Завхан гол тэлж малчдын гэрт нэвтэрчээ
Завхан голын ус тэлсний улмаас Говь-алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн малчид өвөлжөөндөө суурьшиж чадахгүй болжээ. Завхан голын хоёр талд ная гаруй өрх өвөлждөг бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбогдох албаны төлөөллүүд газар дээр нь очиж танилцсан байна.
Одоогоор Бүрэн багийн Бумба хэмээх газар буюу голын дээд хэсэгт суурьшин амьдардаг 15 малчин өрхийн гэр болон бууцанд нь ус оржээ. Иймээс айлууд хөлдүү газрыг галаар гэсгээж, шинэ хашаа хатган барьж, суурьшиж эхэлсэн байна. Ус тэлсэн гол шалтгаан нь Тайширын усан цахилгаан станц гэнэ. Өмнө нь Тайширын станцаас Завхан гол руу 2 агрегатаар ус тавьдаг байсан аж. Энэ жил станцаас тавих усны хэмжээ огцом нэмэгдэж, өмнөх жилүүдээс 20 орчим км-ээр тэлж, ойр орчмын малчдын өвөлжөө руу ус орж эхэлсэн байна.
URL: