Агаарын бохирдол багассаар байгаа гэв

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өчигдөр хуралдлаа. Хурлаар өнгөрсөн онд хийсэн ажлын тайлан, нийслэлийн агаарын чанарын төлөв байдал, Үндэсний хорооноос дэвшүүлсэн зорилтууд зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнэхийн зэрэгцээ энэ жил хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. Агаарын чанарыг сайжруулахын тулд нийслэлийн гэр хорооллыг хязгаарлалтын бүсэд хуваасан. Хязгаарлалтын бүсэд хамаарагдах 90 мянган айлын 41 мянга гаруй айл нь сайжруулсан зуухаар, 6500 нь боловсруулсан түлшээр хангагдсан гэх судалгаа гарчээ. Түүнчлэн Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж буй сайжруулсан зуух түгээх үйл ажиллагааг хурдасгах үүднээс иргэдэд худалдах үнийн хөнгөлөлтийг нэмэгдүүлэх, цахилгааны урамшуулал үзүүлэх зэрэг арга хэмжээг өнгөрсөн онд хэрэгжүүлжээ.

Цаашид нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, иргэдэд учирч байсан чирэгдлүүдийг багасган гэр хорооллыг утаагүй зуухаар бүрэн хангаж дуусгах зорилтыг Үндэсний хорооноос дэвшүүлэв. Түүнээс гадна Агаарын чанарын албанаас 2011 оны арваас арванхоёрдугаар сарын агаарын чанарын дундаж үзүүлэлтийг өнгөрөгч оны дундажтай харьцуулсан судалгаа гаргажээ. Өмнөх жилийн мөн үеэс 40 хүртэл хувиар багассан үзүүлэлт гарсан байна.

А.БИЛГҮҮ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих