Сэлбэ голын эхэнд цооног ухжээ

Сэлбэ голын эх буюу Улаанбаатар хотоос 30-аад километрийн зайтай орших Эх баян гэдэг газар бороо, цасны усаар усны ундарга тогтоох зорилгоор “Мон-Хидро” констракшн цооног ухаж эхэлжээ.

Гэхдээ энэ компани нь “Экос” хэмээх хайгуул, дүн шинжилгээний компаниар усны ундаргыг судлуулсан бөгөөд цооног ухах ажлыг “Цэхт-Оргил” гэдэг компани гүйцэтгэж байгаа аж. Эх сурвалжийн ярьж буйгаар ямар нэгэн гол горхины гүний ундарга руу хүчирхэг өрөм хийх нь шинжлэх ухааны хувьд байж болшгүй зүйл гэсэн юм.

Мөн “Мон-Хидро” констракшнд Нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ю.Дэлгэрмаагийн олгосон таван цооног гаргах зөвшөөрөл бүхий бичиг байдгийг эх сурвалжууд онцлов. Гэсэн хэдий ч “Ариун суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж Эх баян хэмээх газар очиж үзэхэд ямар нэгэн дорвитой зорилго бүхий ажил хийгдээгүй байсан бөгөөд ямар ажил хийж байгаа талаар тэнд буй ажилчдаас тодруулахад “Ю.Дэлгэрмаа дарга оруулсан” гэх хариутай гарч ирсэн хэмээн ярьж байлаа.

Мөн тэрбээр энэ асуудлаар хэд хэдэн эрдэмтэдтэй уулзаж, ярилцсан байна. Эрдэмтдийн үзэж буйгаар гол усны ундаргыг сэргээх боломжгүй, практик дээр ч тийм зүйл байхгүй гэжээ. Энэхүү ажлыг зохион байгуулах тал дээр шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд ямар ч хурал цуглаан хийгээгүй бөгөөд холбогдох эрдэмтэн судлаачдын зөвлөгөө, шинжилгээ гээд байхаар зүйлийг олон нийтэд дэлгэн тавиагүй гэнэ. Магадгүй энэ нь эрх мэдэл бүхий 3-4 хүний нууц ажил, цаашлаад хэн нэгэн том гарын томоохон жуулчны бааз ч байгуулах төлөвлөгөө байж магадгүй хэмээн хардахад хүргээд байгаа аж.

“Сэлбэ голын ундаргыг сэргээх энэхүү ажил 3-5 тэрбум төгрөгийн төсөвтэй ажил байж магадгүй бөгөөд хэрвээ хуурамч үйл ажиллагаа гэдэг нь нотлогдох юм бол нэгэн үе эх хотын маань чимэг болж байсан Сэлбэ голын маань усаар томоохон баячууд их хэмжээний мөнгийг угааж буй үйлдэл болно” хэмээн “Ариун суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж хэлж байв.

“Эдгээр компанийн талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ” гэсэн асуултад тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас асуу хэмээв. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодруулахад “Яамны дэргэд компани байх боломжгүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Харин Эх баян хэмээх газрын ойролцоо эргүүл хийдэг байгаль хамгаалагч Л.Данзайгаас зарим зүйлийг лавлахад “Ямар ч байсан надад тэр компанийн зөвшөөрлийн бичиг байгаа. Харин үйл ажиллагаагаа зөв шударга явуулж байгаа юу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Би энэ орчимд зохицуулалт, хяналт тавих л үүрэгтэй” гэсэн тайлбар өглөө.

Т.Сэдэд

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих