УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээ бүртгүүлдэг болно гэв

145

Төрийн ордонд “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилт, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Зандашатар нээж хэлсэн үгэндээ “ Хууль тогтоох байгууллага хуулиар тогтоосон үйл ажиллагаагаа хэвийн явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа ч УИХ-ын үйл ажиллагаа, УИХ-ын гишүүдийн ёс зүй, ирцийн асуудал нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Тиймээс өөрчлөлтийг бид дээрээсээ, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаасаа эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай.

Бид парламентат ёс, парламентын засаглалын нэр хүндийг өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Иймээс Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх, цэгцлэх замаар бид парламентын нэр хүндийг сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна. Парламентын мэтгэлцээн ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлсэн, баримт нотолгоонд тулгуурласан, онолын болон шинжлэх ухаанд үндэслэсэн хууль тогтоох мэтгэлцээн байж гэмээнэ хуулийн чанар, хэрэгжилт сайжирна гэж үзэж байна. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах ажлаа үр дүнтэй хийж чаддаг болсноор парламентын нэр хүнд сайжирна. Гадаад орнуудын парламентын туршлагыг судалсан зүйл нэлээдгүй байна. Дэлхийн бусад улс орны парламентын мэтгэлцээн Байнгын хороод, Дэд хороодын түвшинд хэрхэн өрнөдөг, түүнд нь Тамгын газрын ажилтнууд хэрхэн дэмжлэг үзүүлж, Үндсэн хуулийн хүрээнд хууль тогтоох ажиллагааг ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлд хэрхэн тулгуурлаж, шинжлэх ухааны үндэс, баримт нотолгоотой хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж байгаа талаарх сайн жишгийг бид нэвтрүүлэх шаардлагатай байна. Ингэснээр, хуулийн чанар, хэрэгжилт сайжирна.

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно.  Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ. Үүнтэй уялдуулан дэгийг сайжруулах, хэлэлцүүлэг, мэтгэлцээн бодитой, асуудалдаа чиглэсэн байх шаардлага бий болно. УИХ-ын хуралдааны танхим бол популизмын талбар, хэрүүлийн тайз байх учиргүй хэмээн үзэж байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчилж, ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг индэр, шинжлэх ухааны баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн өрнүүлэх замаар хууль тогтоодог танхим болгохыг зорьж байна” гэлээ.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

П.АНИР
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих