Д.Батбаатар: Газрын тосны 50 хувийг дотоодын компани тээвэрлэх боломжтой болгох ёстой

712-15505617665c6ba84501a79Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах Тамсагийн ордоос газрын тос олборлох, тээвэрлэх ажлыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг”, “Доншин” компани хариуцаж байна. Харин дотоодын аж ахуйн нэгжүүдээс газрын тос олборлох, тээвэрлэх ажилд оролцох хүсэлтээ холбогдох албаныханд хүргүүлээд байгаа. Энэ талаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Д.Батбаатартай цөөн хором ярилцлаа.

-Та ЗТХЯ-нд ажиллаж байхдаа “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай газрын тос тээвэрлэх гэрээ хийж байсан. Тухайн үед Монголын компаниуд газрын тос тээвэрлэх боломжгүй байсан юм уу?
-“Петро Чайна Дачин Тамсаг” компанитай гэрээ байгуулж байх үед Монголд тээврийн кран цөөхөн байлаа. Тухайлбал, Дорнод аймагт хоёрхон байсан тул газрын тос тээвэрлэх боломж хомс байсан юм. Одоо “Петро Чайна Дачин Тамсаг”, “Доншин” компани газрын тосны дотоод, гадаадын тээврийг бүрэн хариуцаж байна. Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт “Тухайн улсын нутаг дэвсгэрт нөгөө орны тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийхийг хориглоно” гэсэн заалт бий. Эдийн засаг хөгжиж байгаа орнууд дэд бүтэц, тээвэр тэр дундаа газрын тосны тээвэрлэлтдээ ихээхэн анхаарал хандуулдаг. Тиймээс одооноос эхлэн хэлэлцээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Газрын тос, ашигт малтмалынхаа тээврийг үндэсний компаниуд хийх бүрэн боломжтой болсон. Үүнийг төр засаг бодлогын хүрээнд анхаарах хэрэгтэй.
-Дотоодын аж ахуйн нэгжүүд одоо газрын тос тээвэрлэх боломжтой болсон уу?
-Монгол компаниуд өөрсдөө тээвэрлэх боломжтой болсон. Тиймээс Засгийн газар Тамсагийн орд газраас Гашуун сухайт, Шивээхүрэн, Бургастай, Ярант зэрэг боомт хүртэлх тээврийг дотоодын компаниудаар гүйцэтгүүлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Одоо тусгай зориулалтын 400 гаруй тээврийн хэрэгслээр газрын тос тээвэрлэж байгаа. Үүний 50 хувийг Монголын компани хариуцах боломжийг олгож, төрийн зүгээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, дэмжээд явах нь чухал юм.
-Газрын тос тээвэрлэлтийн талаар салбарын хууль, тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
-Хэлэлцээрийг хэрэгжүүлэх протокол гэж бий. Үүний дагуу газрын тос тээвэрлэх зөвшөөрлийг Автотээврийн үндэсний төв олгох ёстой. Зөвшөөрөл олгох ажилд Засгийн газар хэт оролцоод байна. Саяхан л гэхэд уурхайнуудад өөрсдөө түүхий эдээ тээвэрлэх зөвшөөрөл өгсөн. Монголын уул уурхайн салбарт гадны, тэр дундаа хятад компанийн хөрөнгө оруулсан олон газар бий. Өөрөөр хэлбэл, стратегийн орд газруудын тээвэрлэлтэд хүртэл нөлөөлөх эрсдэл үүснэ. Тиймээс уул уурхайн болон газрын тос тээвэрлэх зөвшөөрлийг АТҮТ шийддэг байх ёстой.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих