ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ШҮҮГЧИД АРЬСАА ХАМГААЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ

olloo_mn_1429067105_huuli01АТГ-аас Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарсан билээ.

Тодруулбал, тэднийг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн үзэж, хөрөнгийн эх үүсвэрийг тодруулан шалгаж эхэлсэн байна.
Мөн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх мэдээлэл бий. Уг хүсэлтийг мөн Шүүхийн ерөнхий зөвлөл хэлэлцэж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийддэг аж.

Өнгөрсөн оны тавдугаар сард шүүгчдийн хөрөнгө орлоготой холбоотой дуулиан дэгдсэн бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар  “Шүүгчийн таван настай хүүхдийн дансанд л гэхэд таван зуун сая  төгрөг, харин өөрсдийнх нь хадгаламжинд 1 сая ам.доллар  байна.  Тухайлбал, анхан шатны шүүх дээр 50 мянган доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авилга авдаг” гэж телевизийн ярилцлагад орохдоо хэлж байв. Уг ярианы дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шүүгчийн хөрөнгө орлогын  мэдүүлгийг ил болгож мэдээлсэн бөгөөд уг мэдээллээс өнөө АТГ-ээс шалгагдаж эхэлсэн Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр хөрөнгө орлогоороо тэргүүлсэн юм.

Өмнө прокуророор ажиллаж байсан  шүүгч Ч.Хосбаярын хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар  2015 онд  Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдож байсан.

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярын  жилийнх нь орлого  248392.08 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Мөн тэрбээр  5 автомашинтай, дөрвөн орон сууцтай.  Land rover 1, Range rover 1, Toyota  Highlander 1, Nissan Murano 1 буюу нийт таван автомашинтай хэмээн мэдүүлжээ.  Харин гэр бүлийнхэн нь орлого нь 75759.04 төгрөг байгаа юм.

Харин шүүгч Н.Хангалын хувьд жилийн өмнө хөрөнгө орлого нь тэрбумаар үнэлэгдэж байсан бөгөөд энэ хөрөнгөө тайлбарлаж чадахгүй байгаа тул шалгах ёстой гэсэн мэдээлэл тухайн үед нэлээн шуугиан тарьсан билээ. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж ч “500 шүүгч дотор тэрбум төгрөгтэй шүүгч байж болдоггүй юмуу” гэж хэлээд олон нийтийн дургүйг хүргэсэн юм.

Тэгвэл дээрх зургаан шүүгчийг шалгаж эхэллээ гэсэн мэдээллийн мөрөөр зарим нэг нь өөрийгөө үгүйсгэж, арьсаа хамгаалж эхэлжээ. Тухайлбал “АТГ-аас ямар ч мэдээлэл ирээгүй. Нэг ч удаа дуудаагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гаргаж нэр төрд халдаж худлаа ташаа мэдээлэл гаргаж тарааж байна” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих