СОНГУУЛЬ УГТСАН УЛС ТӨР:ОРХОН АЙМАГ
Засаг задарч, задалсан Н.Алтанхуягийг намынхан нь “шүүх”- тэй зэрэгцээд Монголын улс төр бүхэлдээ хөдөлгөөнд орж эхэллээ. Нэгэн цагт хаврын синдром хэмээн нэрлэгдэж асан улс төрийн хийрхэл үнийн хөөрөгдлөөр түүчээлэн эрх баригч намын дарга нарыг ч тонгоруулж мэдэхээр байдалд хүрэв. Үүнийг дагаад нэгэнт марафоноо эхэлсэн нэр дэвшихийг горилогчдын бүрэлдэхүүнд ч өөрчлөлт орж магадгүй болжээ. Намын даргын тааллаар сонгуульд нэр дэвшигчдийг тодруулдаг жишиг АН, МАН-ын аль алинд нь бий. Тэр тусмаа АН-ын хувьд нам доторх олон фракцийн ашиг сонирхлыг эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүйгээр эн тэнцүү хуваарилж чаддаг Н.Алтанхуягт улс төрийн хариуцлага тооцох талаар зарим нэгэн лидерүүд мэдэгдэж эхэлсэн. Энэ нь АН дахь олон талт эрх ашгийг мөн тодорхойг үй байдалд оруулаад байна.
Н.Алтанхуягаар туг тахиж намынхаа нэр хүндийг энэ сонгуулийн өмнө аварч гарах ганц гарц бол улс төрийн хариуцлага тооцох хэмээн ажиглагчид тодорхойлж байна. Үүнийг сонгууль угтсан улс төр ч гэж хэлж болох юм. Ганц нэг тойрог биш үндэсний хэмжээний энэ улс төр АН-ын төдийгүй МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын хувьд анхаарал татсан хүлээлт үүсгэлээ. Орхон аймгийн МАН-ын гишүүдийн хувьд дотроо бужигнаантай, хоёр гурван ч хэсэгт хуваагдчихаад байгаа. Хотын, ГОК-ын гэсэн хоёр том бүлэглэлд хуваагддаг тус намынхны тэмцэл өнгөрсөн жил ил цагаандаа гарсан нь аймгийн Засаг дарга Оюунбатыгаа хуйвалдан огцруулснаар нэгэнт ил тод болсон.
Сонгуулийн өмнөх хамгийн хариуцлагатай энэ цаг үед тус аймгийн намын гишүүд нь ийнхүү өөр хоорондоо талцан хэдэн тийш харчихсан. Энэ нь МАН-ын төв аппаратынхны хувьд шүдний өвчин нь болчихоод байгаа. Үүнтэй холбоотойгоор тус аймагт хэнийг нэр дэвшүүлэхээ ч тусгайлан ярилцаж эхэлсэн гэсэн мэдээлэл бий. Оюунбатыг огцруулснаар “хотын” бүлэглэлийг ялсан ГОК-ынхон МАН-аас шинэ залуу хүмүүсийг нэр дэвшүүлэхийг дэмжихээ сэм илэрхийлж буй бол Оюунбатынхан ч дээлний шинэ хүний хуучин нь дээр дээ хэмээн үг дайж байгаа бололтой. Тиймээс МАН-ынхны хувьд өмнөх шигээ дээрээс хэн нэгнийг шууд нэр дэвшүүлж чадахгүй ацан шалаанд орчихсон бололтой. Гэхдээ хоёр мандаттай энэ тойргийн хувьд одоогоор МАН-ын нэг, АН-ын хоёр мандат нь эзэнтэй болчихоод байгаа. Одоогийн байдлаар Орхон аймгийн хувьд эрх баригч хоёр намын нэр дэвшигчид тодорч эхэлжээ. МАНын О.Содбилэг, АН-ын Х.Золжаргал хоёр он солигдох мөчтэй уралдан онцгой содон сурталчилгаа хийж амжжээ.
Цасны баяр, МоАХ-ны шинэ жил тэмдэглэхээс эхлээд айл бүхэнд бэлэг тарааж, УИХ-д нэр дэвшихээ зарлачихаад байгаа юм байна. Гэхдээ тэд намаасаа нэр дэвших эрхээ албан ёсоор аваагүй тул горилогсод хэмээн нэрлэлээ. Ингээд Орхон аймагт аль намаас хэн хэн нэр дэвшихээр горилж буйг тоймлон хүргэе. Орхон аймгийн хувьд “ягаан” тойрог. Ардын нам, Ардчилсан намынханд нэг нэгээр нь эн тэнцүү санал өгчихдөг тул улаан, эсвэл цэнхэр хэмээн тодорхойлох аргагүй. 2004, 2008 оны сонгуулийн үр дүнгээс харахад эрдэнэтчүүд МАХН /хуучин нэрээр/, АН-аас нэг нэг хүнийг сонгож байжээ. Энэ удаагийн буюу УИХ-ын 2012 оны сонгуульд мөн л хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч парламентад суух эрх өвөртөлнө. Гэхдээ эрдэнэтчүүдийг ардчилсан тал руугаа элэгтэй хэмээн тодорхойлж болох ч сүүлийн хэдэн жилд олноороо ирж суурьшсан баруун аймгийн голдуу суугуул иргэдийн сонголт энэ тойргийг ягааруулдаг гэсэн сонирхолтой судалгаа гарчээ. Тиймээс энэ аймгийн хувьд МАН, АН төдийгүй бусад нам, бие даагчид гол найдвар тавьж байна.
Орхон аймгийн улс төрд үүссэн өнөөгийн нөхцөл байдлаас ажиглахад энэ удаагийн сонгууль цэнхэртэх магадлал тун өндөр байна. Учир нь тус аймгийн МАН дахь Оюунбатаар удирдуулсан Хотын, Ганзоригоор толгойлуулсан ГОК-ын фракцийнхан хоорондоо тэмцэлдсэнээс, хоёр хуваагдаж одоо хүртэл эвлэрээгүй байгаа аж. Энэ нь МАН-ын суурийг нэлээд хүчтэй сулруулжээ. Тиймээс МАН энэ хоёр фракцийнхаа тэмцлийг зогсоож чадахгүй сонгуультай тулсан тохиолдолд ганц ч суудалгүй үлдэх магадлалтай болжээ. Ажиглагчдын үзэж буйгаар энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн МАН, АН-аас нэр дэвшигчдийн дунд өрнөнө гэсэн таамаг байна. МАН-аас нэр дэвшихийг горилж буй О.Содбилэгийн хувьд Эрдэнэтийнхэн андахгүй. Улс төрд ши нэ ч Эрдэнэтийнхэнд хуучны танил. Гэхдээ түүнийг МАН-ын гишүүд нь бүгд дэмжиж, сонгогчдын олонх нь саналаа өгөх эсэхэд эргэлзээтэй. Аймгийн МАН-ын хороон дахь ГОК-ын фракцад харьяалагдаж, Ганзоригийн хуурай хүү шахуу болсон түүнд намын хорооныхоо гишүүдийн дэмжлэгийг бүрэн авна гэсэн найдвар бас бага байна. Учир нь Хотын фракцийнхан түүнийг таатай хүлээж авахгүй бололтой.
Фракцийн ахлагч Оюунбатыг нь аймгийн Засаг даргаас огцруулахад түүний нөлөө байсан гэсэн хардлага байдаг юм байна. Улс төрд дөнгөж хөл тавьж, УИХ-ын гишүүн болооч үгүй байж ийм хор найруулсан хэмээн түүнээс болгоомжилж байгаа гэнэ. Гэхдээ О.Содбилэгийн хувьд МАН-ын төв аппаратаас хэнийг нэр дэвшүүлэхээр санал болгохоос их зүйл шалтгаалах бөгөөд түүнийг нь хоёр фракцийнхан хүлээн зөвшөөрвөл намын эв нэгдлээр сонгуульд ажиллах боломж бүрдэх юм. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга асан, одоо Эрээнд консулаар ажиллаж буй С.Батхуяг гэх залуу Эрдэнэтийг сонирхож байгаа аж. С.Батболдын хүн гэгддэг тэрбээр нам итгэл хүлээлгэсэн тохиолдолд нэр дэвшихэд бэлэн гэнэ. Гэхдээ ийм боломж түүнд олгохгүй л болов уу. Хоёр шинэ залуу улстөрчийг нэг тойрогт нэр дэвшүүлбэл МАН-д дэндүү гэнэн гоомой алхам болохыг мэдэж буй биз. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг дахин нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий.
Гэхдээ Лүнгийн замаас болоод Там-Очир гэх нэртэй болж, өөрийнхөө төдийгүй намынхаа нэр хүндийг шавартай хутгасан түүнд эрдэнэтчүүд хоёр дахиа итгэл хүлээлгэх найдвар бага. Тэр тусмаа шинэ, залуу улс төрч О.Содбилэгтэй хамт нэр дэвшүүлэх нь МАН-ын хувьд эрсдэлтэй гэж үзэж байгаа аж. Тиймээс энэ удаа Д.Дамба-Очир өнжиж магадгүй. Хувь хүнийхээ хувьд нэр хүндтэй, улстөрчийн хувьд хүчтэй, хоёр хуваагдчихаад байгаа Ардын намынхныг нь нэгтгэж, зангидаж чадах зангарагтай улстөрчийг сойх магадлал өндөр байна. Гэхдээ МАН-д ийм хүчтэй лидерийг Эрдэнэтээс хайвал Ганзоригоос өөр байхгүй ч, нэр дэвшихгүй гэжээ. Тиймээс заавал Эрдэнэтийнх гэлгүй нийслэл дэх улстөрчдийнхөө дунд сонгон шалгаруулалт явуулж эхэлсэн мэдээлэл байна. Тиймээс нутгийн хүүг “нийслэл” хүүтэй хамтад нь мордуулах бололтой.
АН-ын хувьд О.Содбилэгтэй өрсөлдүүлэхээр ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргалын сойгоод байгаа. Түний хувьд Эрдэнэтэд “битүү морь”. Олонд танигдаагүй ч улс төрд бол шинэ хүн биш. МоАХ-ны анхны партизан, МоАН-ын анхны гишүүдийн нэг аж. АН дахь “Кроун” фракцийн гол төлөөлөгч түүнийг хөшигний ар тал дахь улс төрийн гол кандитат хэмээн намынхан нь тодорхойлсон Тиймээс түүнийг Эрдэнэтэд сойсон нь ягаан тойргийг цэнхэртүүлэх үүргийг хүлээлгэж буй бололтой. Харин АНын хоёр дахь нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн Д.Одхүү. Тэрбээр Эрдэнэтээс хоёр удаа УИХ-д сонгогдсон.
Эрдэнэтчүүдийн хувьд сайн, муу аль аль талаараа танигдсан улстөрч. Гэхдээ эрдэнэтчүүдийн хувьд нэг хүнийг хоёроос дээш удаа улируулан сонгодоггүй хатуухан сонголттой. Тиймээс Д.Одхүү Хүүхдийн ордон барьсан, дунд сургуулийн сурагчдыг америк маягаар автобусаар хүргэж өгдөг болсон гээд хийсэн ажил ихтэй ч гуравдахиа улируулан сонгох болов уу. Бусад нэр дэвшигчдийн хувьд одоогоор дээрх эрхмүүдтэй адил анхаарал татаж онцлох хүн ховор байна. Аймгийн МАХН-ын хорооны дарга Д.Оюунцэцэг, ИЗН-НН-аас Г.Ганхүү гээд тодорхой бус нэрс дуулдаж байна.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ
URL: