг болсон юм.

Энэ дууг сонссон хүн нэгийг бодно, хүн болохыг хүснэ, тэгэхийн тулд шаардлагатай бол босно. Ямар ч байсан энэ дууг зохиосон Боб Диланыг 2011 оны утга зохиолын салбарт гардуулах Нобе­лийн шагналд нэрийг нь дэвшүүлсэн билээ.

2011 он бол дэлхийд ч тэр, Монголд ч тэр хүн хүн болохын тулд толгойгоо гудайлган газар гөлийх биш, тэнгэр рүү ширтэх ёстой, хөх тэнгэрээ олж харах шаардлагатай, эрх чөлөөтэйгээ мэдрэх ёстой, эргэн тойрондоо байгаа хүмүүсийн зовлонг олж харах нүдтэй болох шаард­лагатай, хэн нэгнийхээ уйлж буйг сонсох чихтэй болох ёстой гэдгийг ухаа­руулж ойлгуулахад тус дөхөм үзүүлсэн жил болсон юм.

Ингээд 2011 оны онц­лох үйл явдлуудын талаар эргэцүүлж, Монголынхоо ч, дэлхийн ч нөхцөл байд­лыг бодитойгоор ухаарч, тулгамдсан асуудлын та­лаар байр сууриа илэр­хийлж, цаашид хийх аж­лынхаа тухай санал бодлоо хуваалцъя.

1. МАХН-ын Онц их хурал, МАХН-ын нэрийг бүртгүүлсэн, “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” үндэсний хөдөлгөөн байгуулагдсан, МҮАН дахин бүртгэгдсэн тухай.

МАХН-ын Онц их хурлын тухай олон хүн хүчит салхи лугаа адил хурал болсон, нийгмийг бүхэлд нь өөрчлөх том шаардлага тавьсан, тийм цаг нь ирсэн гэдгийг хэнд ч ойлгогдохоор мэдэгдэж, мэдрүүлсэн хурал болсон гэж хэлж байхыг би сонссон.

Шинэ циркэд хоёрхон хоног болсон их хурал хорь гаруй жил ардчилал гэсэн нэртэйгээр хийсэн өөрч­лөлт үнэн хэрэг дээрээ шинэ дарангуйлал буюу ардчилангуйлал болж, “МАН-АН”-гаар дуус­гавар болсныг оношилсон юм. Монгол хүн хүн бо­лохыг хүссэн, эрх баригч­даас айхаа больсон, эх орондоо эзэн болох хүслээ хүчтэй илэрхийлсэн их хурал болсон билээ.

Энэ их хурал дээр Хан-Уул дүүргийн сонгогч эмэгтэй өнөөгийн төр, засгийн өндөр албан ту­шаалтнуудыг нэрээр нь дуу­даж, “Ард түмэн та нарт “баяртай” гэж хэлж байна” гэснийг хожим нь сонсоход тэдгээр албан тушаалтнууд “Ашгүйдээ энэ ядаргаатай Монголын ард түмэн өөрөө яваад өгөх гэж байна. Тэгээд дандаа юм нэхнэ шүү. Харин оли­гархиуд, гадныхан бидэнд юм өгдөг шүү дээ” гэж хоо­рондоо ярьсан сурагтай.

Үнэн хэрэг дээрээ Ард түмэн тэднийг өрөвдөхдөө өрөвдөж, тэдэнд хууртахдаа хууртаж өдий зэрэгт хүргэсэн. Монгол Ардын Нам, Ардчилсан Нам хамтран тавын таван хүний амь насыг хороос­ныг нуун дарж, олон арван хүний биеийг шархдуулж, олон зуун хүнийг ялтан болгосныг үл анхаарч, гурван сая орчим хүнийг хууран мэхэлж, сэтгэлийг нь шархдуулж, үгсэн хуй­валдаж, Үндсэн хуулийг зөрчиж, “МАН-АН”-гийн­хаа пирамидыг бос­гон, улс төрийн ма­нангийн ард орж нуугдсан.

МАХН-ын нэрийг бүр­т­гүүлэх гэсэн үйл явц өнөөгийн төр, засгийн эрх баригчдын багийг хуулж, хэн нь хэн бэ гэдгийг харуулсан. Олон ангит кино үзэж байгаа юм шиг хагас жилийн турш “МАХН” нэрийг Дээд шүүх бүртгэх эсэх тухай асуудал ард түмний ан­хаар­лын төвд байлаа. Тэд монгол хүний дарлаж бай­гаад нь дургүйцэж, дар­луулж байгааг нь өрөвддөг зангаар энэ асуудалд хандсан.

Орост шалгалтаа өгч байхдаа сурах бичгээ хагас дутуу уншиж хаасан, тэрнээс хойш өнөөг хүртэл өөр ном уншаагүй, харин хэдэн дуу л сурсан, хууль гэж юу байдаг юм бэ, хэн түүнийг хэдүүлээ байхдаа хэлэлцэж, баталдаг юм бэ, хуулийг ягштал баримтлах уу, эсхүл үзэмжээрээ хэ­рэг­ж­үүлэх үү? гэдгийг одоо болтол сайн ойлгоо­гүй яваа, хоригдол бол бас л хүн, сайд ч байсан ху­вийн байшин, эсхүл хүүх­дүүдийнхээ байшинг ба­риу­лахын тулд хоригд­луудыг боол мэт бодож, хүч хөдөлмөрийг нь үнэ төлбөргүй ашиглаж, мөл­жиж болохгүй гэдгийг мэд­сээр байж санаатай­гаар хууль зөрчиж байгаа, одоогоор нэг айлын дэргэд түрээсийн байранд толгой хорогдон амьдарч буй нэгэн сайд МАХН-ын нэрийг Дээд шүүх бүртгэж болохгүй гэж өөрийнх нь эрх мэдэлд хамаарахгүй асуудлаар мэдэмхийрч дарамт шахалт үзүүлсэн. Ийнхүү МАН-ын “гол хуульч”-ийн мэдэмхийрс­ний дагуу “МАН-АН”-гийн удирдлага намын нэрийн бүртгэлийн асууд­лыг “ойлгож”, өөрөөр хэл­бэл огт буруугаар ойлгож, тэрхүү буруу ойлголтоо ил, далд аргаар бусдад тул­гахыг оролдсон юм.

“МАН-АН”-гийн удирдлагын бие, хөм­сөг­ний хөдөлгөөнийг маш сайн “уншиж” ойлгодог болсон Үндсэн хуулийн Цэцийн удирдлага жи­рийн гишүүддээ нөлөөлж, улмаар Цэц бүрэн бүрэл­дэхүүнээрээ хуралдаж, МАХН-ын нэрийг бүрт­гүүлэхэд саад болох шийдвэр гаргав. Гэхдээ “мэхт мэхэндээ” гэдгийн үлгэрээр болов.

Үндсэн хуулийн Цэ­цийн намын нэрийг хэрэглэхтэй холбоо­той­гоор гарсан дүгнэлтүүдийг нэгтгэвэл “МАХН” хэ­мээх нэрийг “үргэлжлүү­лэн хэрэглэж болохгүй”, харин “дахин хэрэглэж болно” гэсэн утга санаа бүхий шийдвэр гарчээ. Тэгэхлээр МАН “МАХН” хэмээх нэрийг үргэлж­лүүлэн хэрэглэж болохгүй, харин МАХН-аа итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэж, шинээр тусад нь сэргээн байгуулж буй ир­гэд “МАХН” хэмээх нэ­рийг дахин хэрэглэж болох болсон байна. Ингээд Дээд шүүх “МАХН” хэ­мээх нэрийг бүртгэсэн юм.

МАХН-ын нэрийг Дээд шүүх бүртгэсэн нь Улс төрийн намуудын бүртгэлийг туйлын тодор­хой болгов. Итгэл үнэм­шилдээ тулгуурлан эвлэлдэн нэгдэхийн хажуугаар бичиг баримтаа хуульд нийцүүлэн бүр­дүүлж өгснийг нь бүртгэв. Тухайлбал, Ногоон нам гэх мэт. МҮАН-ын нэрийг дахин хэрэглэж болох тул М.Энхсайхан даргатай МҮАН-ыг бүртгэв. Харин бичиг баримтаа өгөөгүй намын нэрийг Дээд шүүх бүртгэсэнгүй. Ямар шалт­гаанаар бүртгээгүй гэж бодож байна? Улс төрийн шалтгаанаар уу? Үгүй. Зү­гээр л бичиг баримтаа өгөө­гүй учир бүртгэ­сэн­гүй. Тухайлбал, ИЗНН-ыг.

Энэ дашрамд хэлэхэд, өнөөдөр Монголд 20 орчим нам Дээд шүүхэд бүрт­гэлтэй байна. Өнгөцхөн харахад олон нам байгаа нь ардчилсан зарчимд ний­цэж байгаа мэт. Үнэн хэрэг дээрээ өнөөдөр Мон­голд “МАН-АН” гэ­дэг ганцхан “нам” байна. Би энд “сэм хуйвалдаж, нам дарна” гэдэг утгаар нь хэлж байна шүү. Бүр тод­руулбал улс төр-бизне­сийн явцуу эрх ашиг бүхий олигархи бүлэглэлд үйл­чилдэг “сэм хуйвалдаж, нам дардаг” нам гэсэн үг.

Энэ бүлэглэл сонгууль луйвардаж, хууль бусаар засгийн эрхэнд гарчээ. Энэ бүлэглэл Оюу толгойн алдаатай гэрээг байгуул­жээ. Таван толгойг цөөн хүнд өгч баяжуулж, хам­гийн гол нь өөрсдөө цаана нь нуугдаж баяжив. Энэ хооронд ард түмний ядуу­рал албан ёсны судалгаа­гаар 40 хувьд хүрч нэмэгд­лээ. Албан бусаар 60 гаруй хувьтай болов. Ард түмний орлого багасч, албан ту­шаалтнуудын “орлого” нэмэгдэв. Авлига үсрэн­гүй өслөө, олон улсын байгууллагын судалгаа­гаар авлигын индексээр Монгол Улсын өмнө нь эзэлж байсан байр муу­даж, арагшаа ухарлаа.

Нэгэнт “МАН-АН” хэмээх бүлэглэл Монго­лын ард түмний  итгэлийг алдсаар байгаа тул “МАН-АН”-тай тууштай тэмцэж, монгол хүн хүн болоход туслах, эх орондоо эзэн болоход нь дэмжих чад­вартай хариуцлагатай, хэлсэндээ хүрдэг улс төрийн хүчнийг бүрдүүлэх ёстой болжээ. Ийм хүч­нийг бий болгохын тулд юуны түрүүн бүгд хүчээ нэгтгэх ёстой. Тэгэхийг ч улс төрийн бүх намуудад хандан уриалж байна.

Дахин хэлье. Монгол Улсад тулгамдсан асууд­луудыг зөв шийдвэрлэх чадвартай, юуны түрүүн монголын ард түмний төлөө шудрагаар зүтгэх сэтгэлтэй, “МАН-АН”-гаас өөр улс төрийн хүчнийг монголын ард түмэн дэмжих нөхцөл өнөөдөр бүрджээ.

Нийгмийн энэхүү захиалгыг ухаарч, монгол хүнийг санал өгөгч машин биш, харин улс орны маань жинхэнэ эзэн нь хэмээн үзэн тоож, итгэ­лийг нь авч, түүний төлөө зүтгэхээр шийдсэн улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүд хүчээ нэгт­гэн “Эх орон-Тусгаар тогт­нол-Шударга ёс” Үн­дэсний хөдөлгөөн бай­гуулсан нь улс төрийн амьдралд тохиосон томоо­хон үйл явдал болсныг тэмдэглэж байна.

Энэ хөдөлгөөн Бүх ард түмний Их хурилдайг хоёр ч удаа зарлан хуралдуулж, их хурилдайд оролцогчид “МАН-АН”-гийн толгой болсон арван таван толгой олигархуудыг тодруулан нэрлэсэн билээ. Энэ нь бас л 2011 оны томоохон үйл явдал болсон билээ.

2. Үндэсний эрх чө­лөө­ний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойнууд

Өнгөрч буй жилд олон чухал ой тохиов. Хятадын 1911 оны Синхайн хувьсгалын нөлөөн дор Монголын эх орончид Монгол Улсыг 200 гаруй жил ноёрхсон Манж Чин Улсын эрхшээлээс гаргахын тулд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Монгол Улсыг тусгаар тогтносон улс хэмээн зарлав. Монгол Улс Гоминданы Хятадад тусгаар тогтнолоо эргүүлж алдаад бараг дуусч байх үед 1917 онд хаант Орост ялсан Октябрийн хувьс­галын нөлөөн дор Мон­голын эх орончид Оросын Улаан армийн туслалцаа­тайгаар 1921 онд Ардын хувьсгал хийж ялуулав.

Боб Диланы шүлэгт

Хичнээн холын зам туулсных нь дараа

Хэн нэгнийг хүн хэмээн тоодог юм бол?

гэж хэлсэн байдаг. Хүн өөрийгөө хүн гэж тооцож эхэлвэл бусдууд ч тэр хүнийг хүн гэж тоодог болно. Үүнтэй адилтган хэлвэл тухайн үндэстэн өөрийгөө тусгаар тогтно­сон хэмээн үзэж, түүний­хээ төлөө тууштай тэмцэж чадвал эрт орой хэзээ нэгэн цагт тэр үн­дэстэн тусгаар тогтносныг бүгд хүлээн зөвшөөрнө. Чухамхүү тийм байдлаар үйл явдал өрнөж, тэртээ 1911 онд эхлүүлсэн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн үр дүн 1961 онд Монгол Улсыг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлж, түү­ний тусгаар тогтнолыг хү­лээн зөвшөөрснөөр баталгаажсан юм.

Энэ завшааныг ашиглан Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх их тэмцлийг эхлүүлсэн 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойн халуун баярыг та бүхэндээ хүргэе.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндэс­ний эрх чөлөөний хөдөл­гөөний 100 жилийн ойг бүх орон даяар тэмдэглэн өн­гөрүүлэх зарлиг гаргаж байсныгаа дурсан сана­хад сайхан байна. 1911 оны үндэсний эрх чөлөө­ний хөдөлгөөн бол 1921 оны хувьсгалын эхлэл, 1945 оны бүх ард түмний санал асуулгын эхлэл, 1961 онд Монгол Улс НҮБ-д элссэний эхлэл, 1989 оны ардчилсан хөдөлгөөний эхлэл, бас “МАН-АН”-г арилгах тэмцлийн эхлэл мөн.

Харин энэ бүхний ха­жуугаар Хүннү гүрний 2220 жилийн ойг тэмдэг­лэсэн нь нэг л тийм боллоо. Тэр тусмаа Хүннү гүрнийг шууд дан ганц монголчуудтай холбосон нь энгийнээр хэлвэл сэт­гэ­лийн хөөрөл, шинжлэх ухаан талаас нь ярьвал маргаантай асуудал.

Гэхдээ хамгийн эвгүй нь ингэсэн нь ёс сур­тахуунгүй мэдэгдэл бол­сон. Яагаад? Өнөөгийн төр, засаг авлига хээл хахуульд баригдаж, ам­лал­таасаа ухарч бултаж байгаагаа нууж, хүмүү­сийн анхаарал, санаа бодлыг өөр зүг, цаг үе, үйл явдалд хандуулахын тулд хүннүг мэдэмхийрэн ярих мөртлөө эргэн тойронд нь жинхэнэ монгол хүн нүгүд байгааг олж харахгүй, бас мэдэхгүй, мэдэхийг ч хү­сэхгүй, тэртээ холын хүн­нүгийн түүхийг ярих мөрт­лөө, дэргэд нь яг одоо бай­гаа иргэдийнхээ юу хү­сээд байгааг ярихгүй, Мон­голын төрийн ёс эрт­нээс уламжлалтай, ёс зүй­тэй гэх мөртлөө эрх бариг­чид өөрсдөө гадныхны, эсхүл цөөн тооны олигар­хуудын төлөө зүтгэж, төрийн нэрийг гутааж байна.

Тэгэхлээр өнөөгийн эрх баригчид энэ онд то­хиосон томоохон ойнуу­дыг тэмдэглэхдээ ард түм­ний анхаарлыг өнөөдрийн амьдралын тулгамдсан асуудлуудаас өөр тийш нь хандуулах гэж оролдлоо.

Харин та бид эдгээр ойг өнөөгийн Монгол Ул­сынхаа тусгаар тогтнолын төлөө байнга санаа зовж, ард түмний өмнө тул­гамд­сан асууд­луудыг богино хугацаанд зөв зүйтэй шийд­вэрлэ­хийн тулд чөмгөө дундар­тал ажиллах хэрэгтэй хэ­мээн ухаара­хад тус дөхөм үзүүлэх чухал ойнууд хэмээн үзэж тэмдэглэх нь зүйтэй.

3. Жагсаал цуглаа­нууд. “Тайм” сэтгүүлийн оны хүн- жагсагч. Арабын хавар. “Оккупай Уол ст­рит” хөдөлгөөн. Европын улс орнуудад болж буй жагсаалууд. ОХУ-д болсон жагсаалууд.

Саяхан АНУ-ын “Тайм” хэмээх алдарт сэтгүүл уламжлал ёсоор өнгөрч байгаа оны буюу 2011 оны хүнээ шалга­руулав. Тэр нь “жагсагч” болов. Тийм ээ, энгийн жагсагч. Өнгөрч байгаа онд дэлхийн олон өнцөг буланд жагсагчид гудамж, талбайд гарч эрх баригч­дын эсрэг дуу хоолойгоо өргөв. Боб Диланы шүлэгт гардаг шүү дээ.

Хэдэн жил амьдарч байгаад хүмүүс

Хэний ч боол биш гэд­гээ ойлгодог юм бол? гэж.

Жагсагчид гэж энгийнээр хэлвэл хэний ч боол биш гэдгээ ойлгосон хүмүүс юм.

Тэгэхлээр өнгөрч буй 2011 онд дэлхий ертөн­цийн олон өнцөг буланд олон хүн хэний ч боол биш гэдгээ ойлгосон байна. Тэгээд жагссан байна. Жагсаал бол тэмцлийн хамгийн энгийн, хамгийн үр дүнтэй хэлбэр мөн.

Жагсаалууд Арабын орнуудад, Европын орнуу­дад, манай хөрш ОХУ-д боллоо. Болсоор байна. Цаашид ч үргэлжлэх нь тодорхой байна. Боол биш гэдгээ ухаарсан хүмүү­сийн жагсаалын давалгаа дэлхийг хучив. Арабын олон оронд жагсагчид олон мянгаараа гудамж тал­байд гарч, олон арван жи­лийн турш ноёрх­лоо тогтоосон, цэрэг цаг­даа­гаа­раа хүрээ­лүүл­сэн дарангуйлагчдыг албан тушаалаас нь ховхлон уна­гасан байна.

Дарангуйлагчдын эс­рэг хүч үл хэрэглэн тэмцэх үзэл, аргыг судалж, хөг­жүүлж, номлосон Жийн Шарп хэмээх судлаачийн хэлснээр жинхэнэ эрх мэдэл эрх баригчдын гарт биш, харин ард түмний мэдэлд, түүний итгэлд байдаг.

Ард түмний итгэлийг алдаж, дэмжлэггүй болсон эрх баригчид гаднаа ши­рээ сандалтайгаа байгаа мэт харагдах боловч цаа­наа хүчгүй болсон байдаг. Наанаа хөмсгөө зангидна, цаанаа үнхэлцгээ хагарт­лаа айна. Жагсаал цуг­лаан бол хүч үл хэрэглэн тэмцэх чухал арга. Хамгийн гол нь зөв арга. Дарангуйлагчдаас салах гол арга.

Нээрэн үнэн шүү. Хаана ч дарангуйлагчид жагсагчдаас их айна. Ямар сайндаа манай өнөөгийн эрх баригчид жагсагчдыг буудах эрхийг цагдаад өгөх гээд хууль санаачлаад сууж байхав дээ?

Энэ жил арабын ор­нуу­дад болсон болон одоо хүртэл болж байгаа жаг­саалуудаас гадна хөгжил­тэй орнуудад “Оккупай Уол стрит” буюу “Уол ст­ритийг эзэлье” гэдэг хө­дөлгөөн, жагсаал өрнөв. Банк санхүүгийн байгуул­лагуудын явуулж буй мөн­гө хүүлэх бодлого шударга бус хуваари­лал­тыг дэвэр­гэж, баян, хоос­ны ялгааг ихэсгэж, шу­дарга ёсыг алдагдуулж байна гэж үзсэн иргэд ийнхүү банк, санхүүгийн байгуул­ла­гуудын байр­ладаг Уол стрит гудам­жийг эзлэхийг уриалж, тэгэхийг зорьж жагссан байна.

Манайд амлалтаа бие­лүүлдэггүй, авлигад идэгд­­сэн, ард түмний ит­гэлийг хүүлж байгаа эрх мэдэлтнүүд Саарал ордонд бүгсэн байгаа тул шудрага ёсыг эрхэмлэдэг хүн бүр “Саарал ордныг “эзэлье” гэсэн уриан дор нэгдэж, өнөөгийн эрх баригчдыг Оюу толгойн алдаатай гэ­рээ байгуулчихаад түү­ний­гээ засахгүй хэмээн зүтгэж байгаа учир, Таван толгойн ордыг бүхэлд нь ард түмэндээ өгөхийг шаар­дахад чих нь дүлий оргиод байгаа тул, иргэдээ өргүй болгох санаачилга гаргахад хууль гаргаж хориглож байгаа учир, амлалтаа биелүүлэхгүй байгаа тул тэдэнтэй ха­риуцлага тооцохыг уриалж байна.

Дахин хэлье. Эрх мэ­дэл жинхэнэ утгаараа ард түмний л гарт байна. Мон­голын ард түмэн “МАН-АН”-гийн боол биш. Боол биш болсноо ойлгосон хү­мүүс өдрөөс өдөрт улам бүр нэмэгдэж байна. Мон­голчууд бол эрх мэдлээ мэдэрсэн, эрх чөлөөг эрхэмлэдэг, шударга ёсыг хүсдэг иргэд болжээ.

Эрх мэдлийг нь худлаа хэлэн мэхэлж, гэмгүй ир­гэ­дийг нь буудаж, шарх­дуулж, саналыг нь луйвар­даж авбал аргаа бараад суугаад байдаггүй, мар­таад будлиад байдаггүй ард түмэн.

Аргаа бараад суугаа­гүй учир, мартаад буди­лаагүй тул та бид МАХН-аа сэргээн шинээр бай­гуулж, “МАН-АН” хэ­мээх хууль бус бүлэглэ­лийн эсрэг Монголын ард түмний эрх ашгийг хам­гаалан “босох” улс төрийн эвслийг байгуулах ажлаа шудрага ёсыг эрхэмлэдэг улс төрийн бусад хүчин, иргэний хөдөлгөөнтэй хамт­ран бүрдүүлэх амар­гүй ажлыг хийхээр зүтгэж байна.

4. Луйврууд: Сонгуу­лийн хууль, тус бүр гурван тэр­бум төгрөг баталсан. Ядуур­лын төвшин 40 хувь болж өсөв, Авлигын индексээр ухрав.

Энэ оны хамгийн том луйвар бол Сонгуулийн хууль мөн. “МАН-АН” өөрийгөө ард түмэн сон­гоогүй ч сонгоход чиглэгд­сэн хууль боллоо. Бүр товч­хон хэлбэл “МАН-АН” өөрөө өөрийгөө сонгох хууль.

Бодоод үз л дээ. Үнд­сэн хуульд УИХ-ын ги­шүүнийг сонгоно гэж заа­сан байгаа. Гэтэл шинэ хуулиар сонгуульд өрсөл­дөөд сонгогдоогүй хүнийг намын жагсаалт гэгч рүү гулсуулан УИХ-ын ги­шүүн болгохоор оруулжээ.

Өөрсдөө Үндсэн хуу­лийн үзэл санааг зөрчин сонгуулийн дараа “МАН-АН” хэмээх эвслийг бай­гуулсан хэрнээ сонгуульд “МАН-АН”-гийн эсрэг улс төрийн хүчнүүд нэг­дэхвий хэмээн айхдаа сонгуулийн өмнө эвсэл байгуулахад аль болохоор саад учруулах, сонгуулийн дараа аль болохоор амар­хан задрах заалтуудыг зориуд оруулсан байна. Энэ бол бусад намуудыг чадах гэсэн санаа, гэхдээ үэнэ хэрэг дээрээ монго­лын төрийг хорлох гэсэн увайгүй оролдлого мөн.

Уг нь сонгуулийн өмнө эвсэл байгуулах нь амар­хан байх, харин төр, зас­гийн тогтвортой үйл ажил­лагааны тухай асуудал хөндөгдөж байгаа тул сон­гуулийн өмнө байгуулагд­сан эвсэл дараачийн сон­гууль хүртэл задардаггүй байхаар хуульчилсан бол төр, засаг хариуцлагатай байх нөхцөл бүрдэх байжээ.

Харамсалтай нь Сонгуулийн хуулинд тогтворгүй, үймээн бужигнаантай төр, засаг байхаар хуульчлагджээ. Гэхдээ “МАН-АН”-гийн эсрэг бүрдэх эвсэл тэдний санасанчлан, хүссэнчлэн хэврэг байхгүй гэдэгт итгэж байна.

Бас нэг том луйвар бол УИХ-ын гишүүдэд тус бүрт нь гурван тэрбум төгрөг баталсан тухай асуу­дал байгаа юм. Энэ нь сонгуульд нэг хэсэг хүнд онцгой давуу байдал бий болгож, сонгуулийг чө­лөөт, шудрага өрсөлдөөн биш, харин луйвар булхай, сонгогчдыг төөрөгдүүлэх үйл ажиллагаа болгон хувиргаж байна. Тэгээд ч гишүүд той­рогтоо хөрөнгө мөнгө зар­цуулахдаа орон нут­гийн хөгжлийн бодло­го­той зөр­чилдөх, давхар­дуулах, үр ашиггүй зардал гаргах, ав­лига хээл ха­хууль авах, өгөх явдал хавт­гайрдаг гэсэн шүүмж­лэл олон жи­лийн турш үргэлжилсээр бай­гаа. Ий­мэрхүү шуд­ра­га бус аргаар өнөөгийн УИХ-ын ги­шүүд, “МАН-АН”-гийн удирдлага өөрс­дийгөө сонгуулахыг боджээ.

Гэхдээ Монголын ард түмэн өнөөгийн “МАН-АН”-гийн удирдлага, УИХ-ын гишүүдийн үнэн нүүр царайг сайн таньж мэдсэн тул тэдэнд хуур­тахгүй, тэдэнтэй хариуц­лага тооцож чадна гэдэгт итгэж байна. Сонгогчдод УИХ-ын гишүүдийн ам­ласан болон хийсэн хоёрын хооронд ямар их зөрүү байгааг тайлбарлан ойлгуулах ажлыг та бид идэвхтэй хийх ёстойг анхааруулая.

Өнгөрч буй онд гарсан нэгэн түгшүүрт үзэгдэл бол Монгол Улсын Авли­гын индекс улам муудаж, олон орны ард орсон явдал юм.

Бүх Ард Түмний Их Хурилдай дээр би энэ ту­хай хэлж байсан. Өнөөдөр олон улсын судалгааны аргачлалаар авч үзэж бод­вол нэг жилд төсвийн 10-20 хувь нь буюу 650 тэр­бумаас 1,3 триллион төгрөг албан тушаалтнуудын ха­лаасанд авлига хэлбэрээр орж байна. Энэ бол нэг жилд нэг иргэнд 250-500 орчим ам.доллар ногдож байна гэсэн үг. Эрх ба­ригчид авч байгаа авлигаа ард түмэндээ өгсөн бол энэ дөрвөн жилд амлалтаа агуулгаар нь биш, харин жинхэнээр нь биелүүлэх бүрэн боломжтой байжээ. Энэ бүхнээс үүдэн төрөөс тэрбумтнууд төрүүлэх нь өнөөгийн төр, засгийн бодлого, зорилго болсон гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй биз ээ.

Үүний уршгаар ард түмний ядуурлын төвшин 40 хувь болж нэмэгдэв. Энэ бол баялгийн хуваа­рилалт туйлын шудрага бус байгаагийн баталгаа, баян, хоосны ялгаа хэт их болсны нотолгоо мөн.

МАХН-ын гол зорилго шудрага сонгууль явуу­лах, авлигагүй нийгэм байгуулах, амлалтаа биелүүлдэг төр, засгийг бүрдүүлэх, баялгийн шудрага хуваарилалтыг нэвтрүүлэх, эрхтэн дархт­нуудыг бус, иргэдийг баяжуулахад оршино.

5. Осама бен Ладенг устгав. Каддафийг устгав. Ким Чен Ир нас барав. В.Гавел нас барав. Стив Жобс нас барав.

Энэ онд олон оронд алдартай хүмүүс нас ба­рав. Зарим нь өвчнөөр бурхан болов. Зарим нь өөр шалтгаанаар амьсгал ху­раав. Тэднийг нэгтгэгч нэг шинж чанар бол тэд бүгд тэмцэгчид байлаа.

Харин хооронд нь ял­гаруулж буй шинж чанар бол тэдний нэг хэсэг нь хүнийг үзэн ядаж, хүнийг үл тоож, тооцож амьдарсан байна. Хүнийг боол гэж үздэг байжээ.

Нөгөө хэсэг нь хүнийг хүндэтгэж, хүнийг хүн хэмээн тоож, тооцож амьдарсан байна. Хүнийг хүн болгохын төлөө тэмцсэн байна.

Ливийн удирдагч Каддафи босогчдын гарт орсныхоо дараа тэдэнд хандан хүн алах нь “харам” буюу нүгэл гэв. Дарангуйлагч өөрөө олон хүнийг алж байхдаа нүгэл хийж буйгаа ойлгодоггүй байж. Харин өөрийнх нь амь нас дэнжигнээд ирэхээр ойлгодог болж байна.

Манайд “МАН-АН” таван хүний амь насан дээр дөрөөлж гарч ирс­нийгээ нүгэл гэж одоо хүртэл ойлгохгүй байгаа. Тэд долдугаар сарын 1-ний асуудлыг шудрагаар шалгаж буруутныг тогтоох ажлаа хийхгүй байна. Ха­рин ч луйврын сонгуулиа хийнэ гэсэн шиг сонгуу­лийн дараа иргэд эсэргүү­цэж жагсвал цагдаагаар буудуулна гэсэн хуулийн төсөл санаачлаад сууж байна.

Энэ онд “Эппл” ком­панийн захирал, мэдээл­лийн технологийн олон нээлт хийсэн Стив Жобс бурхан болов. Стив Жобс бол шинэ цагийн илэр­хий­лэл, шинийг санаач­лагч, бүтээгч болсон тул олон сая хүн түүний араас нулимс дуслуулан харам­саж, гашуудсан. Стив Жобс дэлхийн хамгийн том компанийг байгуулж чадсан. Хөгжил дэвшил, баялаг бол алт, зэс, нүүр­сэнд байдаг биш. Хамгийн их баялаг хүний тархи толгойд байдгийг тэр баталсан. Хамгийн гол нь тийм баялаг хэзээ ч шавхагдашгүй баялаг мөн.

Чехийн анхны Ерөн­хийлөгч Вацлав Гавел нас баржээ. Тэр бол насан туршдаа хүнийг хүн хэ­мээн тооцож, тоож амьдар­сан хүн. Хаана хүн хав­чигдаж, дарагдаж байна тэнд түүнийг өмөөрч, хам­гаалж байхыг өөрийнхөө үүрэг, бүр томоор яривал хувь заяа хэмээн үздэг байсан өөрөө жинхэнэ хүн.

Ким Чен Ир нас нөгч­лөө. Бүх юмаа нууцалсан хүн. Хойд Солонгос хэ­мээх нууц орон болсон. Цөмийн зэвсэгтэй ч юм шиг, үгүй ч юм шиг. Өөрийнх нь ч амьдрал, ард түмнийх нь ч амьдрал нууц.

Тээр жил МАХН-ын төлөөлөгчдийг Хойд Солонгост урьсан юм. Бид явах бэлтгэлээ базааж байхдаа Ким Чен Ир даргад ямар бэлэг аваачиж өгөх вэ? гэж тэр үеийн Хойд Солонгосын Элчин сайдаас асуухад “монгол савхин дээл зүгээр” гэж хариулсан. Ким Чен Ир даргад савхин дээл оёулахаар болоод хэмжээг нь асуутал Элчин сайд “Энэ бол төрийн нууц” гэж хариулж билээ. Бид дээлээ оёулахын тулд Элчин Сайдаар Ким Чен Ир даргатай адилхан бие галбартай монгол хүн заалгаж аваад түүний хэмжээг авч савхин дээл оёулж билээ. Тэгэхэд би Хойд Солонгос руу яваагүй, харин манай төлөөлөгчид яваад бэлгээ өгсөн юм. Гэхдээ өөрий­гөө бусдаас нууцалдаг, хаана байгаа нь мэдэгд­дэггүй, хүнтэй бараг уулз­даггүй хүн байсан тул бэлгээ өөрт нь шууд өгч чадаагүй гэсэн.

Иргэдээ, тэднийхээ амьдралыг нууцлана гэдэг бол үнэн хэрэг дээрээ хүмүүсээ үнэлэхгүй бай­гаа­тай агаар нэгэн буй хэ­мээн судлаачид хэлсэн байдаг. Цэцэг гэрэлд дэл­гэрч, харанхуйд хумигд­дагтай адил хүний авъяас нууц байдалд, харанхуйд биш, харин эрх чөлөөтэй нөхцөлд гэрэлтэйд дэлгэр­нэ. Хүн манантайд биш, гэрэлтэйд амьдралынхаа зөв замыг олно, сонгоно.

Осама бен Ладен энэ жил нас барсан. Аливаа шашин ариун сургаал бай­даг нь ойлгомжтой. Шашин хүний амьдралыг утга учиртай болгоно. Хү­ний биеийн гэхээс илүү сэтгэлийн хүч тэнхээг үлэмж нэмнэ. Гэхдээ ша­шин хүнд туслах л үүрэг­тэй. Хүнийг хүн болоход туслах үүрэгтэй. Эхлээд хүнийг хүн болгож байж, дараа нь бурхан болгодог гэж хэлж болно. Хүн бо­лоогүй байж бурхан болно гэж байхгүй.

Гэтэл Осама бен Ладен шашиныг хүний дээр тавьсан, хүнийг шашины золиос болгосон нь түүний хувьд ч, түүний алан хядах үйл ажиллагаанд амь насаа алдсан хүмүүст ч эмгэнэл болсон.

Хүн бол бүхний хэм­жүүр. Ингэж эртний Гре­кийн философич Прота­гор сургасан байдаг.

Аливаа шашин, улс гүрэн, нам, бодлогын хувьд хүн бол бүхний хэм­жүүр байх ёстой гэж хэл­бэл хэтрүүлсэн болохгүй.

Монгол Улсын хувьд, МАХН ба түүний хамтран зүтгэгчдийн хувьд монгол хүн бүхний хэмжүүр байх ёстой. Ямар ч зорилго, үйл ажиллагааг Монгол хүний дээр, түүний эрх ашгийн дээр, эсхүл эсрэг тавьж үл болно.

Харамсалтай нь “МАН-АН”-гийн хувьд мөнгө бүхний хэмжүүр болжээ. Тэд монгол хүний дээр нь мөнгө залсан байна.

Монгол хүн, түүний эрх ашгийг бүхний хэм­жүүр болгохын төлөө бүгд зүтгэцгээе.

6. Японы газар хөд­лөлт, цунами, Фукуши­магийн аваар.

Сүүлийн жилүүдэд бай­галийн гамшгийн дав­тамж, хор хохирол нэмэг­дэв. Энэ жил Японд урьд өмнө болж байгаагүй хүч­тэй газар хөдлөлт болж, урьд өмнө босч байгаагүй 20 гаруй метрийн өндөр цунами босч, Фукушима­гийн атомын цахилгаан станц эвдэрч, цөмийн цац­рагийн аюул зөвхөн Японоор зогсохгүй, бүс нутагт, дэлхий дахинд учирсан. Японд олон мянган хүн амь насаа алдаж, олон мянган бай­шин барилга эвдэрсэн. Гэхдээ энэ гамшигийн үед монголчууд болон бүх дэл­хийн улс түмний хамгийн их гайхаж, биширсэн юм бол япончуудын тэсвэр хатуужил, тэдний сэтгэ­лийн тэнхээ билээ.

Хүнийг жаргал, зовлон хоёрыг хэрхэн дааж давдагаар нь хүн болж уу үгүй юу? гэдгийг дүгнэж болно. Тэр утгаар нь аваад үзвэл, япон хүн зовлон дааж, давж байгаагаар нь дүгнэвэл аль хэдийн жинхэнэ хүн болжээ. Япон хүний хамгийн их хүч нь биенд нь биш, сэтгэлд нь байдгийг бүх дэлхий таниж мэдлээ. Япон хүн хүчтэй учир үнэ цэнэтэй ч юм байна. Япончууд үнэ цэнэтэй учир Япон Улс ч хүчтэй юм байна. Дашрамд хэлэхэд Японд ашигт малтмал гээд байх юм бараг байхгүй. Гэхдээ Япон бол баян улс.

Тэгвэл япон хүний ту­хай яриагаа монгол хүний тухай яриа руу шилжүүлэе. Нэгдүгээрт, монгол хүний хүч биенд нь байна уу, сэтгэлд нь байна уу? Бодох л ёстой асуудал. Мон­голчууд “биеийн хүчээр нэгийг, сэтгэлийн хүчээр олныг” гэж ярьдаг гэдгийг сануулах юун. Бид ямар ч байсан сэтгэлийн хүч бол илүү их хүч гэдгийг мэддэг улс.

Гэхдээ өнөөгийн монгол хүнд хүч байна уу? Ялангуяа сэтгэлийн хүч. Ер нь Монголд монгол хүн үнэ цэнэтэй байна уу? Монголд монгол хүнээ үнэлж байна уу? Эсхүл ашигт малтмалаа илүү үнэл­дэг болсон уу? Мон­гол бол ашигт малтмалаар баян орон. Гэхдээ ядуу улс. Ямар сайндаа албан ёсны судалгаагаар нийт ард түмний 40 хувь нь ядуу байна. Албан бус тооцоогоор 60 хувь нь ядуу гэж үздэг. Өнөөгийн төр, засаг монгол хүний итгэлийг эвдсэн учир түүний сэтгэлийн хүчийг нь сулруулжээ. Сэтгэлийн хүч нь суларсан хүн үнэ цэнэгүй болдог байна. Ард түмэн нь үнэ цэнэгүй бол дарга нар нь хагартлаа баяжсан ч тухайн орон ядуу байдаг ажээ.

Тэгэхлээр хүнээ үнэл­дэг орон баян, хүнээ үнэл­дэггүй орон ядуу байдаг байх нь ээ? Хүнээ үнэлдэг оронд хүн нь биеийн гэхээс илүү сэтгэлийн хүч тэнхээтэй байдаг байх нь. Тэр хүчийг нь итгэл нь тэтгэж, сэлбэж байдаг аж.

Хүнээ үнэлдэггүй улс орон ядуу дорой байхаас гадна аюулгүй байдал нь суларна, тусгаар тогтнол нь эргэлзээтэй байдалд орно.

Өнөөгийн Монголд тогтсон олигархиудын за­саглал монгол хүний үнэ цэнийг бууруулжээ. Оли­гархиудад монгол хүнээс илүү алт, зэс, нүүрс, төмөр үнэтэй байдаг аж.

Олигархиудын засаг­ла­лын илэрхийлэл болсон “МАН-АН”-гаас түргэн салж, монгол хүнээ үнэл­дэг, монгол хүний биеийн ч, сэтгэлийн ч хүч тэнхээг сэргээж, нэмэгдүүлдэг ард түмний төр, засгаа өөрсдөө эмхлэн байгуулцгаая, монголчууд аа.

Энэ тэмцэлд МАХН бусад нам, иргэний хөдөл­гөөний байгууллагуудтай хамтран идэвхтэй зүтгэх түүхэн үүрэгтэйг та бүхэн­дээ анхааруулая. Энд биеийн гэхээс илүү сэтгэлийн хүч хэрэгтэйг сануулах юун.

Эртний Грекийн фи­лософич Протагорын хэлс­нийг дахин санац­гаая. Хүн бол бүхний хэм­жүүр. Монгол Улсад мон­гол хүн бүхний хэмжүүр болох ёстой. Оюу толгойн төсөл юуны түрүүнд монгол хүнд ашигтай байх ёстой. Таван толгой юуны түрүүн монгол хүн бүрийн дундын баялаг болох ёстой. Монгол хүн өрийн дөнгөнд гавлагдах ёсгүй.

Монгол хүнд амалсан бол төр, засаг амлалтаа биелүүлэх ёстой. Монгол хүнийг мэхлэн хуурч болохгүй гэдэг бол монгол төрийн баримтлах ёстой туйлын чухал зарчим мөн.

2012 он Монгол ардын үлгэрт гардагчлан эерэг баатар арван таван толгойтой атгаалжин хар мангасыг ард түмнийхээ дэмжлэгтэйгээр дарах болтугай гэж ерөөе.

Харин МАХН ба түүний хамтран тэмцэгч нам, хөдөлгөөнүүд ард түмний дэмжлэгийг авсан, итгэлийг нь төрүүлсэн сайн баатар болж чадах эсэх нь дан ганц та бидний сэтгэл, зүтгэлээс шалт­гаална гэдгийг анхаа­руулан хэлье.

zuunii medee


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих