Д.Жигжиднямааг чөлөөлж, үнэн худлыг дэнслэх боломж олгооч Б.Энх-Амгалан сайдаа

209

Монголын төр болон хувийн хэвшлийн салбарт ихээхэн “гарз, хохирол” учруулсан нөхдүүд торны цаана бус харин тохилог ширээний тухалдаг моод дэлгэрээд буй. Ийм нөхдийн нэгээр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа тодроод байна. Уг нь түүнийг АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хийсэн шалгалтаар гэмт хэрэгт холбогдсон гэдгийг цөөнгүй нотлох баримтаар тогтоосон байдаг. Үүнийг нь ч мэргэжил нэгт нөхдүүд нь баталсан. Гэтэл эзэн биегүй хэргийг ганц үнэртээд л илрүүлчихдэг хууль хяналтынхан нүдэн дээр нь ил шахуу уг хэргийг мэдэн будлих шахуу өнгөрөөчихсөн. Хэдий шүүхээс түүнийг дөнгөлөөгүй ч гэлээ хэрэг хуучирдаггүй гэдэг шиг түүний үйлдсэн булхайг эхнээс нь хань хамсаатнууд нь илчилсээр байна.

Түүнд шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр хилээр гарах хорио тавьснаас өөрөөр дорвитой арга хэмжээ аваагүй. Ганц эл асуудал ч биш шүүх засаглал эрх мэдлийн өмнө найр тавьж, илээд өнгөрдөг олон тохиолдол бий.

Тодруулбал, МТЗ-ын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн гэж өчигдөр мэдээлсэн юм. Тэдний хэлснээр “УБТЗ ХНН”-ийн удирдлага тэр дундаа дарга Д.Жигжиднямаа төмөр замыг өргөж, засварладаг ВПРС гэх машиныг ОХУ-аас худалдаж авахдаа оффшор компаниараа дамжуулж мөнгө угаасан. Түүнчлэн “Мөнгө угаах зорилгоор ХХК үүсгэн байгуулж, хэрэгцээ нь дууссан үед татан буулгах замаар төмөр замд машин худалдаж авах ажлыг зохион байгуулсан. Мөн 1.2 сая долларын үнэтэй машиныг 1.7 сая доллараар худалдаж авахдаа  өөрийн орос найзын компаниар дамжуулж худалдаж аваад дараа нь өөрийн компанидаа шилжүүлсэн гэх. Түүнчлэн 10 жилийн өмнө худалдаж авсан вагоноо худалдаж авсан үнээр нь засуулсан зэрэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа ил цагаан мөнгө угааж байхад хэн ч хариуцлага тооцохгүй байгаад харамсаж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Энэ бол түүний хамтран зүтгэгч дундаас эр зориг гаргаж, түүний гэмт хэргийг илчилсэн хоёрхон хүнээс гарсан баримт. Үүний цаана маш олон баримт гэх юм билээ. Тэгвэл Д.Жигжиднямааг оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 19-ны өдөр их хэмжээний мөнгөө татвараас нуусан гэж ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тогтоож, ажлаас нь чөлөөлөх саналаа хүргүүлэхэд хилээр гарахыг хориглосон төдийхнөөр түүний толгойг илэжэд өнгөрсөн. Уг асуудлаар МТЗ-ын нэгдсэн холбооны удирдах зөвлөлөөс 2017 оны аравдугаар сарын 31-нд АТГ-д хандаж байжээ. Мөн нийслэлийн Ерөнхий прокурор Баярмагнай, Улсын Ерөнхий прокурор Л.Энх-Амгаланд хандсан байна. Энэ дагуу АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан тус тусдаа хэрэг нээн шалгасан байдаг. Тодруулбал, АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлснээ 2018 оны гуравдугаар сарын 25-ны өдөр мэдээлж байсан юм.

Шалгалтаар Д.Жигжиднямаа нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиглалтын хугацаа дууссан 1000 вагоныг оффшор компаниар дамжуулан худалдан авч, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй бөгөөд 15.2 тэрбум төгрөгөөр 16 ширхэг зүтгүүрийг БНХАУ-д засуулсан зэрэг асуудал гарсан юм. Мөн өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг оффшор бүсэд бүртгэлтэй компаниас өөрийн дансаар дамжуулан 200 мянган ам.долларын гүйлгээ хийсэн байж болохуйц сэжигтэй зөрчил тухайн үед илэрсэн байдаг. Дээрх илэрсэн зөрчлийг АТГ-аас нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлсэн ч прокуророос шалгалт дутуу хийгдсэн учир илүү дэлгэрүүлж тодруулах шаардлагатай гэж үзэн хэргийг өнгөрсөн оны тавдугаар сарын 3-ны өдөр буцаасан юм.

Харин Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хийсэн шалгалтаар түүнийг хувийнхаа компанийн онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт яллагдагчаар тооцсон. Д.Жигжиднямаа өмнө нь олон улсын тээвэр зуучийн “Фрейт коммодити консалтанс” компанийн захирлаар ажилладаг байсан бөгөөд өдгөө 33 хувийг нь эзэмшдэг аж. Тэрбээр уг ажлыг хийж байхдаа 2013-2017 онд татварт 350 гаруй сая, НӨАТ-т хоёр тэрбум гаруй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нэг тэрбум төгрөг улсад төлөөгүй хэмээн татварын байцаагч акт тогтоожээ. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч 2018 оны зургадугаар сард гаргасан дүгнэлтдээ хууль зөрчиж, 2013-2017 онд онц их хэмжээний татвар төлөөгүй гээд хүү, торгууль, алдангийг нь тооцсон аж. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчид уг асуудалтай холбогдуулан хоёр удаа дүгнэлт гаргасан гээд түүнтэй холбоотой хэргийн жагсаалт хөвөрнө.

Угтаа бол төмөр замын байгууллага дан ганц Монголын эзэмшил биш Монгол, ОХУ-ын хамтын эзэмшил. Гэтэл энэ мэт хууль бус үйлдэлтэй удаа дараа холбогддог дарганцараас болж Монгол Улсын нэр хүнд хэдий болтол олон улсад унах вэ. Төрийн түшээдээс эхлээд хурган дарга нар хүртэл төрийн хөрөнгөнөөс чадлын хэрээр шанагддаг болохыг өнөөг хүртэл өрнөсөн үйл явдал гэрчилдэг.

Гэтэл Д.Жигжиднямааг тэдний нэг гэдгийг холбогдох байгууллагаас нь тогтоож, шалгаад байхад л УБТЗ-ын даргын сэтэрийг хадгалуулсаар байх нь ямар учиртай юм бэ, Б.Энх-Амгалан сайд аа.

Түүнийг гэмт хэрэгт холбогдолтой гэдгийг нь олон хүн гэрчилж байна. Бүр баримт нь байна. Ийм байхад Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргын суудлаас чөлөөлж хууль хяналтын байгууллагад ажлаа хийх боломжийг олгож болохгүй гэж үү. Хэрэвзээ гэм буруугүй бол суудалд нь эргүүлээд томилно л биз. Буруугүй бол үнэн, худлыг дэнслүүлэхэд нэг их айх зүйл байхгүй байлгүй дээ.

Б.Лхам

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих