Нэг удаагийн живхний хөнөөл

219

Монголчууд бид өнөөдөр уран, цөмийн хаягдал гэхээр сэртэсхийх хэрнээ байгаль орчинд маш сөрөг нөлөөтэй, түүгээр ч зогсохгүй үр удмыг маань аажмаар бөхөөх аюул биднийг аль хэдийнэ нөмөрснийг анзааралгүй явж байна. Хор хөнөөлийг нь бодвол “Чимээгүй тахал” гэж нэрлэж ч болохоор энэ аюул бидний өдөр тутмын хэрэглээ болсон, ялангуяа залуу ээж, аавуудын хамгийн үнэнч туслагч болдог живхэнд бий гэвэл та итгэх үү. Та магадгүй итгэхгүй ч байж мэднэ. Тэгвэл живхний хэрэглээ хор нөлөөтэй болохыг судалсан эрдэмтдийн судалгааны тайлан, байгаль экологид үзүүлж буй хөнөөлийн талаар доорхи баримттай танилцана уу.

Живх үргүйдэлд хүргэнэ

Эрэгтэй хүний хамгийн чухал, магадгүй хамгийн эмзэг эрхтэн бол төмсөг. Эрдэмтэд том хүний төмсөгний дулааныг 45 хэм хүртэл нэмэгдүүлж туршихад маш таагүй үр дүн гарч байжээ. Тэдгээр эрдэмтэд эрэгтэй хүүхдэд памперс өмсгөсөн тохиолдолд биеийн дулаанаас 5С орчим хэмийн илүү дулаан үүсдэг гэдгийг мөн баталсан байна. Илүү дулаан орчинд “хүчээр” байснаар бэлгийн эс боловсруулах үндсэн үүргээ биелүүлж чадахгүй доголддог байна. Мөн төмсөгт артер, венийн судас байдаг, температур хэвийн бус байснаас болоод судас буруу байрлалтай болж хувирвал үзүүлэх хор уршиг нь зүйрлэшгүй юм.

Нэг удаагийн живхний хөнөөл

Үүнээс гадна, хүүхдийг хоёр нас хүртэл нь живх хэрэглэснээр тухайн хүүхэд крипторхизм хэмээх өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай болдог байна. Энэ нь нэг ба хоёр талын төмсөг хуухнагт бууж байрлалгүй, хэвлийн хөндийд буюу цавины сувагт саатдаг төрөлхийн байрлалын эмгэг юм. Жирийн үед хүүхдийн хуухнаг чөлөөтэй байдаг, харин живх өмссөнөөр биед наалдаж байрладаг учир төмсөг байх ёстой байрандаа очилгүй саатаж, улмаар эмгэг үүсдэг байна. Крипторхизмыг хугацаа алдаж, хожуу эмчлэх тохиолдолд үргүйдлийг үүсгэж, үр удмаа үлдээх боломжгүй болгохоос гадна удаан хугацаагаар эмчилгээ хийгээгүй үед хорт хавдрын эдэд шилжих магадлалтай өндөртэй. Нэг талын крипторхизмын үед 62%, хоёр талын үед 89.5% нь хорт хавдарт шилждэг. Судалгаагаар хоёр талын крипторхизм 100% үргүйдлийг үүсгэдэг бол нэг талын крипторхизм 54-76.6% үргүйдлийг үүсгэдэг (Schirren, 1965). ЭНЭШТөвийн Андрологийн кабинетаар ирж үзүүлсэн 430 үргүйдэлтэй эрэгтэйчүүдийн 10 (2,33%) нь крипторхизмтай байсан байна /О.Амаржаргал , Б.Энхравдан, Ж. Раднаабазар, Г. Эрдэнэтуяа нарын 2006 онд хийсэн судалгааны тайланд өгүүлснээр/. Эдүгээ дээрх судалгаа хийгдсэнээс хойш арав гаруй жил өнгөрсөн байна. Манайд энэхүү өвчнийг памперс буюу живхтэй холбож судалсан судалгааны бүтээл байдаг эсэхийг хайгаад олсонгүй. Харин хойд хөршид бол төмсөгний бойжилт, өсөлтөд памперс сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг аль хэдийнээ судлаад тогтоосон байна. Тэнд лав энэ эмгэг илэрсэн хүүхдэд памперс байнга хэрэглэхийг хориглодог.

Хаягдал живх байгальд 300-500 жил хадгалагддаг

Эртний Грекийн домог /миф/-т бурхдын хаан Зевс, элч тэнгэр Гермес нар арьсаар хийсэн өмсгөлд шээж байсан талаар өгүүлсэн нь живх эрт дээр үеэс хүн төрөлхтний хэрэглээ байсныг гэрчилдэг. Гэвч жинхэнэ оргил үе нь 1956 оноос буюу Procter & Gamble-ийн зохион бүтээгч Вик Миллс, Норма Луэдерс Бэйкер нар супер шингээгч бүхий нэг удаагийн живхийг зохион бүтээж, олноор нь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тэр үеэс эхэлжээ. Pampers хэмээх тэрхүү брэнд нь жинхэнэ байлдан дагуулалт хийж, дэлхийн хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг болсон юм. Одоо ч гэсэн дэлхийн олон оронд “Памперс” гэдэг үг живх гэсэн утгыг илэрхийлсээр байгаа билээ.

Шинэ зүйл ашиг өгөхийг мэдсэн компаниуд живхний үйлдвэрлэлд хүчээ үзэж эхэллээ. АНУ-даа хамгийн томд тооцогддог “Kimberly Clark” хэмээх цаасны компани 1968 оноос “Huggies” гэж нэрлэсэн анхныхаа живхийг хийх туршилтыг эхлүүлэв. Ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд ноёрхогч “Procter and Gamble” ч живхний үйлдвэрлэлээс асар их ашиг олсон, одоо ч олсоор байгааг бид мэднэ. Живхний хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдэх талаар нухацтай бодож эхлэх хүртэл энэ бизнес үнэхээр хамгийн орлоготой нь байж, 1990-ээд онд ч гэсэн энэ салбарт шинэ шинэ үйлдвэрүүд шил шилээ даран нээгдэж байсан юм. Харин 2000-аад оноос буюу живхний байгаль экологи, болон нярайн биед үзүүлдэг байж болох сөрөг нөлөөний асуудал сөхөгдсөнөөс хойш хөгжингүй орнуудын төр засаг, томоохон аж ахуйн нэгжүүд энэхүү асуудалд онцгой анхаарал хандуулж эхэлсэн байдаг юм.

Нэг удаагийн живхний хөнөөл

Нэг хүүхэд өсөж том болтлоо дунджаар 4000 ширхэг памперс хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна. Европ тивийн нийт хог хаягдлын 2 хувийг нэг удаагийн живх эзэлдэг бол АНУ жилд 28 тэрбум ширхгийг хэрэглэдэг ажээ. Хэрэглэсэн живхийг булж устгасан тохиолдолд хөрсөнд 300-500 жил хадгалагдах чадвартай бөгөөд энэ нь байгаль орчинд онцгой аюултай гэсэн үг юм.

Живх үйлдвэрлэгч томоохон компаниуд 2000-аад оноос эхлээд “биологийн” гэж нэрлэсэн живхийг үйлдвэрлэхээр ажилласан бөгөөд олон удаа хэрэглэдэг живх бүтээх ажил нэгэн зэрэг эхэлсэн юм. Эдгээ дэлхий нийтийн чиг хандлага нэг удаагийн живхнээс татгалзаж, олон удаа ашигладаг живх хэрэглэх замаар экологид учруулах хор хөнөөлийг нь багасгах тийшээ явж байна. Харин манай улс энэ асуудалд одоохондоо анхаарал хандуулах “завгүй” явсаар ирлээ. Гэхдээ энэ цалгар назгай байдлаа орхиж, байгалиа, ирээдүй болсон үр хойчийнхоо эрүүл мэндэд анхаарал тавих цаг ирээд байна. Импортлогч компаниуд ч гэсэн дэлхийн чиг хандлагыг даган нэг удаагийн гэхээсээ илүү олон удаа хэрэглэх живхийг түлхүү оруулж ирэх, мэдлэг мэдээллийн тал дээр нийгмийн хариуцлагаа хүлээж ажиллах цаг болжээ.

Живхний хаягдлыг устгадаг бусад улсын туршлага

 Живх байгаль орчинд маш хор хөнөөлтэй гэдгийг одоо нэгэнт тогтоосон дэлхий нийтээрээ мэддэг болсон. Гэхдээ шинжлэх ухааны чиг хандлага одоо ашиггүй зүйлсийг ашигтай болгох, хог хаягдлыг ч баялаг болгох чиглэлд илүүтэй ажилладаг болсон өнөө үед улс орнууд живхний хаягдлыг ашигтай болгох арга эрэлхийлсээр байна. Практикт тэр бүр нэвтрээгүй ч лабораторийн түвшний судалгаанууд бол олон янзаар хийгдэж, тодорхой чиг баримжаа ч гаргаад байгаа жишээ  байна.

Мексик

Мехикогийн их сургуулийн эрдэмтэд живхний дотор байдаг эд дээр мөөг ургуулж туршихад амжилттай болжээ.  Хамгийн гайхалтай нь тийм зүйл дээр ургасан гэхэд амт чанарын хувьд хөрсөнд ургуулснаас ямар ч ялгаагүй байсан гэж байна. Тэгэхээр, живхний хаягдал дээр мөөг ургуулж болох нь. Даанч мөөг ургуулж болдог болтол нь олон дахин боловсруулалт хийх шаардлагатай бөгөөд энэ нь одоогийн түвшинд хэт их хөрөнгө оруулалт шаардах ажил юм байна.

Англи

Мексикчүүд живхний хаягдал дээр мөөг ургуулахыг нээсэн бол англичууд барилгын материал болгох чиглэлээр судалгаа хийн тодорхой амжилтад хүрчээ. Англид нэг хүүхэд өсөж том болтлоо 6000 живх хэрэглэдэг. Түүнийг нь эрдэмтэд боловсруулаад дээвэр хийхэд тохиромжтой зөөлөн материал гаргаж авсан байна. Англид жил бүр 500 мянган тонн живх хаягдал болдог байна.

Нэг удаагийн живхний хөнөөл

Канад

Канад улсад хаягдал живхээр байшингийн дээвэр хийдэг үйлдвэр ажилладаг. Тэрхүү компани “Дээвэртэй болохын тулд живх худалдаж ав” гэсэн уриатай ажилладаг аж. АМЕС корпораци мөн живхнээс түлш гаргах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа аж.

Герман

Германчууд прагматик хүмүүс. Тэдний тухай “Ажлыг төлөвлөдөггүй, харин хэрэгжүүлдэг” гэж ярих нь ч бий. Германы Бремен хотод живхний хаягдлаас эрчим хүч гаргаж авах үйлдвэр аль хэдийнэ ашиглалтад орсон. Тус улсад нялх хүүхдээс илүү хөгшчүүд живх их хэрэглэдэг тул ахмадын асрамжийн газраас түүхий эдээ авдаг ажээ.

Шотланд

Шотландууд өдөр бүр хаягддаг 450 мянган хаягдал живхтэйгээ тэмцэхийн тулд төр засаг нь иргэдтэйгээ нийлээд “Knowaste” нэртэй төсөл хэрэгжүүлжээ. Иргэдийг живхээ бусад хогноос тусад нь хаяхыг уриалж, цуглуулж аваад пластик эдлэл хийдэг үйлдвэрт өгдөг болсон байна. Төслийн хүрээнд байгуулагдсан уг үйлдвэр хаягдал живхийг бүтээгдэхүүн болгож хувиргадаг ажээ. Одоогоор пластик гаргаж байгаа бол яваандаа картон цаас, цавуу гээд нэр төрлөө өргөжүүлэх гэнэ.

Дэлхийн улс орнууд живхийг энэ мэтчилэн үр ашигтай, түүхий эд болгон ашиглаж, ядахдаа л хог хаягдлаасаа тусад нь ялган устгаж байна. Харин манайд хаягдал булшилдаг нэг л аргаа хэрэглэсээр. Төвлөрсөн хогийн цэгт очиж “амжаагүй” хаягдал живх хөрсийг бузарласаар л байна.


URL:

Сэтгэгдэл бичих