МАН-ын бүлэглэлийн “Идсэн” 800 тэрбум төгрөгийн концессын хулгайг мартах учиргүй

2123

Хөнжил дотроо хөлөө жийлцэж, хөгөө тарьж яваа МАН-ынхны балаг төрийн албыг наймаалцах 60 тэрбумаар эхэлж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан 800 тэрбумын концессоор газар авч, У.Хүрэлсүх сайдын бүлэглэлийн авсан ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой гэмт хэргээр үргэлжилж буй. “Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас” хэмээсэн байдаг. Гэтэл төр барилцах нь битгий хэл, биеэ засах чадваргүй увайгүй улстөрчид ард түмний нэрээр хэдэн зуун тэрбум төгрөгийг хувьдаа завшаад байна. 100 жилийн түүхтэй МАН-ын бүлэглэлээс ахиад ямар ноцтой “Но” илэрч, олныг цочроох бол гэхээс яс хавталзмаар. Учир нь, тарьсан балгаа ард түмнээр үүрүүлж, өөрсдөө гар цэвэр үлдчихдэг улстөрчидтэй улс, бид.

УИХ-ын 2016 оны сонгуульд ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Ийм атал итгэлийг зүтгэлээр хариулахын оронд албан тушаалыг авлига авах шат болгож, төрийн албыг ханцуйндаа наймаалцаж, концесс, тендер, жижиг, дундын зээл нэрийн дор ард түмэн, татвар төлөгчдийн хүртэх учиртай баялгийг эрх мэдлээрээ далайлгаж авчихаад Төрийн ордонд юу ч болоогүй мэт ичихгүй суусаар л байна, тэд. Ёс зүй, хариуцлага, хүнлэг чанар, ичих булчирхай байна уу, эрхэм түшээдэд. Сүүлдээ ардын намын алдарт хэргүүдэд ард түмний чих ч дөжирч байх шиг. Ширэн нүүртэй эрх баригч намын хулгайн хэргүүдийг бид мартах учиргүй. Тиймээс энэ удаагийн дугаартаа МАН-ын бүлэглэлийн 800 тэрбум төгрөгийн концессын хэрэгтэй холбоотой баримтуудыг эргэн сануулж байна.

НЭГ: МАК БА 78 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕСС

Засгийн газраас дур мэдэн баталсан гэгдэж буй долоон концессын хамгийн эхэнд “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн 78 тэрбум 752 сая төгрөгийн төсөвт өртөгтэй концессын гэрээ багтаж байгаа юм. Уг төслийг үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр гаргаж байжээ. Концессын гэрээний асуудлаар МАК-ийн эзэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тайлбарлахдаа “1999 онд УИХ-аас тогтоол гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 110 квт-аас дээш шугамыг төрийн өмч байлгах шийдвэр гаргачихсан. Цагаан суварга, Оюутолгойн 220 квт-ын хоёр хэлхээт шугам Дорноговь аймгийн хоёр сумыг эрчим хүчтэй болгоно. Мөн “Цагаан суварга” төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилготой. Эрчим хүчгүй бол төсөл хөтөлбөрөөр хэрэгжихэд хүндрэл үүсээд байгаа юм. Өмнөх Засгийн газрын үед буюу 2013 онд энэ асуудлыг шийдсэн” гэсэн. Н.Номтойбаяр сайдын өгч буй мэдээллээр, уг төсөлд МАК-аас гадна дөрвөн үндэсний гүйцэтгэгч компани оролцсон гэнэ. Цагаан суваргын ордыг өнгөрсөн парламентын үед Стратегийн ордоос гаргачихсан учраас үндсэндээ төр хувийн хэвшилдээ үнэгүй шугам татаж өгч байгаа хэлбэр юм.

ХОЁР: С.БЯМБАЦОГТ БА “АЛТАЙ ТРЕСТ” 77 ТЭРБУМ

Жагсаалтын хоёрдугаарт, “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концесс нэрлэгдэнэ. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагджээ. Концессыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын гэгддэг “Алтай трест” ХХК гүйцэтгэхээр төсөлд тусгагдсан нь олны анхаарал татаж буй юм.

ДӨРӨВ: 211 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕССЫН АРД ХЭН БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ

“Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн концессыг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны 213 дугаар тогтоолоор баталжээ. Нийт төсөвт өртөг нь 211 тэрбум, 373 сая төгрөг бөгөөд замын гүйцэтгэгч компаниар “Хос мөнгөн залаа” компани ажилласан байна. Өндөр өртөг бүхий уг концессыг гүйцэтгэгч байгууллагын талаарх мэдээлэл олдсонгүй. Гэвч МАН-ын нөлөө бүхий хүмүүс ард нь байгаа гэх мэдээлэл байна.

ТАВ: ЗАВХАНЫ 234 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕСС

“Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийг 2016 онд хэрэгжүүлэхээр болж, барих, шилжүүлэх нөхцөлтэй хатуу хучилттай авто замын энэхүү ажлын төсөвт өртөг нь 660 сая, 17 мянган юань байжээ. Төгрөгт шилжүүлэн үзвэл 234 тэрбум 160 сая төгрөг юм.

ЗУРГАА: Ж.ЭРДЭНЭБАТ ТОЙРОГТОО 26 ТЭРБУМЫН КОНЦЕСС АВЧЭЭ

Эдгээр концессуудын нэг нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай холбогдож байна. Тодруулбал, Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам байна. Төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг.

ДОЛОО: АНХНЫ ТӨСӨВТ ӨРТГИЙГ 6.7 ТЭРБУМААР НЭМЭГДҮҮЛЭВ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлэг барих асуудалд Засгийн газрын хуралдааны мэдээлэлд албан ёсоор тусгагдаад байсан. Гол асуудал нь, анх 2013 онд уг концесс 19 тэрбумаар зурагдаж байжээ. Гэвч гүйцэтгэгч компани нь ажлынхаа 40-50 хувийг гүйцэтгэсэн атлаа нийт санхүүжилтийнхээ 95 хувийг авчихсан аж. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар төсөвт өртгийг даруй зургаан тэрбумаар нэмэгдүүлж, 25 тэрбум 700 сая болгожээ. Эрх баригч нам, Засгийн газрыг талцуулсан эдгээр долоон концесст эрх ашгийн зөрчил ороогүй гэж дүгнэх үндэслэл огт байхгүй. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрийнхөө тойрогт концесс захиалж, танхимынхаа хэд хэдэн гишүүдэд боломж олгосон нь анхаарал татах асуудал мөнөөсөө мөн. Тиймээс МАН-ын УИХ-ын зарим гишүүд концесс гэдэг бялуунаас хувь хүртэж чадаагүйдээ шаралхаж, Ж.Эрдэнбатын Засгийн газрыг унагаасан гэж ярьцгаадаг. Магадгүй концессоос хувь хүртэж чадаагүй “Нөгөө” талынхан ЖДҮХС-г онилсон байх.

ЭХ СУРВАЛЖ:”АРДЧИЛАЛ ТАЙМС” ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч Б.Бямбасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих