ДОЛООН НАСТАЙ ХҮҮГ ДАЙРЧ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН ЭТГЭЭДЭД НЭГ ЖИЛИЙН ТЭНСЭН ОНООЖЭЭ

2175

Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Хэрх” тосгонд зам тээврийн ослоор долоон настай хүүгээ алдсан ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Уг хэрэг хоёр жилийн турш шийдэгдэхгүй явсаар шүүхээс ослын буруутанд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 7-ны 12.00 цагийн орчимд өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагаан худгийн ойролцоо долоон настай хүүг М гэгч нь автомашинаар дайрч, 50 метр орчим газар чирч амь насыг нь хохироожээ.

Хохирогчийн ээж  Н.Оюунцэцэг “М.Мөнхтулга гэгч этгээд хүүг маань дайрч амь насыг нь хохироосон. Хэргийг мөрдөн байцаагч Мөнхсүх хүлээн авч шалгасан ч мөрдөн шалгах ажиллагааг хэт удаан явуулснаас хэрэг шийдэгдэхгүй хоёр жил боллоо. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд автомашинд мөргүүлсний улмаас тархинд цус харвалт үүссэн. Түүнээс үхэлд хүргэх ужиг эмгэг өвчингүй байсныг бичсэн байдаг. Гэтэл Мөнхсүх байцаагч Эрүүл мэндийн төвийн дарга Лхагвадоржоор тархины усжилтаас үүссэн тархины саа саажилт оноштойгоор эмнэлгийн хяналтад байсан нь үнэн гэсэн хуурамч бичиг гаргуулж авсан. Хүүг маань мөргөчихөөд зогсохгүй 50 метр газар чирсэн. Хүү маань тав хоног ухаангүй ГССҮТ-д хэвтээд нас барсан. Хэргийг шалгасан сумын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагаа хэргийн материалыг дутуу бүрдүүлсэн, зарим нотлох баримтыг устгасан” гэж амиа алдсан хүүгийн ар гэрийнхэн үзэж байгаа юм.

Уг хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүй дотоод, хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Улсын дээд шүүхийн холбогдох албан тушаалтанд өргөдөл өгч, тусламж хүсчээ. Гэсэн ч хэргийн шийдвэрлэлт өнөөг хүртэл сунжирчээ.

Дээрх хэрэг давж заалдах шатны шүүхэд яваа бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх шалтгааны улмаас хэд хэдэн удаа буцаагдсан аж.

Ингээд хэрэгтэнд тэнсэн харгалзах ял оноож, хөнгөн гэмт хэрэг гэж үзсэнд гомдолтой байгаагаа хохирогчийн ар гэрийнхэн хэллээ. Талийгаачийн ар гэрийнхнээс уг хэргийн үнэн зөв шүүж өгөхийг хүслээ.

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих