Хорин минутын дотор 10 насаар залуужуулна гэх зарын мөрөөр…

100

Өөрийн төрх гоо сайхандаа сэтгэл хангалуун явдаг бүсгүй тун ховор гэсэн судлаачдын дүгнэлт байдаг. Тэдний энэ сэтгэл дундуур байдал гоо сайхны мэс заслын салбарыг цэцэглэн хөгжүүлсэн биз ээ.

Бөмбөрцгийн бүсгүйчүүдийн энэ хүслээр манай хүүхнүүд ч өвчилж, тэдний хэрэгцээг хангах, гоо сайхны мэс заслын үйчилгээг эрхэлдэг газрууд Монголд олширсон байгаа. Шивээс, маникюр, педикюр, нүүрний үрчлээ тэнийлгэх ботокс тарилга, эхэсийн тариа тарих газрууд, батга эмчилнэ гэсэн зар интернэт, зарын сонин хэвлэлээр элбэг үзэгдэх нь ч ердийн хэрэг болжээ.

Гэхдээ ийм төрлийн үйлчилгээ явуулдаг газруудын ахуйн, эрүүл мэндийн стандарт шаардлагад нийцдэг үү, тусгай зөвшөөрөл авдаг уу. Авдаг бол хаанаас олгодог вэ гэдгийг охид хүүхнүүд тэр бүр мэддэггүй.

Хурдацтай хөгжиж байгаа энэ салбарт золиос нэлээдгүй гардаг. Бүсгүйчүүдийн төгс төгөлдөр болох гэсэн зоригтой хүсэл эргээд өөрсдийг нь гоо сайхан, эрүүл мэнд, хөрөнгө мөнгөний хохирол дагуулдаг гэсэн үг.

Гэсэн хэдий ч манай бүсгүйчүүдийн сонирхлыг сүүлийн жилүүдэд ботокс тарилга нэлээдгүй татаж байгаа юм. Хорин минутын дотор 10 насаар залуужуулна гэх зар, рекламны самбартай гудамжинд таарч байсан уу. Ийм зар мэдээтэй сонин олж харж байсан уу. Манай сурвалжлах баг энэ зарын мөрөөр бэсрэг сурвалжлага бэлтгэлээ.

Бидний зорьсон газар бол энэ төрлийн үйлчилгээ явуулдаг “Гоо хатан медикал” мөн Оюу СПА салон байв.

1-15 Хорин минутын дотор 10 насаар залуужуулна гэх зарын мөрөөр...

Тус газруудын үйлчилгээний төрөлд үрчлээний эсрэг гэсэн тодорхойлолттой ботокс тарилга хийх үйчилгээ багтдаг. Энэ тарилгыг нэг хүнд хийх дээд тун 80 юнит байдаг гэнэ. Үнэ нь 250 000 төгрөг аж.

Гоо сайхны газрууд тусгай зөвшөөрөл бий юу хэмээн асуусан бидний асуултад хариулахдаа хойрог хандав. “Мэдээж зөвшөөрөлтэй учраас хийдэг” гэсэн тойм төдий хариултыг өгч байна. Гоо хатан медикал эмнэлэг гаднаас мэргэжилтнүүд ирж манайд сургалт явуулдаг гэлээ.

Ботокс могойн хорноос 400 дахин илүү хүчтэй, хамгийн хүчтэй хор

Тус тариаг нэг удаа хийхэд үйлчилгээ 6-8 сар үйлчилдэг байна. Үүний дараа дахин 2-3 удаа тариулж байж жинхэнэ үр дүнгээ өгдөг гэж үйлчилгээ үзүүлэгч газрууд хэлэв. Мөн дөрвөн сараас 2.6 жилийн баталгаат хугацаатай, хамар, уруул, давхраа хийх үйлчилгээ үзүүлдэг юм байна. Гэхдээ баталгаат хугацааг янз бүрээр өгдөг аж.

Ботоксын тухайд, энэ тарилга тариулснаар хүний нүүрний булчин инээх, баясах, уурлах зэрэгт илэрдэг хувирлуудыг тод гаргахаа болино. Тариаг зөвхөн хамраас дээш, дух орчимд хийдэг байна. Хацар хавьцаа хийлгэвэл инээх тухай бодохын ч хэрэггүй болдог гэнэ.

Энгийнээр тайлбарлахад тарилга булчингийн үйл ажиллагааг саатуулдаг. Тариа хийлгэсний дараа нүүрний булчингууд илт суларч, ерөнхийдөө мэдрэмжгүй болно гэсэн үг. Анх удаа тариа хийлгэсэн хүнд энэ нь төвөгтэй, хоосон мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд 3-4 удаа хийсний дараа хүн ботокс тариулсны дараах үеийн нөхцөл байдалд дасаад, нүүрний хувирлуудын үндсэн мэдрэмжүүдээ мартаж, эвлэрдэг байна.

skin-ageing-young-to-old-986x675 Хорин минутын дотор 10 насаар залуужуулна гэх зарын мөрөөр...

Ботокс тарилга хортой. Могойн хорноос 400 дахин илүү хүчтэй дэлхийн хамгийн хүчтэй хорнуудын нэг. Гэхдээ маш бага буюу тохиромжтой хэмжээгээр гоо сайхны зорилгоор хэрэглэж чадвал 5-10 насаар залуужуулдаг гэж үйлчилгээ үзүүлэгчид ярьж байна.

Тариалга маш их нэвчимтгий бодис учраас тун ихдэх, хэт нэвчих зэрэг эрсдэлтэйг ч хэлж байна. Тарилгын тунг хэтрүүлбэл нүүрний хэлбэрт өөрчлөлт ордог. Хөмсөг дээр дор харагдах гэх мэт доголдол хамгийн наад захын эрсдэл. Тарилгыг судас дайруулаад хийчихвэл нүүр хөхрөх, хавдах гаж нөлөөнүүд илэрдэг.

Хачирхалтай нь манай хүүхнүүдийн дийлэнх нь тунг нь жаахан нэмчих, бага зэрэг нэмээд хийчих гэж гуйдаг байна. Тарилгын ботоксоос гадна сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, арьс чангалж, мөн унжилтын эсрэг, батгашилт, нүхжилт арилгах, харшлын эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсны чийгшил болон дээд зэргийн тэжээл болж өгнө хэмээн сурталчилдаг цацдаг ботокс хэмээх аргыг гоо сайхны газрууд хэрэглэж үзжээ.

Тухайлбал, Оюу СПА салоныхон энэ арга үр дүнгээ огт өгөөгүй гэж хэлсэн юм.

Тарилгыг хаана үйлдвэрлэгдсэн, хэзээ орж ирсэн бэ гэдгийг бүсгүйчүүд тэр бүр анзаардаггүй

Бүсгүйчүүд энэ төрлийн тарилгыг хаанаас орж ирсэн, хэзээ үйлдвэрлэсэн, ямар нэртэй тариаг тэр бүр анзаардаггүй юм байна. Мэргэжлийн хяналтын байгууллагууд нэг удаа шалгалт хийж аль улсад, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, импортын зөвшөөрөлгүй тарилгуудаар үйлчилж байсан гоо сайхны газруудыг илрүүлсэн тохиолдол бий.

Эрүүл ахуйн тухай хуульд хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийхийг хориглосон заалт байдгийг ч иргэд бас тэр бүр мэддэггүй бололтой.

Өнөөдөр нийгэм эдийн засгийн  ямар ч хямралын үед эрсдэлд ордоггүй  салбар бол гоо сайхны мэс засал. Ийм эрэлт, хэрэгцээний нэг талд тусгай зөвшөөрөлгүй, стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж чаддаггүй газрууд ч үүд хаалга нээгээд, үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй.

Ийм болгоомж, сэрэмжлүүлгийг эрүүл мэнд болон хяналтын байгууллагууд, мөн залуужих мөрөөдөлд автсан бүсгүйчүүд ч хаана хаана аа анхаарах нь зөв биз ээ.

Ботокс тариулсан бүсгүйчүүд сэтгэл ханамжаа ярьж байна

42 настай эмэгтэй Б: Найз нөхдөөсөө энэ тарианы тухай сонссон. Сонирхоод ботокс шахуулж үзье гэж бодсон. Гэхдээ нэг л удаа тариулсан. Ахиад тариулна гэж бодож байсан ч хүүхэд гаргаад тариулаагүй.

43 настай эмэгтэй С: Тарианы тухай найзуудаасаа сонссон. Тэгээд тариулахаар шийдээд очиж хийлгэсэн. Нүүр нэг л сонин хоосон юм шиг, мэдрэмжгүй болсон санагдаад, инээх гэхээр хачин болоод байсан. Толинд нэг харахаар гайгүй ч юм шиг, гэхдээ дух нэг л сонин Аватар киноны хүмүүс шиг бөмбөгөр, төвгөр харагдаад муухай санагдах болсон. Ахиж хийлгэхийг хүсээгүй.

Иргэн О: Би орон нутгаас хотод ирж ботокс тариулсан. Гоо сайхны газар үрчлээг арилгадаг гэхээр нь очсон. Надад үрчлээний эсрэг ботокс хийлгээд гоё сайхан болсон хүмүүсийн зургийг үзүүлсэн. Тэгээд л би хийлгэсэн.  Хийлгэсний дараа битүү хавдар болж 2-3 хоног болоод буурсан. Ботокс үйлчлээгүй байсан. Би зургаан сарын дараа дахин хотод ирээд тус гоо сайхны салонд очиж уулзсан. Даанч гомдлыг хүлээж аваагүй. Мэргэжлийн хяналтад хэлье гэж бодсон ч төд удалгүй нутаг буцсан. Үүнээс хойш дахиж гоо сайхны салонд хандахаас айдаг болсон. Гоё болсон бол хамаа алга. Тухайн үед тариа тарина гэсэн болохоор өвдөх болов уу, гоё болох болов уу зэрэг сэтгэл хөдлөлөөсөө болоод тариаг үйлдвэрлэсэн газар, хугацаа, нэрийг нь харж чадаагүй.

2-14 Хорин минутын дотор 10 насаар залуужуулна гэх зарын мөрөөр...

Б.БОЛОРМАА, Я.ХУЛАН

Updown.mn


URL:

Сэтгэгдэл бичих