“Улс орноо чөлөөлөх”-ийг Венесуэлийн цэргийн хүчинд уриалжээ
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогоос дэмжлэг авахаа зогсоохыг тус улсын цэргийн хүчинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт уриалав. Энэ тухай Флорида муж улсын Майами хотноо үг хэлэх үеэрээ тэмдэглэсэн байна.
Д.Трамп хэлэхдээ, Н.Мадурогийн Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж буй хэн бүхэн өөрсдийн ирээдүй болон амь насаа эрсдэлд оруулж байна гэжээ.
Венесуэлийн Ерөнхийлөгчид олон улсын зүгээс дарамт шахалт үзүүлж байгаагаас үл хамааран тэрбээр албан тушаалаасаа огцрох хийгээд шинэ сонгуулийг зохион байгуулахаас татгалзсаар байгаа юм.
Өнгөрсөн сард Венесуэлийн Ерөнхий ассамблейн тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, АНУ тэргүүтэй олон арван улс түүнийг хүлээн зөвшөөрсөн билээ.
Х.Гуайдо Венесуэлийн Ерөнхийлөгчийн 2018 оны сонгуулийг шударга бус болсон хэмээн үзэж байгаа бөгөөд дахин сонгууль явуулахыг уриалсан билээ. Харин Н.Мадуро улсын дотоод хэрэгт гадаадын орнууд хөндлөнгөөс оролцож буйг шүүмжилсэн байр суурийг илэрхийлсээр байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: