“Монгол 999”-ийн цуглуулсан мөнгө хаана байгаа бол

“Эрдэнэс Таван толгой”- н хувьцааны хуваарилалтаас үүдсэн их асуудал, хэрүүл энэ онд дуусахгүй л болов уу.

Арван хувийг нь ард түмэнд, арвыг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд, 29-ийг нь олон улсын хөрөнгийн биржүүдэд худалдаалах замаар Таван толгой хэмээх их ордоо ашиглах хөрөнгийн эх үүсвэрийг босгох ажлыг яаравчлахгүй бол болохгүй нь гэдэг ярианы эхлэл гурван жилийн өмнө гарсан.

Сэргэлэн зарим нь хувьцааны асуудал тодроогүй байхад олон нийтийн сонирхолд тулгуурлан хөрөнгөжиж байх шиг. Уг нь энэ хувьцаагаар босгосон хөрөнгө олон асуулт, асуудлын хариуг тодруулна. Хувьцаа арилжаалж, эзэмш үүлэх сургаар монголчууд холбоо, эвлэл байгуулж, хөрөнгийн зах зээл харсаар байтал сэргэн мандаж, монгол хүн бүр нэрийн данс гэдгийг ухаж ойлгохын тулд хичээх болов.

Хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг гаргаснаар Монгол Улс иргэддээ зориулан эх орныхоо өмчийг хуваарилж буй хоёр дахь тохиолдол. Энэ ажилд иргэд идэвхийлэн оролцсоны дээр аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмших учраа олж ядсан гэхэд болно.

Аж ахуйн нэгжүүдээс “Монгол 999” Үндэсний нэгдэл хамгийн хүчтэй байсан тул бусад нь бууж өгч дагаар орсон. Тус нэгдэл юун түрүүнд тамга тэмдэг, үйл ажиллагааны зөвшөөрөл тэргүүтнээ бүрдүүлж, дараа нь аж ахуйн нэгжүүдийг элсүүлэх ажлаа шуурхайлан эхэлсэн.

Тэд аж ахуйн нэгжүүд нэгдэлд чадлынхаа хэрээр хөрөнгө оруулж “Монгол 999” хэмээх байгууллагыг хөл дээр нь бат зогсоход туслах хэрэгтэй. Үүний дүнд хувьцаа эзэмшсэний дараах ногдол ашгаас хүртэн хөрөнгийн зах зээлд компанийнхаа нэрийг гаргах болно гэсэн нь хувьцааны шуурганд өртөгсдийн хорхойг хүргэлгүй яах вэ. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд үүнийг жинхэнэ “балласан”.

Учир нь хэн нэгэн этгээд тэдэнд “Монголын 70 орчим мянган аж ахуйн нэгж үнэндээ 2700 хүний мэдэлд байдаг” гэж шивнэсэн аж. Тиймээс өнгөрсөн оны сүүлчээс аж ахуйн нэгжүүдэд хувьцаа олгох уу, эс олгох уу гэдэг маргаан гарч, хэрүүл болтлоо өргөжсөн ч өнөөг хүртэл шийдэгдээгүй. Нэг хэсэг бүр аж ахуйн нэгжүүдэд хувьцаа олгохгүй гэж шийдвэрлэсэн тухай яриа гарч байтал яг таг шийдсэн зүйл үгүй гэдгийг манай засгийнхан мэдэгдсэн.

Энэ үеэр “Монгол 999”- ийг Монголын хамгийн том лоббидогч хэмээн зарлаж, Я.Батсууриас эхлээд зарим түшээ үүнийг ил тод хэлж байв. Одоогийн байдлаар тус нэгдэл Монголын 1500 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн асар том байгууллага гэдгээ илэрхийлж, хувьцааг компаниудад худалдахын давуу талыг сурталчилсан.

Гэхдээ нэг зүйлийн талаар огт яриагүй нь хачин санагдаад болдоггүй. Компаниуд нэгдэлд элсэхийн тулд хамгийн бага нь нэг сая төгрөг өгч бүртгүүлсэн гэдэг. Нэг танил маань хожим “авах” ашгаа бодож, долоон саяыг өгчихөөд “Арай багадчихав уу даа” гэж байсан. Энэ талаар “Монгол 999”-ийнхнөөс лавлах гэтэл ажил дээрээ байх хүн алга.

Гүйцэтгэх захирал гэх хүний утас руу залгахад утсаа авсангүй. Тиймээс тойм тооцоо хийж үзэхэд дөрөв орчим тэрбум төгрөг хангалттай цугларчээ. Тэр их мөнгө дансанд нь бэлнээрээ байна гэдэг худлаа. Өдийд хөл дээрээ бат зогсох ажлаа хэдийнэ эхлээд бараг дуусах гэж байгаа тул үрэгдээд дуусаа биз.

Гэхдээ үнэхээр хөл дээрээ зогссон бол хамаа алга. Монголын компаниудын хөрөнгийн зах зээл дэх эрх ашгийг тодорхойлох уг байгууллаг хүчирхэг байж гэмээнэ ашигтай. Гэтэл өдгөө УИХ-аар Таван толгой асуудлыг хэлэлцэх болохоор гишүүд нь “Монгол 999”-ийн сонирхлыг өвөрт өлсөн болон өвөртлөөгүй гэх хоёр хэсэгт хуваагдчихаад байгаа.

Нэг үгээр 1500 орчим компанийн төлөөлөл гэгдэх уг байгууллага явцуу эрх ашиг буюу цөөхөн хүний тусын тулд үйлчлэх шинжийг агуулж эхэлсэн нь үүний цаана хувьцаа байна уу, эсвэл сонгуулийн марафон үргэлжилж байгаа юу гэдэг нь хардлага төрүүлж байгаа юм.

Г.Амартүвшин

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих