М.Цэемаа: Аглагт /өгүүлэл/
Зуухны хүүхээн дээрх таглаатай саванд пор порхийн буцлах зүйлийг ханцуйгааараа жийрэглэн сэнжин дээрээс нь барьсан Ожгоо эргэнэг рүү гээ эргэж урд буланд нь тавиад тогооны алчуур сэлтээрээ ороон бөөцийлнэ.Хонины хишигтэй Далхаа тэртээ зүүн урдаас алаг мориороо яаравчлангуй давхисаар хотны урд хамар дээр гарч ирснээ мориныхоо амыг татаж шалавлангуй давирсаар гэрийн үүдэнд тулан алдаад зогсон мориноосоо бууж цээжнээсээ хурганы уутаа мултлан Ожгоод өгөнгөө /Ихэр халзан хургалаад бүүр 3 ихэр/ гаргалаа даа.Хүйтэн салхи цасан буригаатай болохоор шууд л аваад давхиад ирлээ гээд гэрт орон галын захад уутаа түрүүлгэ нь харуулан асгаж орхиход 3 нялх нойтон хурга унаж ирснээ толгойгоо сэгсрэн чихээ салбалзуулан хошуугаа шөмбийлгөөд тэнцэж ядан тэнчигнэх нь эгдүүтэй.
Өө хөөрхий амлуулаагүй л биз дээ гэж Ожгоог хэлбэл Юун амлуулах манатай дээлтэй нь хөлдөх дөхөж байхад нүцгэн нойтон нялх юмнууд чинь модойх байх гэж айгаад бушуухан л ууталж аваад давхиад ирлээ дэг.Ихэр халзаа өөрөө одоо гүйгээд ирэх байлгүй дээ хэмээн хэлж дуусаагүй шахам гэрийн хаалганы самбарыг маажих шиг чимээ гарлаа.Ожгоо хаалга түлхэн гарснаа \эвий эвий энэ муу амьтны чинь хаг нь ч унаагүй явна даа.Ор ор гэр галтай байгаа/ гэж эгээ л хүнтэй ярих шиг үглэсээр хаалганы самбарын гогцооноос татан онгойлгож ихэр халзайгаа оруулав.Энэ халзаа жил бүр л ихэрлэдэг буянтай амьтан шүү.Одоо ч хичнээн хонь болоод байгаа билээ дээ мөн ч буянтай амьтан аа даа гэснээ Ожгоо зөв гарынхаа дунд хуруугаараа үрчгэр зовхио нямбайхан арчаад авлаа.Авга эгч нь хэдэн үхэр,хонь,ямаануудтайгаа яг л хүнтэй адил дүнгэнэтэл ярьдагийг Далхаа мэдэлгүй яах вэ.Бригадын дарга Даваасүрэн Ожгоогийн хэдэн мал эзнийхээ хэлийг мэддэг .Бараг ярихаа шахсан гэдэг сэн.Малын эмч Мягмар Дадийн халтар нохой намайг нэг ирэхэд хээв нэг мэнд хэлэлцэх байх шүү хэмээн лавай цагаан шүдээ гарган их галтай зуухны хүүхээ салхитай өдөр утаагаа сорох шиг хүнгэнэн инээх нь янзтай.
Нохой ухаантай амьтан шүү.Тээр жилдээ чухам хатсан хавраар манай энэ Булгуудын хэцэд үүлтэй тэнгэр тэнчээгээрээ унаж /ногоон аюул/ гээч юм болов доо.Голын ширэг зүлгэн дээр хаврын ичээнээсээ гарсан муусайн туранхай тарваганууд шавж үхээд л энэ хоолой тэр аяараа цасан далай,нисдэг тэргээр зудны айлуудад хоол хүнс буулгаж өгөөд шувуу ч үзэгдэхгүй еэ бас хэцүү ч юм болсон доо.Өвгөн хэдэн адуутайгаа тэртээ хойш Туулын хойд руу би хоёр нялх охидтойгоо ямаа малтайгаа эндээ.Одоог бодвол залуу даа залуу. Чухам одоог бодвол залуудаа л тэр айхавтар аюулыг давж гарсан шиг хэмээн Ожгоо цайны шаазан ёроолдон суунгаа шогшрон ярьсан сан.Зудны жил Дадийн халтар нохой өглөө хонио дагаад л гардаг гэнэ.Өдөр хирд хонины зүгээс бөвөг бөвөг хийн шогшсоор л хотондоо ирэх.Урьд жил нь мал тарган сайхан царигтай орсон болохоор төлөг шүдлэн ишигнүүд хээл авсан аж.Цагийн хатууд өнөөдүүл нь хургалж,ишиглээд мундраагаа хутгана даа.Билчээр дээр гарсан хурга ишигнүүдийг халтар нохой хөлнөөс нь зуугаад ар сэрвээн дээрээ шидчихээд ганзагалаад аваад ирдэг.Гэрийнхээ баруун талыг тэр чигт нь зайчлаад хурга ишигнүүдээ хийчихээд бид 3 чинь хонин дундаа л амьдраад байв шив.Ишигний ишиг,хурганы хурга ч дарсандаа.Тэднээр мал хийх чинь базарваань ёстой л өнөө аман дахиа хувааж иднэ гээч л боллоо доо.Овоо дориун царигтай орсон хүрэн сарман үнээ маань тугалж сүүн далай болж тэр олон нялх амьтдын голыг нь норгосны буянаар өнчин ишигний гарзгүй гарч маршиллын гарын үсэгтэй хүндэт жуух бичгээр шагнуулж л явлаа даа хэмээн Ожгоо хүүрнэнэ.Дэлэнт мал дээшээ малаас хаях юм үгүй амьсгалаас л бусдыг нь ашиглана даа.Монгол хүнд дээд тэнгэр мал буяныг хайрлахдаа өглөгийн дээдийг өгчилгөж дээ.Мал дагавал ам тостой доо гэж чухам үнэн шүү гэнэ.
Нагацын талынхан Нямаас ижий чинь энэ жил сууринд ирж өвөлжих гэнэ үү гэж хааяа асууцгаана.Манай ижий ирэхгүй ээ ирсэн ч 3 хонохгүй хэдэн үхрээ зүүдлээд л тэгэж ч ингэж ч хуян шар ус хөөрлөө,ус унд нь ч зохихгүй нь хар гэртээ харих минь,хэдэн үхэртэйгээ хоолоо хувааж идэх минь гэсээр байгаад замын унаанд суугаад арилаад өгнө.Танай энэ сууринд нүүрсний утаанд нь нүд хорсоод цээж бачуураад байх юм.Хэдэн хүүхэд минь надад өгөх байхаа олж ядаад аль амттаныг идүүлэх гэж хичээх л юм хөөрхийс тэгэвч би чинь тэнд тэгээд л оторлоод байж чадашгүй нь шүү.Хар гэртээ харьж ирээд хэдэн үнээтэйгээ ярьж хэвтвэл тэр золоо хө гээд л гараад өгнө дөө.Зудтай ч , дайнтай ч тэр олон олон зовлонтой жилүүдийн хүндийг үүрсэн Ожгоо минь тэнгэр хангай,уул усаа дээдлэн шүтсэн амьд бурхан,хүн сэтгэлийн оргил хүний хайлан байсан даа хөөрхий гэж өнөө ач үрс нь дурсахад Бүрэнгийн хүрэн уулс Хайрхан Төхөм нь өндөлзөх шиг ээ.
2017 он
URL: