Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг цаг тухайд нь хүлээлгэн өгөхийг үүрэг болгов

5c6ba0ef3349cБСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхантай уулзлаа.

Уулзалтаар нийслэлийн боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, тулгамдаж буй асуудлын талаар ярилцав.

Боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлээр улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2018 онд нийслэл хотод 3 сургууль, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж сургуулийн хүчин чадлыг 2240-өөр, цэцэрлэгийн хүчин чадлыг 2630-аар нэмэгдүүлсэн байна.

Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 80 төсөл хэрэгжүүлэхээр 13 тэрбум 119.1 сая төгрөгийн хөрөнгө баталсан. Үүнээс гүйцэтгэлийн үр дүнг тооцон 11 тэрбум 737.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барьж, өргөтгөх юм.

2019 онд улсын төсвийн хөрөнгөөр 15, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 4, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль ашиглалтад орно гэж Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдээлэлдээ дурдав.

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг цаг тухайд нь хүлээлгэн өгөхөөр холбогдох албаны хүмүүс ажлаа эрчимжүүлэхийг  салбарын сайд үүрэг болголоо. Мөн газар чөлөөлөх, концессын гэрээгээр гүйцэтгэх ажилтай холбоотой асуудалд нухацтай хандаж, харилцаа холбоотой ажиллахыг сануулав.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ, “Өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжихээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэг шинээр барих асуудал саатсан. Тухайлбал, газрын асуудлыг шийдээгүй, тендерийн хугацаа хойшилсон, маргаан үүссэн зэргээс үүдэн ажил хоцорч, зарим сургууль, цэцэрлэгийн төсөв татагдсан. Тиймээс 2019 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг эртнээс тал талын оролцоотой зохион байгуулахаар өнгөрсөн 7 хоногт Боловсролын сайдын тушаал гарсан.  Өнгөрсөн хугацаанд зарим хариуцлагагүй үйлдлээс болж олон газрыг хувийн хэвшлүүд концесс нэрээр авсан. Гэвч барилга баригдаагүй гацсан тохиолдол бий. Ийм асуудалтай эвлэрч болохгүй. Ойрын хугацаанд энэ асуудалтай холбогдох шийдвэр гаргана” гэв.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих