“Гацуурт”-ын Л.Чинбат ТЭДС-аас хоёр тэрбум гаруй төгрөг залилж завшсан уу
Хүссэн хүн бүхэнд олддоггүй гуравхан хувийн хүүтэй хамгийн хямд зээлийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас тэрбум, тэрбумаар нь авч, банк бус санхүүгийн байгууллага руу гулгуулан мөнгө хүүлж, бор зүрхээрээ бизнес хийх гээд үйл тамаа эдэлж яваа эгэл жирийн иргэдийнхээ хамаг боломжийг хаасан бүлэг хэрэгт УИХ-ын хорь гаруй гишүүн шалгагдаж байгаа билээ. Энэхүү дуулиантай зэрэгцээд төрийн бусад тусгай сангуудаас хувьдаа мөнгө тоншсон бизнесийн зарим нэг томчууд ч бас сүүлийн үед ил болж байна. Хууль бусаар зээл авч улсад хохирол учруулсан тэдгээр хүмүүсийн нэг нь Монголын тэргүүн баячуудын эгнээнд багтаж, газар тариалангийн ажлаар Хөдөлмөрийн баатар болсон, сүүлийн үед Үндсэний бөхийн холбоог хоёр хэсэг болгож хуваалцан, Бөхийн өргөөг хэсэг хаалгасан “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат юм. Түүний удирдаж буй “Гацуурт” нь доороо тавь шахам охин компанитай том аж ахуй ажээ. Тэрбээр аль нэг охин компаниараа дамжуулан тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч зувчуулах нь мань эрийн дурын хэрэг болжээ.
“Гацуурт” команитай холбоотой иймэрхүү мөнгөний хэл ам, хэрүүл шуугиан дэгдээд ирэхээр тэр “манай компанийн нэр төрд халдлаа” гээд самнаж гардаг юм байна. Гэтэл үнэндээ хууль бус зээл, залилангийн хэргийн эзэд нь охин компанийн удирдлага уу, толгой компани юм уу гэдэг нь тийм ч чухал биш. Иймээс Эрүүгийн цагдаагийн мөрдөгчид жил гаруйн өмнөөс Гацуурт” болон түүний охин компаниудын санхүүгийн баримтуудыг шалгаж үзээд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас их хэмжээний урамшууллын мөнгө аваад улаан буудайгаа гурилын үйлдвэрүүдэд гэрээнийхээ дагуу бүрэн тушаалгүй бултсан гэдгийг тогтоосон байна. Тодруулбал, 2013-2014 онд гурил үйлдвэрлэдэг “Хангай милс” компанитай 45221 тн улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 3.9 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. Гэвч улаан буудайн бодит нийлэлтийг нь тооцоод үзэхээр дөнгөж хорин мянган тонн удаан буудай нийлүүлсэн нь мөнгөн дүнгээр 1.7 тэрбум төгрөг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Гацуурт компани нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үндсэндээ 2.1 тэрбум төгрөгйн урамшууллыг илүү авсан байна. Үүнийг нь шүүхийн шинжээчид бас давхар батлаад өгчээ. Иймээс “Хангай милс” компани нь иргэний шүүхэд гомдол зарга үүсгэсэн боловч одоо болтол бүрэн шийдэгдээгүй бөгөөд хэрэг маргаан нь сунжирсаар сүүлдээ эрүүгийн хэрэг болоод байгаа ажээ.
Сүүлдээ аргаа барсан “Хангай милс” компанийн захирал Л.Ганбат нь хохирлоо барагдуулахын тулд эрүүгийн цагдаад хандан “Манайд улаан буудай нийлүүлэх гэрээгээ зөрчөөд хоёр тэрбум гаруй төгрөгийн улаан буудай нийлүүлэлгүй мэхэлсэн. Мэхлээд зогсохгүй Л.Чинбат нь охин компаниудаараа дамжуулан биднийг гүтэгдэг боллоо. Улсын тийм их мөнгө луйвардсан хүнд Хөдөлмөрийн баатар цол олгосон нь даанч харамсалтай” гэжээ.
Харамсалтай нь энэ хэргийг шалгаж байсан цагдаагийн мөрдөгчид нь дөрвөн удаа солигдож, цаг хугацааг сунжруулсаар байна. Хүнсний улаан буудайнд урамшуулал олгох журам нь 2010 онд батлагдсан бөгөөд ХХААХҮЯ, СЯ-ны хамтран гаргасан энэхүү журмаар гурилын үйлдвэрүүд болон улсын нөөцийн газарт нийлүүлсэн улаан буудайных нь тонн тутамд урамшуулал олгож байгаа юм. Харин Л.Чинбат нь уг журмыг зөрчин огт нийлүүлээгүй удаан буудайныхаа урамшуулалд дээрх хоёр тэрбум гаруй төгрөгийг тийнхүү авч завшсан байна.
О.Баяр
Шуурхай.мн
URL: