Гэнэт баяжвал найман жил шоронд хорино

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Монголд галт зэвсгийг хямгатай хэрэглэх, малчид буугаа гэртээ төмөр хайрцагт хадгалах, зайлшгүй хамгаалалт хэрэгтэй үед мэргэжлийн хамгаалалтын албанаас тусламж хүсч байх зэрэг заалттай Галт зэвсгийн тухай хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүн өргөн барьсан Засгийн газарт нь буцаах шаардлагатай хэмээн үзэж, нэлээд хэлэлцсэний дараа хойшлуулахаар болов. Гишүүн З.Энхболд, Э.Мөнх-Очир нарын гишүүд малчдын буу хураах хэрэггүй. Сүүлтэй, сүүлгүй чононоос өөрсдийгөө хамгаалах чадваргүй болно. Малчдын бууг төмөр хайрцганд хийж хадгална гэсэн нь амьдралгүй ойлголт гэх зэргээр эсэргүүцэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн гаргасан санаа хэмээн бухимдлаа. Харин  С.Эрдэнэ гишүүн  Д.Одхүү гишүүний хэлсэн үгийг буруугаар ойлгон “Өөх ч биш булчирхай ч биш хогийн хууль оруулж ирэхээ болиоч. Хийх ажилгүй юмнууд хүний гар мухарлах гэж байна. Бузар царайлчихаад. Ц.Нямдоржийн гараар явдгаа болиорой. Хэний санаачилгаар, ямар санаагаар иргэдийн гар дээрх буу зэвсгийг хурааж, гарыг нь мухарлах гээд байгаа юм. Хэрэг гарлаа гэхэд төрийн цагдаа нь ч тэр өнгөрсөн хойно нь очдог биз дээ гэх зэргээр ширүүхэн маргаан үүсгэсэн юм. “Сэтгэцийн хувьд эрүүл, 18 нас хүрсэн, галт зэвсэг эзэмших зөвшөөрөл бүхий Монгол Улсын иргэд буу эзэмшиж болно” гэсэн төслийн заалтыг дэмжсэн ч хойшлуулсан юм. Дараагийн хэлэлцсэн асуудал нь Эрүүгийн хууль байсан. Энэ хуульд хууль бусаар гэнэт хөрөнгөжсөн хүнийг гурваас найм хүртэл жил хорих, эсвэл сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлж, торгох, гэнэт хууль бусаар баяжсан нь нотлогдвол алба хаших эрхийг тодорхой жилээр хориглох, 10 хүртэл жилээр хорих, эсвэл сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин өсгөж торгох зэрэг заалт оруулсан бөгөөд хоёрдугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр тогтлоо.

Б.Тогтох mminfo


URL:

Сэтгэгдэл бичих