Дэгээ хэрэгжүүлдэггүй гишүүдийн “дүрмийн бус” үзэгдэл арилах уу
Төрийг гацаасан өнгөрсөн намрын чуулган УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, парламентын байнгын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатайг улстөрчдөд төдийгүй нийгэмд сануулсан. Ер нь чуулган, байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлнэ гэдэг УИХ-ын Тамгын газрын ажлын албаныханд эрх мэдэл нь дутсан хүндхэн алба. Байнгын хороодын дарга нар ажлын албаныхныг ирц бүрдүүлэхийг шаардаж, тэд ч гишүүдийн туслах, албан өрөө рүү нь “утас цохиж”, гишүүдийн хаана яваа, хэзээ ирэхийг уриалгахан асууж сураглахаас цаашгүй. Хавар, намрын чуулган завсарласны дараагаар гишүүд хуралдаандаа хэр оролцсон, хичнээн цаг тасалсныг тоо баримттайн гаргаж ирдэг. Өнгөрсөн намрын чуулганы тухайд гишүүд байнгын хороо, чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, шантаажилсан, байнгын үйл ажиллагаатай парламентын түүхэндээ 40 гаруй хоног гацсан хамгийн бараан “намтар”-тайгаар бичигдэхээ байгаа. Гэхдээ чуулганы хуралдааныг бойкотолсон гишүүд бүрэн эрхээ ч эдэлж, авдаг цалингаа ч бүрэн бүтнээр нь авч, ямар нэг ёсзүйн холбоод санхүүгийн шийтгэл, хариуцлага хүлээлгүй явж байгаа. Учир нь УИХ-ын тухай хуулинд гишүүд хуралдаан тасалсан тохиолдолд цалингаас нь хасах заалтгүй.
Цаашлаад УИХ-ын гишүүдийн хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг иргэд ялгаж салгахаа байж, улстөрчид иргэдийн хооронд ч “хэрүүлийн алим” шидэж байна. Тиймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар сонгогдсоныхоо дараахан “УИХ-ын чуулган бол популизмын талбар байх ёсгүй” хэмээн УИХ-ын дэгийн хуулийг өөрчлөх шаардлагатайг хэмээж байлаа. “УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй” заалтыг манай төрийн түшээд ягштал хэрэгжүүлдэг. Тиймээс ч хэн нэг рүү бодит шүүмжлэл бус санаатайгаар дайрах, давшлах, гүтгэх тактик барьдаг талтай. Хэн нэг гишүүний гүтгэлэг, дайралтад өрсөн эрхэм тэр бүр шүүх, хуулийн байгууллагаар гомдол гаргаад яваад байдаггүй. Нэгэнтээ төрийн түшээ хүн олны өмнө, тэр дундаа телевизийн камерын өөдөөс харж, хэн нэг рүү чичилж байгаад чанга дуугаар хэлснийг олон нийт “үнэн хэлж байна, үнэний ортой байх” гэж ойлгож хүлээж авахаас аргагүй.
Уг нь УИХ-ын дэгийн тухай хуулиар хуралдааны дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн байдаг. Гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол хуралдаан даргалагч дараахь хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:
101.1.1.сануулах;
101.1.2.сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал түүний тухайн өдрийн хуралдаанд, эсхүл тухайн хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух, үг хэлэх эрхийг нь хасах;
101.1.3.хуралдааны дэгийг удаа дараа зөрчсөн, хуралдааныг хэвийн явуулахад саад учруулж байгаа гишүүний хуралдааны санал хураалтаас бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг нь 3 цаг хүртэл хугацаагаар хасах. Хугацааг хуралдаан даргалагч тогтоож хуралдаанд мэдэгдэнэ;
101.1.4.гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй үг хэлсэн бол хуралдаан даргалагч нэг удаа сануулж, сануулгыг биелүүлээгүй бол тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгох;
101.1.5.хуралдааны явцад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл тухайн гишүүний талаар Ёс зүйн дэд хороонд санал тавих зэрэг хариуцлагыг хүлээлгэхээр заасан байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд хуралдаан даргалагч гишүүдэд дээрх хариуцлагыг хүлээлгэлгүй явж ирсэн, гишүүд ч хариуцлага хүлээж ирсэн түүхгүй аж.
Ийнхүү төрийн нэр хүндийг өсгөх, гишүүдийн хариуцлагыг чангатгах, парламентаас баталсан хууль амьдралд нийцэж байх шаардлагыг үндэслэн УИХ-ын дэгийн хуулийн хэрэгжилт, бусад орны туршлагыг судалсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд явуулж байна. Оролцогчид гадаад улс орны парламентын дэгийг жишээ аван дурдаж байлаа. Тухайлбал Солонгосын парламентын танхимд гишүүд хэн нэгнийг дайрсан үг хэлсэн бол эхний удаад олон нийтэд нээлттэйгээр сануулга өгдөг байна. Дараагийн тохиолдолд уучлал гуйлгуулна, 30 хоног хуралдаанд суух эрхийг хасна, танхимаас хөөж гаргана” гэсэн дөрвөн шийтгэлийг ногдуулдаг, хуулийн заалтаа ч ягштал хэрэгжүүлдэг байна.
Хэлэлцүүлэгт оролцогч судлаачид “Өнгөрсөн хугацаанд хамгийн олон удаа Үндсэн хуулиа зөрчсөн байгууллага нь парламент” гэж дүгнэж байлаа.
УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын нэр хүндийг өсгөх, гишүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох, төрд итгэл алдарсан иргэдийн итгэлийг сэргээх, УИХ-д шинэчлэлт хийх зорилгыг УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар тавьж байгаагаа онцолсон. УИХ-ын даргын шинэчлэлээ хуульд өөрчлөлт оруулахаас эхлүүлэхээр ийнхүү хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
Гэхдээ гишүүдийн УИХ-ын дэгээ хэрэгжүүлдэггүй, бүрэн эрхээрээ сүрдүүлж, “дүрмийн бус” үйлдэл гаргадаг үзэгдэл арилах эсэхэд олон нийт эргэлзэж л байна.
Н.Энхлэн
Shuud.mn
URL: