Үнийн давлагаанд өртсөн иргэдэд машин авах чадал алга

Онцгой албан татварын өөрчлөлт машины үнэд нөлөөлжээ

Шатахуун “ах”-ын үнийн нэмэгдлээс шалтгаалсан үнийн хөөрөгдөл газар авснаас болж бөөн хэрүүл гарлаа. Гэтэл “ах” буруугаа доллар “эгч” рүү чихэж өөрийгөө өмөөрөн хэрэлдэнэ. Хэрүүлийг ажиглаж суусан “дүү нар” болох өргөн хэрэглээний бараанууд та нар юундаа хэрэлдээд байгаа юм бэ харин ч зугаатай юм болж байгаа юм биш үү хэмээн амандаа бувтнав.

Энэ мэт буруугаа бусдад тохох гэсэн хэрүүлтэй хэд хоног өнгөрч байна. Учрыг нь сайн ойлгохгүй байгаа зарим нэг хэсэг дунд нь хожоо гарган баясаж сууна. Эдний дунд микрочид бас хувиараа такси эрхлэгчид орно.

Ийн бодол тээсээр “Да хүрээ” захыг зорилоо. Шархадны чиглэлийн шугамын микронууд урьдын хэвээр 500 төгрөгөөр л үйлчилж байв. Цагийн хязгаарлал байхгүй энэ үнээр үйлчилдэг болохоо кондуктор ах сайрхан ярьсан юм. Гэтэл “Зүүнсалаа-100 айл-КТМС” чиглэлд үйлчилгээ үзүүлдэг “Эрийн хийморь”, “Авто ертөө” компаниудын микрочид орой 18.00 цагаас хойш үйлчлүүлэгчдээсээ 700-1000 төгрөг нэхэж, чаддаг юм бол такси бариад явахыг чинь харъя хэмээн зорчигчдыг басамжилдаг. Холбогдох газар нь анхааралдаа аваарай хэмээн хов хүргэе.

Төмөр хүлэг сонирхсон хүн бүрийн зорин очдог газар бол авто техникийн “Да хүрээ” зах. Өнөөдөр 5000 гаруй хүнийг тэжээж, 80 гаруй аж ахуйн нэгжийг хамарсан байгууллага болжээ. Мөнгөтэй хүмүүс илүү хариуцлагатай, илүү ухамсартай байдаг гэнэ. Тийм учраас тус зах ашиг олох гэхээсээ илүү, итгэл олох үйл ажиллагаа явуулж үйлчлүүлэгчдээ татдаг байна. “Да хүрээ” бусад захаасаа ялгарах онцлогтой юм.

Энэ газрын захирал нь эмэгтэй. Ихэнх үйлчлүүлэгч нь эрэгтэйчүүд Монголд 340 гаруй мянган машин замдаа багтахгүй хөлхөлдөж байна. Тэдний 80 хувь нь хувийн машин. Энд бэлтэй нэгэнд бол харин ч нэг машинууд төрлөөрөө эзнээ хүлээгээд л эрийтэл байж байна лээ. Хаана, хэдэн онд үйлдвэрлэсэн болоод хөдөлгүүрийн багтаамжаасаа шалтгаалаад үнэ мэдээж өөр өөр. Гэхдээ өчигдрийн байдлаар машин сонирхож байгаа худалдан авагч тун ховор байлаа. Хаа нэг хөдөөнөөс машин авахаар ирсэн хүмүүстэй тааралдсан. Хотынхны хувьд үнийн давлагаанд өртөөд юун машин авахтай манатай байгаа бололтой.

Худалдаачдын яриагаар бол ер нь байнга л ийм тайван байдаг гэнэ. Түүнээс гадна тус захын эргэн тойронд бие засах газар, харуулын алба олон харагдана лээ. Ерөнхийдөө тус зах бусад захыг бодвол тун тайван, хөл хөдөлгөөн бага санагдав. Мөн энд тэнд хог үзэгдсэнгүй. Ер нь энэ зах дээр ажиллаж буй хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд. Энд тэнд архи ууж, хөлчүүрхэнэ гэсэн асуудал үгүй. Ер нь л дүрэм журмыг ихээхэн мөрддөг газар юм. Маш хатуу хяналттай цөөн тооны цайны газруудыг мэргэжлийн байцаагчид хянана. Тус захын менежерийн хэлснээр бол наад захын хэл ам гарвал дор нь хаахаас эхлээд торгох арга хэмжээ авдаг. Анхнаасаа хатуу зарчим баримталсан тул одоо бүгд журмаа мөрдөх болсон гэнэ.

Машины ченжүүдийн хэлж байгаагаар ер нь өвлийн улиралд борлуулалт тун бага байдаг, өргөн хэрэглээний барааг бодоход мэдээж эргэлт удаан байдаг нь бас нөлөөлсөн байх. Гэхдээ их мөнгөнд унац арай дээр байдаг гэсэн. Долларын ханш нэмэгдэх сургаар харин оны өмнө худалдан авагч их байсан хэмээж байлаа.

Нэг цэгийн үйлчилгээ

Хэдэн жилийн өмнө машин худалдаж авна гэдэг бараг бүтэн сарын хугацаа шаарддаг ажил байлаа. Харин өнөөдөр мөнгөө бариад “Да хүрээ” зах руу ороход арван минутад л дуртай машинаа өөрийн болгох боломжтой. Тус захад нэг цэгийн үйлчилгээ хэмээх нэгэн жижиг байшин бий. Ийм жижиг байшин гурван газар байрлана. Энэ байшинд татварын албанаас эхлээд машины дугаар хэвлэж өгөөд зогсохгүй, суудлын бүрээсийг хүртэл газар дээр нь оёод өгнө.

Мөн Замын цагдаагийн газрын Too бүртгэлийн хэлтэс, Наториат үйл ажиллагаагаа явуулна. Тэгэхээр “Да хүрээ” захаас машин авсан бол заавал Замын цагдаагийн газар очих шаардлагагүй. Нэг цэгийн үйлчилгээний газраар ороход л арван минутын дотор авахыг хүссэн машин өөрийнх тань болно. Энэ нь орон нутгаас ирж үйлчлүүлж буй иргэдэд хотоор явах ажлыг нь хөнгөвчилдөг байна. Нөгөө талаараа хотын түгжрэлээс нэг ч болов машин хорогдоно гэж үздэг аж.

Үнэ ханш

Шатахуун үнэд орж, доллар чангарч байгаатай холбоотой суудлын автомашины үнэ өсчээ. Шинэ он гараад шинэ хуулиар татвар төлж байгаа автомашины хувьд хөдөлгүүрийн багтаамжаасаа шалтгаалаад суудлын тэрэг таван зуугаас хоёр сая төгрөгөөр, харин 4500-аас дээш мотортой жийп ангиллын автомашинууд арав гаруй сая төгрөгөөр өссөн гэж машины худалдаа эрхлэгчид хэлсэн юм.

1500 мотортой тоёото фильдэр 9.8 сая төгрөг, харин БНСУ-д үйлдвэрлэсэн газ хөдөлгүүртэй соната-6 үйлдвэрлэсэн оноосоо шалтгаалж 12-14 сая төгрөгийн хооронд ханштай бол бензин нь 20 сая орчим үнэтэй зарагдаж байна.

Машины үнэ нэмэгдсэн бас нэг шалтгаан тээврийн зардал нэмэгдсэн гэнэ. Тээвэрлэлтийн зардал нь нэг контейнер тутамд бараг 300 орчим доллар нэмэгджээ. Бараг бүх банк лизингийн үйлчилгээ үзүүлж байна. 1994 оны Ланд крузер 80 маркийн автомашин 38 сая 500 мянга байлаа. Оны өмнө 29 саяын үнэтэй байсан яагаад ийм аймаар нэмэгдснийг тодруултал татвар өссөнтэй холбоотой гэнэ. Ер нь оноос хойш орж ирсэн жийп ангиллын авто машинууд бүгд үнэ нь өсжээ.

Худалдан авагч Т.Цоодол: Татвараас болж үнэ харьцангуй нэмэгдсэн байна

-Та машин сонирхож байна уу. Үнэ ханш ямар байна?

-Машины үнэ өмнөхөөсөө арай нэмэгдсэн байна. Сая он гараад нэг сарын 2, 3-нд гааль дээрээс машин авсан улсууд хуучин төлж байсан дээрээ ойролцоогоор сая таван зуу орчим мянган төгрөг нэмэгдсэн байна гэж хэлж байна.

Машины ченж Б. Батбаяр: Одоо машин унахад хэцүү болж байна шүү дээ

-Хүмүүс Тоёото Короллаг их сонирхдог. Ямар үнэтэй байна?
-Тоёото Королла харин харьцангуй жаахан нэмэгдсэн шүү дээ. Х королла 12 саятай, Жи нь13 саяын хооронд байна.

-Машины үнэ өссөн гээд байгаа. Хэр зэрэг нэмэгдсэн бэ?

-Ер нь нэмэгдсэн. Харин оноос өмнө авсан машинууд хуучин үнээрээ зарагдаж байгаа. Жишээ нь тоёото Спициог хуучин үнэ болох 10 сая 500 мянгаар өгөх гээд л зогсож байна.

Машины ченж Н.Лхагва: С.Сэрчмаа, Люминог хамтлагийн Б.Батхишиг нар надаас LEXUS авч байсан

-Газаар явдаг машин ямар үнэтэй байна?

-Соната-6 газ нь 8-10 сая. Он залуу байх тусмаа үнэтэй. Он нь бага байх тусмаа хямд байдаг.

-Хүмүүс сүүлийн үед газ хөдөлгүүртэй машин их сонирхдог болжээ?

-Одоо л дөнгөж сонирхож байгаа. Газаар явдаг машиныг монголчууд сайн мэдэхгүй. Яаж янзалдаг, хэрэглээ нь ямар байх гээд тэр бүр мэддэггүй. Хэрэглээг нь мэдсэн тохиолдолд их унах л байх гэж бодож байна.

-Орлого хэр байна. Хамгийн борлуулалтай үе нь хэзээ байдаг бэ?

-Он гараад орлого муу байна. Хамгийн борлуулалттай үе нь дулаарахаар болон Наадам, Цагаан cap гээд баярын өмнө л сайн байдаг юм.

-Ашиг хэр гардаг бэ?

-Мэдээж ашигтай. Бусад барааны эргэлтийг бодвол удаан ч гэсэн унац сайтай байдаг юм.

-Олны танил ямар хүмүүс үйлчлүүлсэн бэ?

-Өө зөндөө шүү дээ. УИХ-ын гишүүд. Мөн дуучин С.Сэрчмаа, Люмино хамтлагийн Б.Батхишиг нар надаас Lexus авч байсан. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн автотээврийн хэрэгслийн тоо эрс олширч, авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь байгаль орчинд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхлээд байгаа билээ. Нөгөөтэйгүүр манай улсын хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Иргэд өнгөрсөн 2010 оны байдлаар нийт 24633.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж байсан бол энэ оны эхний 8 сарын байдлаар 31341.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 2.2 дахин нэмэгдсэн бөгөөд хотын төвөөр замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийн 30 орчим хувийг 2500 /смЗ/-ээс дээш хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай буюу том оврын /жийп/ тээврийн хэрэгсэл эзэлж байна.

Одоо шинэ он гараад мөрдөгдөж эхэлсэн онцгой албан татварын талаар мэдээлэл хүргэе. Хотын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бараг 30 орчим хувийг жийп автомашин эзэлж байна. Агаарыг хамгийн ихээр бохирдуулж байгаа 4500 мотортой, энгийнээр тайлбарлавал жийп машины онцгой албан татварыг нэмэгдүүлээд байгаа юм. Үйлдвэрээс гараад гурван жил болж байгаа 4500 ба түүнээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай машин оруулж ирлээ гэхэд шинэ хуулиар 7000 долларын онцгой албан татвар төлнө. Энэ хуулиар хос тэжээлт хөдөлгүүртэй буюу цахилгаан бензин, хийн түлшээр явдаг бүх машинд энэ хууль хамааралтай юм.

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих