Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 1990 оноос хойш анх удаа болно
ОБЕГ, НЗДТГ хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 24-26-нд нийслэлийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” хийх бэлтгэл ажлаа хангасныг өнөөдөр мэдээлэв. Энэ нь 1990 оноос хойшхи анхны томоохон гамшгаас хамгийн сургууль гэдгийг хуралд оролцогчид онцолж байв.
Сүүлийн үед нийслэлд газар хөдлөх эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын орон сууцны бүх барилга, ААН, барилга байгууламжид байгаа иргэдийг хамруулан 40 гаруй аюулгүй талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэхээс гадна, эрэн хайх, аврах ажиллагааг үлгэрлэж, хээрийн эмнэлэг гаргах юм. Энэ үеэр Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашины хөдөлгөөнийг зогсоох аж.
Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж нар оролцсон юм.
Гамшгаас хамгаалах сургуулийн бэлтгэл хангах ажлыг хороо, дүүргийн хэмжээнд шат дараалалтай зохион байгуулна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
URL: