Монгол ба Нигери

-Шинжээч бичиж байна-

Нигери улс 167 сая буюу Монголоос 60 дахин их хүнтэй боловч манай улсын гуравны хоёртой тэнцэх газар нутагтай. Хүн амын нягтрал, далайн гарц, хүмүүсийн арьсны өнгө, шашин, түүхээрээ тэд биднээс ялгаатай ч хоёр улс хоорондоо олон талаараа төстэй ажээ.

Хамгийн тод төс нь хоёулаа байгалийн баялгаасаа маш их хараатай. Нигери газрын тосны нөөцөөрөө дэлхийд 10 дугаар байранд ордог бол Монгол нүүрсний нөөцөөрөө бас аравт ордог. Нигери улс АНУ-ын газрын тосны импортын 10 хувийг нийлүүлдэг. Монгол Улс өнгөрсөн онд Хятадын нүүрсний импортын 40 хувийг нийлүүлжээ. Хоёулаа түүхий эдийн олон улсын зах зээлийн үнээс үнэмлэхүй хамааралтай. Тухайн эрдсийн баялаг нь эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч учир бараг бүх экспорт нь болдог бөгөөд төсвийн орлогынх нь дийлэнх хэсгийг бүрдүүлдэг.

Хамгийн гол эрдэс баялагийнх нь олон улсын зах зээлийн үнэ өсөх цагт аль алиных нь Засгийн газар үлэмж томорч яам, ажиллагсдын тоо нь өсч, эдийн засаг дахь төрийн оролцоо нь нэмэгдэж, муу тооцоотой том төслүүдийг хэрэгжүүлдэг эхэлдэг. Төсвийн зардал нь орлогоосоо түрүүлж, өсдөг бөгөөд зөрөөг нь гадаад дотоодоос зээл авч санхүүжүүлдэг. Харин үнэ буугаад ирэхээр Засгийн газрын орлого багасах боловч зардлаа бууруулж чаддаггүй. Нэгэнт эхэлсэн хөрөнгө оруулалтаа зогсоосноор олон хүн ажилгүй болж, бэлтгэн нийлүүлэгч компаниуд дампуурч, улмаар эдийн засаг нь хямарч эхэлдэг. Эдийн засаг нь хямарсан цагт Нигерийн цэргийн удирдлагууд үргэлж төрийн эргэлт хийж байжээ.

Эдийн засаг дахь төрийн оролцоо их, үйл ажиллагаа нь ил тод биш байх нь төр, засгийн эрх мэдэлд байгаа хүмүүст ашигтай бөгөөд учир нь тэд албан тушаалаа ашиглан нийтийн хөрөнгөнөөс завшихын төлөө өрсөлдөж эхэлдэг. Авлига газар авч, улмаар нийгэм нь жигших биш бахархах түвшинд хүртлээ хүлээн зөвшөөрөгдөж, хэвийн үзэгдэл болдог. Нигери улс 2011 онд авлигын үзүүлэлтээрээ дэлхийн 183 орноос 143-д орж, өмнөх жилээсээ 10 байраар, Монгол 120 дугаар байранд орж дөрвөн байраар тус тус хойшилсноор хоёр орон ойрын хөршүүд болжээ. Хоёр улсыг харьцуулан судлахын ач холбогдол нь Монгол Улсын хувьд аль хэдийнэ илрээд байгаа засаглалын гаж буруу илрэлүүд ямар гамшиг, үр дагаварт хүргэдгийг Нигери улсын амьд жишээн дээрээс харж, алдаагаа түргэн засаж залруулах, юуг хийж болохгүйн сануулга болж байгаад оршиж байна.

Нигерид төрийн эргэлт гарах бүр өмнөх төрийн удирдлага, тэдний холбоотнууд нийтийн эзэмшлээс зувчуулсан хөрөнгөө аваад гадаадад гарчихдаг. Монголд засгийн эрхийг луйвартай ч гэсэн сонгуулиар авдаг бөгөөд харин засгийн эрхээс мултрахаараа зувчуулсан хөрөнгөө яахыг нь харах л үлдээд байна.

Нигери газрын тосны дэлхийн хамгийн том олборлогчдын нэг ч эцсийн бүтээгдэхүүн хийх сонирхолгүй, байгаа дөрвөн нэрэх үйлдвэртээ газрын тос нийлүүлэх нь гадаадаас боловсруулсан бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудад ашиггүй. Засгийн газар нь тэднээс бэлэн бүтээгдэхүүн зах зээлийн үнээр аваад иргэддээ татаастайгаар хямдруулан зарж, зөрөөг нь өөрсдийн хэлхээ сүлбээтэй импортлогч компаниудад төсвийн мөнгөөр төлөх маягаар олон жил “хамтран ажиллаж” иржээ. Авлигын хамгийн том үүрийг устгаж, улсын төсвийн ачааллаас 8.0 тэрбум доллар хөнгөлөх санал саяхан тэнд гарсан боловч бензиний үнэ хоёр дахин өссөнөөр иргэд нь уурлаж бухимдан, гудамжинд байгаа машин, эд хөрөнгөд халдан устгаж, эдүгээ бүх нийтийн бослого гаргахад хүрээд байна.

Монголд газрын тосны баяжуулах үйлдвэр барих санал хэдэн жил дамнан яригдсан ч хийсэн ажилгүй хойшилсоор, нутгийн зүүн хэсгээс олборлосон газрын тосыг Хятад руу түүхийгээр нь гаргасаар байна. Бид ОХУ-аас бараг 100 хувь шатахуун, тосоо импортолж, онцгой татварын түвшинг өөрчлөх замаар иргэдэд борлуулах үнийг нь зохицуулж ирлээ. Энэ өдрүүдэд тусгай эрхтэй цөөхөн импортлогч компаниуд жижиглэнгийн үнээ дахин 17 хувь нэмлээ. Түлшний үнэ өөрчлөгдсөнийг далимдуулан бараг бүх үйлдвэрлэгчид болон худалдаачид бараа үйлчилгээний үнээ өсгөдөг жишиг Монголд бий болоод удаж байгаа ч хэрэглэгчид бухимдахаас хэтэрдэггүй юм.

Нигерийн Засгийн газрууд тооцоо муутай, үрэлгэн учир хөрөнгийн хагас нь замдаа алга болдог олон том дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд ээлж дараалан тавьсан гадаад өрийн хэмжээ нь нэмэгдсээр, улс нь нэг удаа дампуурсан бөгөөд эдүгээ гадаад өрийн хүү нь үндсэн зээлээсээ давж, Засгийн газар нь зөвхөн хүүг нь арай чүү төлж байна. Хүн амын дийлэнх нь ядуу энэ орны Засгийн газрын хамгийн том сорилт нь өдгөө ядуурал, ажилгүйдэл, муу дэд бүтэц, гэмт хэргийн өсөлт, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажил болоод байна. Ядуу иргэд нь төр засаг мөнгө өгөхгүй, цалингаа өсгөхгүй бол орон нутгийн зам, бусад дэд бүтцийг эвдэж устгахаар сүрдүүлэх нь хэвшил болжээ.

Нигерийн энэ түүхийг судлан ойлгож, алдааг нь давтахгүй байхыг монголчууд бид хичээх ёстой. Бид юуны өмнө засаглалыг ил тод болгож, Засаглагчдыг тодорхой тайлагнадаг, тайлангийн үнэн зөвийг иргэний нийгмийн төлөөлөл орсон хөндлөнгийн шалгалтаар баталгаажуулдаг болох шаардлагатай байна. Энэ ажлыг юуны өмнө улсын төсвөөс эхэлж, төсвийн шинэ хуулийг хойтон биш, энэ 2012 оноос хэрэгжүүлэх шаардлагатай.

Монголын төр засгийн эрх баригчид нийтийн хөрөнгө зувчуулахаа зогсоож, албан тушаалын гэмт үйлдэлд холбогдсон хүмүүстэйгээ хариуцлага тооцох цаг боллоо.

Байгалийн баялаг маань хараал биш ерөөл болтугай.

Д.Жаргалсайхан

http://jargaldefacto.com/


URL:

Сэтгэгдэл бичих