Эзэндээ ээлтэй барилгачинд балагтай барилгын салбар
Монголчууд амин зуулга хөөж гадагшаа явах нь бий. Түүний хамгийн том жишээ нь эдүүгээ БНСУ-д 46 мянган монгол иргэн ажиллаж амьдарч байгаа. Тэдний 15 мянга орчим нь хараар амьдарч байгаа гэх. Хараар амьдрах гэдэг нь жуулчны визтэй гараад тэндээ үлдсэнг нь нэрлэсэн хэрэг.
Энэ онд манай улсад 69 мянга 400 ажлын байр бий болох урьдчилсан судалгаа гарчээ. Гэтэл 2018 онд 74 мянга 600 ажлын гарна гэсэн судлгаар гарч байжээ. Түүнтэй харьцуулахад 5.6 хувь буюу таван мянга 200-аар цөөн ажлын байр бий болох нь. Судалгааны энэ үзүүлэлт нь ажлын байр урьд оныхоос агших дүр зургийг иэрхийлсэн гэнэ. Барилгын салбарт 2018 онд ажлын байр олноорооо гарчээ. Гэтэл гурван мянга 500 хүн л энэ салбарт ажилд зуучлагдан оржээ. Тус салбарт гарч байгаа ажлын байранд монголчууд ороогүй нөхцөлд БНХАУ-аас ажиллах хүч авдаг. Энэ онд 19 мянган ажлын байранд ажиллах хүч авах урьчилсан судалгаа гарсан байна.
Монголчууд гадныханд ажлын байраа алдаж байгаа мэт дүр төрх эндээс харагдна. Гэвч гаднаас ажиллах хүч авч байгаа аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (ХХДХ)-г хоёр дахин нугалсан мөнгөн төлбөр “хөдөлмөр эрэхлэлтийг дэмжих сан” (ХЭДС)-д сар бүр төлөх хуулийн заалттай. ХХДХ одоо сард 320 мянган төгрөг байгаа. 2019 онд ажиллах хүч гадна (БНХАУ)-аас орж ирнэ, тэр хэмжээгээр тус санд мөнгө төлөгдөх учиртай. Гэхдээ Засгийн газрын тусгай сангуудад шалгалт орсон. Шалгалтын үр дүнгээр зарим тусгай санг хаах тухай мэдээлэл цацагдсан билээ. Тусгай сангийн мөнгө, хөрөнгө зориулалт бусаар зарцуулагдаж эрх мэдэлтний гарын салаагаар урсдаг муу зуршил, ЖДҮ-ийн сангийн зээлээр нийтэд ил тод болсон гэж хэлж болно. Гадаадаас ажиллах хүч авсны төлбөр суурь нь болдог ХЭДС-гийн хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байсан талаар тодорхой мэдээлэл иргэдэд байхгүй байна. Бүтээн байгуулалт нэрийн дор ажиллах хүч оруулж ирсэн аж ахуйн нэгжүүдийг төлбөрөөс чөлөөлж байсан тохиолдол бий. Ийм чөлөөлөлт удаа дараа явагдсан бол энэ сангийн хөрөнгө нимгэн байх нь ойлгомжтой. Ийм зүйл болоогүй байгаасай даа. Аливаа хөнгөлөлт, чөлөөлөлт үр дүнгээ өгдөггүй тохиолдол дэндүү олон. Энэ сангийн хөрөнгийн зарцуулалт ямар байгаа нь бүхэн нийтэд удахгүй ил болох биз ээ.
Ажлын байр бий болох болгонд аж ахуйн нэгжүүдийн өмнө өндөр төлбөр төлж гаднаас ажиллах хүч авах уу, дотоодоосоо ажилтан авах уу гэсэн сонголт жил бүр тулгардаг бололтой. Энэ жилийн хувьд энэ байдал давтагдах магадлал өндөр гэж саяхан болж өнгөрсөн “ажлын байрны 2019 оны төлөв байдал”-ыг танилцуулах уулзалт дээр мэрэгжилтнүүд хэлж байна билээ. Салбар тус бүр л гаднаас ажиллах хүч авдаг биз.
БНХАУ-аас барилгын ажилчид олноороо орж ирдэг гэсэн түгээмэл ойлголт байдаг. Гэхдээ тэдгээр ажилчид жуулчны 90 хоногийн визээр ирж зун, намрын турш хууль бусаар ажилладаг гэсэн хардалт байдаг. Хэрэв тэдгээр ажилчид ажиллах хүчний хүрээнд орж ирээгүй тохиолдолд ХЭТС-нд ямар нэг төлбөр төлөхгүй. Цэвэр монголчуудаас ажлын байрыг булаасан үйлдэл болно. Энэ өнцгөөс авч үзвэл хууль бусаар ирсэн хятад ажилчид бага хөлсөөр барилгын салбарт ажиллаж байх магадлалтай. Тийм учраас барилгын салбарт мэргэжилтэй ч цалин бага гэсэн шалтгаанаар монгол хүн ажиллахгүй байгаа болов уу. Монгол улсад бүртгэлтэй 25 мянга, бүртгэлгүй 87 мянга нийт 93 мянган ажилгүй иргэд байдаг. Тэдний 30 хувь нь барилгын тодорхой мэргэжилтэй гэсэн судалгаа байдаг гэнэ.
Аж ахуйн нэгжүүд олсон орлогынхоо 8-9 хувийг цалинд зарцуулдаг гэж МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б. Лхагважав ярьсан байна. Хөдөлмөрийн капиталд (цалин хөлс) хэн их хөрөнгө оруулна, тэр аж ахуйн нэгжийн орлого тогтмол өсдөг гэсэн ерөнхий ойлголт олон улсад байдаг байна. Харин манайд эсэргээрээ мэргэжилтэнд хэн бага цалин өгнө тэр эзний орлого нэмгэднэ гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг бололтой. Ер нь бага цалин гэдэг нь хүнийг сульдаадаг, ядраадаг, ядууруулдаг нь олон улсын практикт батлагдсан зүйл юм билээ. Иймээс улс орон бүр хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх бодлого явуудаг. Бүр нарийвчлан хуулчилдаг гэнэ.
Манайд мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд авч үзвэл ажиллах хүч гадаадаас авсан нөхцөлд аж ахуйн нэгжүүд ХХДХ хоёр дахин нэмсэн төлбөрийг ХЭДС-д төлнө. Мөн “ашигт малтмалын тухай хууль”-д, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээнэ. Тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно. Түүнээс илүү хэмжээгээр гаднаас ажиллах хүч авсан тохиолдолд ажлын байр тутамд ХХДХ-г 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг ХЭДС-нд сар бүр төлнө гэсэн заалт бий.
Хуулийн дээрх заалтууд эдийн засгийн утгаараа амьдралд хэрэгжихгүй байгаа нь “хуурай” хуулийн заалт болон хувирав бололтой. Энэ хуулийг амьдралд хэрэгжүүлж чадсан бол өнгөрсөн хугацаанд ХЭДС-д овоо орлого төвлөрч, түүгээр нь Монгол хүнд тохирсон ажлын байр бий болгох ёстой байлаа. Гэвч ХЭДС-гийн хөрөнгөөр хэдэн ажлын байр хаана бий болсон талаар нэгдсэн тоо баримт алга даа. Парламентийн баталсан хуулиудад Монгол хүний ажлын байрыг хадгалах, нэмэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, өндөр цалин хөлстэй болгох заалтууд байдаг. Гэвч өгөөжийг нь иргэд хүртэж эхлээгүй байна
Одоо урь унаж, урин дулаан цаг ирнэ. Хамгийн олон ажлын байр бий болгодог барилгын салбарын ажил эхлнэ. Тэр үед урьдын адил хятадаас ирэх хууль бус ажилчид Монгол хүний ажлын байрыг булаасаар байх уу. Монгол хүн барилгын салбарт ажиллахгүй байгаа нь мэргэжил ур чадвараасаа илүүтэй цалин бага байгаатай холбоотой. Үүнийг хүн бүр мэддэг. Гэвч ажил хэрэг болгож хоорондоо ярихгүй өдий хүрлээ. Барилга янз бүрээрээ баригдаж байна. Орон сууцны борлогдож байгаа м2-ын үнэ сүүлийн жилүүдэд тогтмол өслөө. Гэхдээ тэнд ажлынх нь ноён нурууг нугалж байгаа барилгачдын цалин нэмэгдэн, амьдрал нь дээшилсэнгүй. Ийм болохоор ашиг орлого нь барилыг компанийн эзэнд шингэж байгаа биз. Энэ байдлыг дагаад “эзэндээ ээлтэй барилгачинд балагтай барилгын салбар” гэдэг нэршил гарсан байна шүү.
Г.Эрдэнэбат
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: