Д.Сандаг-Очир генерал шүүхэд хүсэлт гаргажээ
ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир өнгөрөгч баасан гаригт 2008 оны долдугаар сарын үймээний үеэр үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагчидтай уулзсан байна. Уулзалтын дараа Д.Сандаг-Очир Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хандаж хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд УИХ-аас 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын алба хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Цагдаагийн алба хаагч нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3,4 дүгээр зүйлийн заалтаар цэргийн алба хаагчдын ангилалд хамаарагдахгүй байна. Иймд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчдыг Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд заасан цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан хууль эрх зүйн үндэслэлтэй эсэхийг тодруулж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225, 226 дугаар зүйлийн заалтуудын хүрээнд хянан үзэж, шийдвэрлэж өгөх тухай дурьджээ.
URL: