Шатахууны үнэ өсөх нь өнгөрсөн сард тодорхой байжээ

МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж хоёр ч удаа хэвлэлийнхэнд хандав. Эхлээд бүлгийн дарга Ө.Энхтүвшин хуралдааныхаа дундуур хэвлэлийнхнийг цуглуулж үүсээд буй нөхцөл байдлын талаар бүлгийнхээ баримталж буй байр суурийг танилцуулсан юм. Үүний дараахан МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, бүлгийн дарга Ө.Энхтүвшин нар дахин хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн өгсөн хоёр мэдээлэл нь хоорондоо утга нэг. Тухайлбал МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “АН-ын бүлэг шатахууны үнийн өсөлтөд ам.долларын ханшийн өсөлт ихээхэн нөлөөлсөн. Тиймээс ямар нэгэн арга хэмжээ авч, бодлого баримталж ажиллаагүй Монголбанкны ерөнхийлөгчийг ажлаас нь халах хэрэгтэй гэж үзэж байна. Яг үнэндээ шатахууны үнэ ингэж өссөн нь валютын үнийн хэлбэлзлээс тэгж их хамаараагүй. Зөвхөн Эрдэсбаялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан шатахууны үнэ нэмэх зөвшөөрлийг импортлогч компаниудад өгснөөс үүдэн шатахууны үнэ ийн өслөө” хэмээн мэдэгдэв.

Түүнээс гадна өчигдөр МАН-ын хэвлэлийн албанаас “Шатахууны үнийн өсөлтөд Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан буруутай. Энэ хүн бол АН-аас Засгийн газарт шургалсан этгээд. Тиймээс АН хамтарсан засгаас гарна гэдгээ мэдэгдсэн болохоор дэд сайд ийн авирлалаа” гэсэн утга бүхий мэдээллийг сайтуудаар төлбөртэй цацжээ. Үүнээс харахад МАН-ынхан нөхцөл байдалд дүгнэлт хийж, иргэдэд таатай орчинг бүрдүүлэх ажлыг хийхээсээ илүү өрнөж буй үйл явц, АН хамтарсан Засгийн газраас гарах болсон зэргээр шалтаглан улс төрийн тоглолт хийж буй бололтой.

Мэдээж АН хамтарсан Засгийн газраас гарах болсонд МАН-ынхан ихэд тааламжтай байгаа. Учир нь унаад байгаа МАН-ын нэр хүнд эргээд сэргэнэ гэсэн үг. Гэхдээ АН хамтарсан Засгийн газраас гарч МАН зүгээр сууснаар тэдний нэр хүнд сэргэхгүй. Тэгэхээр улс төрийн ямар нэгэн тоглолт явуулах нь ойлгомжтой, Ийм нөхцөл байдлыг ч тэд хүлээж байсан ньүнэн. Гэтэл аз болж АН-ынхан мэдэгдэл хийж, эдийн засгийн салбарт бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлт бий боллоо. Үүнийг далимдуулж МАН, АН-ыг нохойд барьдаг мод болгон ашиглаж эхэллээ гэсэн үг. Гэхдээ МАН-ынхэн энэ тоглолтдоо өөрсдөө л итгэж байгаа байх. Түүнээс биш АН хамтарсан засгаас гарснаас үүдэн шатахууны үнэ тэгтлээ нэмэгдэнэ гэж байх уу.

Тэгээд ч бодит байдал дээр нөхцөл байдал эсрэгээрээ байгаа юм билээ. Щатахууны үнийн өсөлт болно гэдгийг эрх мэдэлтэн бүхэн өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэж байжээ. Түүнчлэн импортлогч компаниуд ч ихээхэн хэмжээний нөөц бүрдүүлээд байсан гэнэ. Тэгээд валютын ханш чангарч 1500-д дөхөх үед имлорторгчид гэнэт үнэ ханшаа нэмж, Засгийн газар сандарсан дүр үзүүлжээ. Харин Засгийн газрын тэргүүний мэдээлснээр “Бид ямартаа ч шатахууны хомсдолд оруулахгүй” гэж байгаа. Угаасаа шатахуун их хэмжээгээр нөөцөнд байхад хомсдол үүснэ гэж байхгүй. Харин ч хэсэг бүлэг хүмүүс энэ далимаар хэтэвчээ Зузаалаад л үлдэнэ шүү дээ. Гэхдээ шатахуун импортлогчдын ихэнх нь МАН-ын батлахыг гардсан байдаг. Тэгэхээр энэ үйл явц МАН-тай шууд холбоотой ч байж мэднэ. Үүнээс харахад шатахуун түгээгчид Засгийн газрыг шахаж ард иргэдийг дээрэмдэж байна гэсэн үг. Харин энэ үйл явцад буруутан болж хамгийн их адлуулаад буй АН буруу цагтаа л хамтарсан Засгийн газраас гарах болсноо мэдэгдсэн хэрэг.

Л.МӨНХТӨР


URL:

Сэтгэгдэл бичих