Төрийн үйлчилгээг цахимжуулах 230 сая ам.долларын зарцуулалтад шалгалт хийх санал гаргав
УИХ-ын Цахим бодлогын түр хороооноос ЗГХЭГ-ын дэргэд Монгол Улсын төрийн мэдээлэл, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд зарцуулсан 230 сая ам.долларын зарцуулалтад шалгалт хийх ажлын хэсэг байгуулах санал гаргаснаа өнөөдөр танилцууллаа.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт 2017 оны гуравдугаар сард Казахстан улсад байрлах “Касперский Лаб” компанийн Зүүн Ази болон Монгол Улсыг хариуцсан захирлаас Монголын төрийн мэдээлэл халдлагад өртсөн тухай мэдээлэл ирүүлжээ. Тухайн үед Монголын талаас халдлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлт хүргүүлсэн ч “Касперский Лаб” компани төлбөр нэхэмжилсэн байна. Монгол Улс төлбөр төлөх боломжгүй гэсэн хариу явуулснаас гурван сарын дараа тухайн компани дэлхийн томоохон гурван сайтаар Монголын төрийн мэдээлэл хакердуулсан тухай мэдээлэл гаргажээ. Үүний улмаас 2014 онд мэдээллийн аюулгүй байдлын индексээр дэлхийд 15 дугаар байрт жагсаж байсан Монгол Улс өнөөдөр 103 байр хүртэл ухраад байна хэмээн УИХ-ын Цахим бодлогын түр хороооны дарга Н.Учрал хэллээ.
Тэрбээр, “Төрийн мэдээллийн нэгдсэн сан бүхий байгууллага буюу Үндэсний дата төв жилд 240 сая төгрөгийн орлого олох ёстой ёстой. Тиймээс тус байгууллаг төрийн 1000 гаруй байгууллагын мэдээллээс гадна хувийн компаниудын сервирийг өөртөө байршуулан төлбөр авч байна. Түүнчлэн дата төвд Австралийн компани хүртэл серверээ байршуулсан байгаа юм. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах, энэ чиглэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран ажиллах саналаа УИХ-ын даргад саналаа хүргүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн 29 жил Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулах зорилгоор 230 сая ам.доллар зарцуулсан байна. Тиймээс энэ хөрөнгийн зарцуулалт, үр дүнд шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дэргэд байгуулах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно” гэлээ.
Өнгөрсөн онд байгуулагдсан Цахим бодлогын түр хороо Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд дүн шинжилгээ хийх, Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэх төрийн бодлогыг боловсруулах, хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, Төрийн цахим шилжилт гэсэн дөрвөн чиглэлд хуваагдан ажиллаж байна. Мөн нийгмийн сүлжээ буюу Фейсбүүк, Твиттер хуудсанд хүний эрхийг хамгаалах чиглэлээр судалгаа хийж, Хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.
URL: