Хүчний дасгал хийдэг бол таны биед нэмэлт уураг шаардлагатай

phpGKTV28-14032018-1520989519-694304475Биеийн тамираар хичээллэдэг хүмүүс болон мэргэжлийн тамирчдын эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний идэвхэд сайнаар нөлөөлөх улмаар амжилт гаргахад хоол хүнс чухал үүрэг гүйцэтгэдэг. Спортын хооллолтын талаар мэдлэгтэй байж тэнцвэртэй зөв хооллосноор гүйцэтгэл сайжрахаас гадна бэртэл гэмтлээс сэргийлдэг.

Спортын гүйцэтгэл ба шимт бодисууд

Өөх тос, уураг, нүүрс ус нь хүний биеийг энергээр хангадаг үндсэн шимт бодисууд юм. Нүүрс ус булчин ажиллах үед илчээр хангадаг гол энергийн эх үүсвэр. Нүүрс усыг хангалттай хэрэглэснээр дасгал сургуулилт, тэмцээний үед ядрахаас сэргийлдэг. Өөх тосны хэрэглээнд анхаарах шаардлагатай ч хэрэглэхгүй байж болохгүй. Өөх тос илчлэгээр хангахаас гадна хүний биед шаардлагатай тосны хүчлүүдийг агуулдаг. Ялангуяа нэг цагаас дээш хугацаагаар дасгал хийх тохиолдолд өөх тос чухал шаардлагатай. Өөх тос эсийн хана болон дааврын бүтцэд оролцохоос гадна тосонд уусдаг аминдэмүүд /А, Д, Е, К/-ийг зөөвөрлөдөг.

Уураг энергийн эх үүсвэр болохоос гадна булчингийн шинэ эдийг үүсгэдэг. Хэрвээ хүчний дасгалаар хичээллэдэг бол таны биед нэмэлт уураг шаардлагатай.

Биеийн жингийн менежмент

Эрүүл жинтэй байхад зохистой хооллолт чухал. Хэрвээ та биеийн жингээ хасах шаардлагатай бол уураг, өөх тос, илчлэгийн хэрэглээгээ бууруулснаар гүйцэтгэлд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй ч эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Та өдөр тутмын хоолондоо  дараах хүнсийг заавал оруулах хэрэгтэй. Үүнд:

  • Хүнсний ногоо
  • Бүхэл үр тариа
  • Жимс, жимсгэнэ
  • Өөх багатай мах
  • Тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Оливын, рапсын, цөцгийн тос гэх мэт хүний биед ашигтай тос

Усны хэрэглээ

Спортоор хичээллэх үед ус маш чухал. Усны хангалтгүй уувал шингэний дуталд хүргэдэг. Энэ нь гүйцэтгэлд муугаар нөлөөлөхөөс гадна эрүүл мэндэд аюултай. Шингэний дутал идэвхитэй хөдөлгөөн хийх, халуун, хуурай орчинд дасгал хийхэд үүсдэг. Ус ууснаар шингэний дутлыг нөхөж болох ч нэг цагаас дээш хугацаагаар дасгал хийх үед эрдэс бодисоор баялаг спортын ундаа уух нь илүү ач тустай.

Нүүрс ус

Нүүрс ус нь талх, гурилан бүтээгдэхүүн шош, буурцаг, сүү, эрдэнэшиш, төмс, хүнсний ногоо, жимс, гоймон гэх мэт эрүүл болон эрүүл бус хүнсний аль алинд нь агуулагддаг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг нүүрс ус бол сахар, эслэг, цардуул юм.

Нүүрс ус нь бие махбодийн үйл ажиллагаа болон хөдөлгөөнд зарцуулагдах илчийн эх үүсвэр болдог. Хүний эрүүл мэндэд ач холбогдолтой нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнд боловсруулаагүй үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, шош, буурцаг ордог. Эдгээр хүнсэнд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөнийг биеэс гадагшлуулж, бие махбодиос хортой бодисуудыг зайлуулдаг нийлмэл нүүрс ус болох эслэг агуулагдахаас гадна аминдэм, эрдэс бодисууд агуулагддаг.

Эрүүл бус нүүрс усны эх үүсвэрт цагаан талх, гоймон, цагаан будаа, чихэрлэг ундаа, элсэн чихэр зэрэг үйлдвэрийн боловсруулалтанд орсон бүтээгдэхүүнүүд ордог. Эдгээр бүтээгдэхүүнд хүний биед амархан шингэдэг энгийн нүүрс ус агуулагддаг бөгөөд таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин гэх мэт өвчний эрсдэлийг бий болгодог.

Өөх тос

Өөх тос нь энергийн маш сайн эх үүсвэр болдог. Шим тэжээлийн чухал ач холбогдолтой боловч өөх тосны хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй. Өөх тосыг хэтрүүлэн хэрэглэснээр биеийн жингийн илүүдэл үүсэхээс гадна эрүүл мэндийн олон асуудлуудыг үүсгэдэг. Ханасан өөх тос нь амьтны гаралтай болон боловсруулсан хүнсэнд түлхүү агуулагддаг. Тухайлбал өөхтэй мах, хиам, зайдас, утсан мах, чипс гэх мэт. Ханасан өөх тос нь бага нягттай холестеролын хэмжээг нэмэгдүүлснээр зүрх судасны өвчлөлд хүргэдэг.

Ханаагүй өөх тос нь авокадо, олив, самар, загас гэх мэт хүнсэнд агуулагддаг. Эдгээр хүнс нь өндөр нягттай холестеролын хэмжээг нэмэгдүүлж бага нягттай холестеролыг бууруулснаар зүрх судсанд сайнаар нөлөөлдөг.

Уураг

Уураг нь биеийн бүх эсийн бүрэлдэхүүнд орохоос гадна эд эс шинээр бий болоход оролцдог. Энэ нь мөн фермент, дааврыг бий болгохоос гадна яс, булчин, шөрмөс, арьс, цусны бүрэлдэхүүнд оролцдог.

Уураг ихтэй хүнсэнд мах, загас, өндөг, шош, буурцаг, самар, үр тариа, шар буурцгийн бүтээгдэхүүн ордог.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хөнгөн атлетикийн тамирчид, хүндийг өргөлтийн тамирчид, болон бусад спортын тамирчид хүч, хурд, гүйцэтгэлээ сайжруулахын тулд нэмэлтээр хэрэглэдэг. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь маш олон төрөл байдаг байдаг. Тухайлбал эрдсийн бэлдмэл, аминдэмийн бэлдмэл, уураг, аминхүчлийн бэлдмэл гэх мэт.

Ямар нэгэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө энэхүү бүтээгдэхүүн нь эрүүл, аюулгүйн шаардлага хангасан эсэх, тухайн спортын төрөлд тохирох эсэх талаар судлах хэрэгтэй. Мөн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө спортын эмч, хоол зүйчээс зөвлөгөө авах нь зүйтэй.

Түгээмэл хэрэглэгддэг спортын нэмэлт бүтээгдэхүүнд:

Шар сүүний уураг

Шар сүүний уураг нь сүүнд агуулагддаг байгалийн уураг бөгөөд маш бага хэмжээгээр тос, нүүрс ус лактоз агуулдаг. Энэхүү уураг нь үл орлогдох аминхүчлүүд  лейцин, изолейцин, валины маш сайн эх үүсвэр юм. Мөн альфа-лактоальбумин, бетта-лактоглобулин, иммуноглобулин, лактоферрин зэрэг олон төрлийн биологийн идэвхит уургуудыг агуулдаг. Эдгээр уургууд нь дархлааг дэмжихээс гадна булчингийн эдийн нөхөн төлжилтийг сайжруулдаг.

Иймээс энэхүү уураг нь бие махбодийг үл орлогдох аминхүчлээр хангахаас гадна булчингийн эд шинээр үүсэх болон шинэчлэгдэх, удаан хугацаагаар дасгал сургуулилт хийхэд тусалдаг. Шар сүүний уургийн бас нэг ач холбогдол нь бие махбодид амархан боловсордог. Өөрөөр хэлбэл биед түргэн хугацаанд шингэж булчингийн тэжээл болдог.

Спортын ундаа

Дасгал сургуулилтын үед шингэний хэрэглээ маш чухал. Бага хэмжээгээр ч шингэн дутагдах үед гүйцэтгэлийн чанарт муугаар нөлөөлдөг. Ус уух нь дасгалын үед шингэнийг нөхөх сайн арга болдог ч удаан хугацаагаар дасгал, сургуулилт хийх, тэмцээн уралдааны үед спортын ундаа хэрэглэх нь тохиромжтой.

Спортын ихэнх ундаа нь натри гэх мэт электролитыг агуулдаг бөгөөд энэ нь бие махбодыг сэргээж биеийн ус татах чадварыг дээшлүүлдэг. Мөн түүнчлэн спортын ундаанд агуулагдах нүүрс ус нь нэмэлт илчээр хангах бөгөөд удаан хугацаагаар дасгал хийх боломжийг өгдөг.


URL:

Сэтгэгдэл бичих