Б.Дашцэрэн: Эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдарын урьдал эмгэг болон үрэвсэлт өвчин их байна

width2x_vIUe2aBSxVhNKIqБаянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори №2-ийн Лаборатори, Цитологч их эмч Б.Дашцэрэнтэй ярилцахаар түүний ажлын байрыг зорьлоо.

-Сайн байна уу? Умайн хүзүүний хавдар болон хавдарын эмгэг, мөн БЗД-ийн эмэгтэйчүүдийн хэмжээнд умайн хүзүүний хавдарын өвчлөл ямар байгаа талаар мэдээлэл авахаар ирлээ? 

Энэ өдрийн мэнд. Их зөв сэдэв байна. 2011 онд ЭМЯ, Монголын мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр монгол орон даяар умайн хүзүү, хөхний хавдарын эрт илрүүлгийн аян зохион байгуулах ажлыг санаачлан бүх аймаг, хот, дүүрэгт эс судлалын лабораторийг байгуулж, мөн эс судлаач эмч, эс судлалын техникч нарыг сургалтанд хамруулж бэлтгэж өгсөн. 2012 оноос эхлэн монгол орон даяар энэ скрининг шинжилгээний ажил эхэлж, умайн хүзүүний эсийн шинжилгээ авагдаж, харагдаж эхэлсэн. Энэ цагаас эхлэн ЭМТ-ийн эс судлаач, эмч гэсэн албан тушаалыг хавсран ажиллаж, эсийн шинжилгээг харж байна.

-Танай дүүргийн хэмжээнд умайн хүзүүний хавдарын өвчлөл өндөр байдаг гэж сонссон. Энэ талаар? 

Баянзүрх дүүрэг бусад дүүргүүдээс хамгийн олон хүн амтай. Тэр ч утгаараа зорилтот насны эмэгтэйчүүдийн тоо өндөр байдаг учир хавдарын илрүүлэг харьцангуй өндөр байдаг нь үнэн. Манай эс судлалын багийн хийсэн судалгаагаар: 2015,2016,2017 онд хийгдсэн 30-60 насны нийт 15705 эмэгтэйн эсийн шинжилгээнд 513 эерэг тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд:

  1. Тодорхой хэв шинжгүй хавтгай эс- 3,17 буюу 61,7%
  2. Хавтгай эс дэх хөнгөн гэмтэл- 100 буюу 19,4%
  3. Хавтгай эст дэх хөнгөн гэмтэл- 50 буюу 9,7%
  4. Хавтгай эст өмөн- 12 буюу 2,3% эзэлж байна.

Насны хувьд авч үзэхэд: 30-35 насанд: 101 буюу 19.6%, 36-40 насанд: 95 буюу 18,5%, 51-55 насанд: 91 буюу 17,7% оношлогдсон.

Эндээс нийт эерэг тохиолдлын 367 буюу 71.5% нь ASCUS буюу LSIL ийн түвшинд илэрч байгаа нь БЗД-ийн эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдарын урьдал эмгэг болон үрэвсэлт өвчин их байгааг харуулж байна. Мөн насны хувьд 30-39 насанд 50,2% тохиолдож байгаа нь анхаарал татаж байгаа юм.

-Умайн хүзүүний хавдар үүсэх гол шалтгаан нь юу байдаг вэ?

Умайн хүзүүний хавдар нь хүний папиллома вирусын халдвар авсантай холбоотой үүсдэг. HPV гэж нэрлэдэг үүсгэгч нь монгол эмэгтэйчүүдийн хавдарын өвчлөлийн бүтцийн 2т ордог өвчин. Сүүлийн үед умайн хүзүүний хавдарын өвчлөл ихсэж, хожуу үедээ оношлогдож, нас баралт өндөр болж ирсэн нь эрт илрүүлэг шинжилгээг явуулах үндэслэл болсон гэж үздэг. Эрт илрүүлэг шинжилгээг хийснээрээ олон эмэгтэйчүүдийн хавдарыг эрт болон хожуу шатанд нь оношилж, дараагийн шатны арга хэмжээ авагдаж, олон эмэгтэйд амьдрал бэлэглэж, амьдрах насыг уртасгаж өгсөн гэж эмч хүний хувьд үздэг.

-Эмч хүний хувьд та судалгааны үндэслэж эмэгтэчүүд, уншигчдад ямар зөвлөгөөг хүргэмээр байна?

  • Жилд нэг удаа /заавал/ эмэгтэйчүүдийн эмчд үзүүлж зөвлөгөө авч байгаарай.
  • Умайн хүзүү хөхний хавдарын скрининг шинжилгээнд товлолын дагуу заавал хамрагдаж байх. Шаардлагатай тохиолдолд товлол харгалзахгүйгээр шинжилгээнд хамрагдаж байх.
  • Умайн хүзүүг дүлий эрхтэн ч гэж ярьдаг. Яагаад гэвэл хавдарын эхэн үедээ зовиур шаналгаа илрэх нь бага байдаг учир эмэгтэйчүүд маань анзааралгүй явсаар хавдар хүндэрсэн тохиолдол олон байдаг.
  • Интернет орчин сайн хөгжсөн өнөө үед умайн хзүүний хавдар гэлтгүй аль ч хавдарын эмгэгийн шалтгаан, үе шат, авах арга хэмжээ өөрийгөө хэрхэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай сайн уншиж, судалж байх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.

-Танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 


URL:

Сэтгэгдэл бичих