Нөөцийн махыг 2400-3500 төгрөгөөр худалдана
Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж нийслэлийн төсвөөс 6.8 тэрбум төгрөг гаргаж 12 мянган тонн мах бэлтгэсэн. Нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Махыг 1-3 килограммаар савлаж уут дээр нь “Нөөцийн мах” гэсэн шошго хаджээ. Энэ нь хямд үнэтэй мах ченжүүдийн гарт орохоос сэргийлж буй хэрэг юм байна. Өчигдрийн байдлаар хүнсний захууд дээр үхрийн ястай мах 5200, хонины ястай мах 4100, ямааны мах 3900 төгрөгийн ханштай байсан. Тэгвэл нөөцийн махыг үүнээс 1000-2000 төгрөгийн хямдаар зарах юм байна. Тодруулбал, нэг кг хонины мах 3000, үхрийн мах 3500, ямааны мах 2400 төгрөгөөр худалдаалах шийдвэрийг гаргасныг сайд Т.Бадамжунай хэллээ. Өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэсэн аж ахуй нэгжүүдэд нэг кг мах тутамд 500 төгрөгийн урамшуулал олгож байсан бол энэ жил 650 төгрөг болгон нэмжээ. Улсын хэмжээнд 16.8 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд үүний 12 мянган тонныг нь Улаанбаатар хотод худалдаалах юм байна.
URL: