УИХ-ын гишүүн Т.Амаржаргал: Ерөнхий сайд заал тойрч гүйж байхаар бензин шатахуундаа анхаарах хэрэгтэй байсан юм

Огцом өссөн долларын ханш, шатахууны үнэ чухам юунаас үүдсэн тухай УИХ-ын гишүүн Т.Амаржаргалаас тодрууллаа. АН-ын хувьд энэ явдлыг Монгол банкны буруу бодлогоос болсон гэж үзэж байгаа бөгөөд хямрал болох нь гэсэн иргэдийн хүлээлтийг улам хурцатгаж болохыг тэрбээр анхааруулсан юм.

- Шатахууны үнийн өсөлтийг долларын ханшаас болж өссөн гэсэн тайлбарыг Монгол банкны удирдлагууд үгүйсгээд байна. Үнийн хөөрөгдөл яг юунаас шалтгаалаад байна вэ?
- Хоёр жилийн өмнө буюу 2012 онд долларын ханш бас өссөн шүү дээ. Тэр үед нэг доллар 1450 төгрөг байхад литр бензин 1200 байсан. Өнөөдөр доллар 1430 орчим байхад шатахуун бараг 60, 70 хувиар өсөөд 1900 төгрөг болчихсон байна. Үүнийгээ дэлхийн зах зээл дээр авдаг үнэ нь өөрчлөгдсөн гэж тайлбарласан. Монгол банк сая нэг сарын таванд валютийн интервенц /нийлүүлэлт/ хийсэн гэлээ. Уг нь бол валютын нийлүүлэлт хийсэн тохиолдолд ханш нь буурах ёстой биз дээ. Гэтэл дараахан нь өсчихсөн. Өнгөрсөн есдүгээр сараас хойш валютын ханш 15 хувиар нэмэгдсэн байна. Үүнийг ажлаа хийхгүй, юу хийхээ мэдэхгүй байгаа хариуцлагагүй байдлаас болсон гэж хэлэхээс аргагүй.

- Монгол банк гадны хөрөнгө оруулалт огцом багассан болохоор долларын ханш өссөн гэж байсан. Энэ хэр бодитой тайлбар вэ?
- Өнгөрсөн оны ес, аравдугаар сард валютын урсгал 80-90 хувиар буурсан. Цэвэр урсгал нь ойролцоогоор 150-аад сая доллар болсон байна. Манай  улсын мөнгөний урсгалын 65 хувь нь гадаад хөрөнгө оруулалт байгаа юм. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирж байгаа мөнгийг тодорхойлох хэмжээнд хүрчихлээ. Сонгууль болох жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа зогсоож, багасгадаг жишиг бий. Арван улсаас долоод нь сонгууль болж байгаа жилд валютын гаднаас ирэх урсгал тодорхой хэмжээгээр буурдаг. Үндсэндээ эхний зургаан сар хөрөнгө оруулалт байхгүй болж байгаа юм. Дээр нь  манай валютын нөөц арван хоёр, нэгдүгээр сард хасахтай гарч байсан. Өнөөдөр манайд жилд 20 тэрбум доллар эргэлдэж байгаа. Тэгэхэд 20 тэрбумын эсрэг бид 2,5 тэрбум долларын нөөцтэй сууж байгаа байх юм.

- Урьд нь энэ бүхнийг тооцоод шатахууны үнийг барьж болоогүй юм уу?
- Аравдугаар сард дэлхийн зэх зээл дээр шатахууны үнэ нэмэгдээд байна, хомсдол үүсээд таксины, талхны мөнгө нэмэгдэх гэж байна гээд онцгой татвараа тэглээд өгөөч гэсэн. Ингээд тэглэчихвэл болох юм байлгүй дээ гээд аравдугаар сараас хойш нефть бүтээгдэхүүний татвар гэж нэг ч төгрөг улсын төсөвт ороогүй. Дараа нь бас л баахан зовлон тоочихоор нь УИХ гаалийн татварыг нь тэглэсэн. Эцсийн эцэст гаалийн болон онцгой татварыг тэглэдэг нь тэр дэлхийн зах зээлийн савлагаа манайд зөөлөн тусаасай, хохирол багатай буугаасай гэсэндээ хийсэн зүйл. Гэтэл энэ бүх ажил маань ямар ч үр дүнгүй болж хувирчихаад байна. Одоо НӨАТ-аа ч гэсэн авахаа боль гэж хэлэх гээд байна. Энэ бол цэвэр хариуцлагын асуудал гэж би хувьдаа ойлгож байна. Үнэхээр ажлаа мэдэхгүй байгаа, энэ ажлыг явуулъя гэсэн хүсэлгүй хүмүүс энэ ажлыг хийж байгаа учраас шатахууны үнэ өсөөд байна.

- Ер нь үнийн өсөлтийг хэт их тэлсэн төсвөөс болж байна гэж тайлбарлах хүмүүс ч байна. Монгол улсын эдийн засаг 20,30 хувиар өснө гэж мэдэгдээд байсан шүү дээ?
- 2012 оны төсөв хэлэлцэж байсныг санаж байгаа байх. Төсөв хэлэлцэх үеэр хоёр өөр, ондоо мэдэгдэл гаргасан. Сангийн сайд нь амьдрал сайхан байна, хачин сайхан ирээдүй биднийг хүлээж байна гэхэд Монгол банк нь болохоо байлаа, төсвөө ингэж тэлж болохгүй ээ гэсэн. Анзаарсан бол яг тэр мэдэгдэл хийх үед ханш өссөн. Ингээд хоёр өөр, шал эсрэг тэсрэг юм яриад иргэдийн дунд хүлээлт үүсч байгаа байхгүй юу. Дараа нь нэг хэсэг 20 дугаар тогтоол шиг зүйл болох гэж байна гээд шуугисан. Дээрээс нь Хөгжлийн банк гэж жил хагас ярьсан ч үндсэндээ ганц төгрөг ч Монголд оруулж ирээгүй. Энэ бүхэн хуримтлагдсаар байгаад Монгол руу орж ирэх валютыг багасгаж, асар их хэмжээний ачаалал өгсөн. Улс төр хийж байгаа гэдгийг нь ойлгож л байна. Гэхдээ танагтай байх хэрэгтэй шүү дээ. Хачин хачин юм яриад яваад байсан.

- Гэхдээ одоо гаднаас валют орж ирнэ биз дээ? Төсөв батлахад тооцоонд орсон зээл, хөрөнгө оруулалт гээд?

- Өнгөрсөн жил 3,5 тэрбум доллар хөрөнгө оруулалт орж ирсэн. Харин 2012 онд нэмэгдээд дөрвөн тэрбум болсон байгаа. Энэ мөнгийг орж ирнэ гэж тооцоод хамаг юмаа хийгээд байгаа биз дээ. Гэтэл дээр хэлсэн бүх савалгаанууд чинь дөрвөн тэрбум төгрөг орж ирэхийг сааруулах, хойшлуулах эсвэл хэмжээг багасгавал нөгөө макро эдийн засгийн тогтвортой байдлыг эвдэж эхэлнэ. Тэгэхээр өмнө нь төсвөө боловсруулж байх үедээ энэ бүгдийг бодолцох ёстой байсан. Гэхдээ өнөөдөр асуудал бүр аймшигтай болчихсон юм биш л дээ. Огцом цочромтгой үсрэлт боллоо. Одооноос маш зөв менежмент хийж явахгүй бол сонгууль дөхсөн энэ үед давтамж нь ойртоод, хэлбэлзлийн түвшин нь нэмэгдээд ирвэл аюултай шүү гэдгийг анхааруулмаар байна.

- Монгол банк энэ бүгдийг тооцоолж, бодлого явуулах үүрэгтэй биз дээ? Тооцоон дээрээ алдсан тал байх уу?
- Монгол банк тооцоон дээрээ алдана гэж байхгүй л дээ. Харин ганцхан шийдвэр гаргадаг хүн нь Монгол банкны ерөнхийлөгч гээд хуулиндаа заагаад өгчихсөн. Уг нь ухаантай байсан бол зөв үед нь валютын нийлүүлэлт хийх байсан юм. Одоо хийж байгаа энэ нийлүүлэлт нь дэндүү бүдүүлэг. Монгол банкны ерөнхийлөгч нь өөрөө асуудал дотор нь орчихсон яваад байна. Бас нөхцөл байдлыг зохицуулах өөр олон арга байгаа ч эрх зүйн баримт бичгийг нь бүрдүүлээгүй байгаа юм.

- Тухайлбал ямар арга байгаа вэ?
- Хятадаас уг нь юаниар нь арилжаа хийе гэсэн гэрээ байгуулаад цонхыг нь нээгээд өгчихсөн байгаа. Тэрийг нь одоо хэрэглэх гэхээр журам нь гараагүй байгаа байхгүй юу. Гэрээг нь бүр өнгөрсөн хавар Хятадын Төв банкны ерөнхийлөгч ирэхэд байгуулсан шүү дээ. Тэрнээс хойш жил болох гэж байхад ганц журам батлаагүй сууж байна. Тийм хүнийг ажлаа мэдэж байна гэж яаж хэлэх юм бэ.

- Тэгвэл одоо ямар гарц байна вэ?

- Ингээд харахад бид энэ жилийн эхний хагасыг алдчихсан байна. Одоо яаралтай тодорхой арга хэмжээ авахгүй бол хоёр дахь хагас жилээ ч гэсэн алдана. Өнөөдөр УИХ, Засгийн газар, Монгол банкнаас шийдвэр гаргалаа гэхэд шийдвэр нь энэ оны 10 сард л үр дүнгээ өгч эхэлнэ. Байдлыг ийм хэмжээнд хүртэл явуулна гэдэг бол дэндүү хариуцлагагүй байгаагийн жишээ. Хариуцлага тооцдог механизм нь гурван жил ажиллаагүй. Хариуцлага гэж юу байдаг юм бэ гэдгийг бараг мэдэхгүй болчихсон. Найзан дундаа явсаар байгаад ийм байдалд хүрлээ гэж ойлгож байна. Ерөнхий сайд биеийн тамирын заал тойроод гүйж байхын оронд бензин шатахуундаа анхаарах хэрэгтэй байсан. Одоо элдэв янзын юм болчихоор яахаа мэдэхгүй, улс төрөөс болж байна гэсэн юм яриад суух юм.

- Одоо түр гал унтраалаа ч гэсэн дараа сараас бэлэн мөнгө тараагаад эхлэвэл яах вэ?

- Ер нь бол энэ их халамжийн бодлого чинь явж явж үнийн хөөрөгдлийг үүсгээд байна. АН халамжийн бодлогоос татгазаж, эрүүл саруул ухаанаар үйлдвэрлэгчдийг дэмжье гэсэн бодлоготой. Эцсийн эцэст өнөөдөр АН яагаад засгаас гарч байна гэхээр бид энэ  хариуцлагагүй тогтолцоонд олон жил явлаа. Тэвчинэ тэвчинэ гэхэд үүнээс илүү яаж тэвчих вэ. Гэнэт ухаарсандаа биш шүү.

- Инфляци нэмэгдэх нь гээд иргэд аль хэдийн өөрсдийн хэмжээнд зарлагаа танаад эхэлчихсэн байна. Иргэдийн хүлээлт их нөлөөлөөд байх шиг ээ?

- Макро эдийн засгийн 70, 80 хувь нь иргэдийн хүлээлтээс хамаарч байгаа. Өнгөрсөн 10 сараас хойш хэвлэлээр явсан мэдээнүүд дандаа үнэ нэмэгдэх талаар байгаа. Энэ нь хүлээлтийг бага багаар өсгөөд байсан. Учрыг нь сайн мэдэж байж олон нийтэд хүргэх хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.

Б.Баяр

URL:

Сэтгэгдэл бичих