Нийслэлийн хөрсний 88 хувьд нянгийн бохирдол илэрчээ
Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр өнөөдөр “Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, түүнчлэн иргэний нийгмийн байгууллагууд оролцож, нийслэл хотын хөрсний өнөөгийн байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн тухай хэлэлцсэн юм.
Улаанбаатар хотын хөрснөөс дээж аван судлахад 88 хувьд нь нянгийн бохирдол илэрч, хөрс их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсон тухай нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэллээ. Мөн хотжилтоос үүдсэн хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудалд нэн тэргүүнд анхаарлаа хандуулж ажиллахгүй бол аюулын харанга дэлдэж байгааг ч онцолж байв. Нийслэлийн хэмжээнд эвдэрсэн газрын тооллого судалгааг мөн саяхан явуулжээ. Ингэхэд барилгын салбарт ашиглагддаг ашигт малтмалын олборлолтоос газрын хөрс хамгийн ихээр эвдэрсэн байжээ.
URL: