Үхэл таригч улаан бурхан ихэссэнд аав ээжүүдийг буруутгав

193777-05102016-1475628678-737203479--06052015-1430904312-1918222338-vaktsin-125456-918634637Дархлаажуулалтыг эсэргүүцэгч олширсон нь Филиппинээс АНУ-ын Вашингтон муж улс хүртэл газар сайгүй улаан бурхан дэгдэх нөхцөл бүрдүүлж, аюулт өвчнийг бүрмөсөн дарах хүн төрөлхтний хүчин чармайлтад хөнөөл учруулав.

Халдварт өвчний тохиолдол 2018 онд дэлхийн хэмжээнд 50 хувиар ихсэж 2.3 саяд хүрснийг дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын(ДЭМБ)статистик харуулж байна. “Вакцинаас сэжиглэх явдал” дэлхийн эрүүл мэндэд заналхийлж буй гол 10 аюулын нэг болж хувирсныг тус байгууллага анхаарууллаа. Уг өвчин ялангуяа Израиль, Грек, Мадагаскар, Украин, Венесуэлд их байгаа юм.

Улаан бурхан ихэссэнийг ганц шалтгаанаар тайлбарлаж болохгүй ч эцэг эх нь хүүхдэдээ вакцин хийлгүүлэхээс дургүйцэх явдал дэлхийн хэмжээнд ихэссэн. Улаан бурхан, гахайн хавдар, улаан эсэргэнийн вакцин хүүхдэд аутизм үүсгэдэг тухай 1998 оны мэдээлэл одоо ч нотолгоогүй.

Гэтэл тарилгын харш нөлөө илэрсэн цөөн тохиолдолтой холбоотойгоор вакцин хийлгэхээс татгалзах явдал газар авлаа. Вакцинаас сэжиглэх явдал ихэссэн нь жил бүр 1.5 сая хүүхдийг урьдчилан сэргийлж болдог өвчнөөр алдахад хүргэв.

Энэхүү өвчнийг тархалтыг бүрэн зогсоохын тулд хүн амын 95-аас доошгүй хувийг вакцинжуулах шаардлагатай.

“Вакцин эсэргүүцэх хөдөлгөөн элдэв ташаа гаж мэдээлэл үүсгэж байна” хэмээн Нью Йорк муж улсын эрүүл мэндийн комиссар Ховард Цукер мэдэгдлээ. “Та бидний хэрэглэж буй хүчирхэг интернэт хүртэл ийм мэдээлэлд өртөмхий. Эрүүл мэнд хариуцсан комиссар, хүүхдийн эмч, эцэг хүний хувьд өр өвдөхгүй байх арга алга”.

ДЭМБ-ын үйл ажиллагааны 10 жилийн төлөвлөгөөний нэг зорилт нь улаан бурхан, улаан эсэргэнэ өвчнийг 2020 он гэхэд дэлхийн таван бүс нутагт бүрмөсөн устгах явдал боловч ажил хэрэг ахиц муутай байна.

Өвчин олон газарт, улаан бурхан бараг устсан улсад хүртэл дэгдсэн нь ханиах, найтаах болон ахуйн замаар халдварладаг өвчинд хүн төрөлхтөн эмзэг хэвээр байгааг харуулав. АНУ-ын зарим бүс нутаг дахь улаан бурхны дархлаа тогтоогүй хүмүүсийн дунд энэхүү өвчин олон голомттой хурдан халдварлах эрсдэл өндөр байгааг экспертүүд сэрэмжлүүллээ.

“Вакцин тариулаад сэргийлж болдог өөр халдварт өвчин ч дэгдэж болзошгүй”-г Женев дахь ДЭМБ-ын улаан бурхан, улаан эсэргэнэ өвчний судалгааны багийн удирдагч Катрина Крецингер анхааруулав. “Улаан бурхан дэгдсэн бол сахуу дэгдэх магадлал мөн л өндөр”.

ДЭМБ-ын тайлбараас үзвэл бактерийн гаралтай сахуу өвчин аминд хүрэх магадлал 5-10 хувьтай. Энэхүү өвчнөөс сэргийлэх тарилга ихэвчлэн татран, хөхүүл ханиадны эсрэг вакцинтай хамт байдаг.

Филиппинд улаан бурхны сүүлийн дэгдэлтийн улмаас шинэ оны эхний зургаан долоо хоногт 70 хүн эрсэдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв. Нью Йоркод 10 дугаар сараас хойш 200 гаруй тохиолдол бүртгээд байна.

Өвчтөн ханиасан, найтаасан орчны агаарт улаан бурхны вирус хоёр цаг амьдрах чадвартай.

Гэтэл вакцин тариулахаас цааргалах явдал АНУ, Австрали, Европ болон дунд орлоготой улсуудад ихэссэн. Филиппиний өмнөх засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлсэн денгегийн вакцинжуулалт олон хүүхдийн аминд хүрсэн хэмээн одоогийн засгийн газар буруутгасан нь ямар ч баримт нотолгоогүй мөртөө иргэдийн сэжгийг гааруулж орхисон юм.

Атланта дахь халдварт өвчнөөс сэргийлэх, хяналт тавих төвийн статистикаас үзвэл вакцин нийтлэг болсон 1963 оноос өмнө ану­ын бараг бүх хүүхэд 15 нас хүрэхээсээ өмнө улаан бурхан тусдаг, жил бүр дөрвөн сая хүн уг өвчнөөр өвдөж, 500 нь амиа алддаг байжээ.

Арьс улаан толботож туурдаг, халдвартай хүний амны хөндий, хоолойг үрэвсүүлдэг энэхүү өвчин агаар дуслын замаар хурдан тархдаг. Өвчтөнтэй ойр байсан хүн вакцин хийлгээгүй юм уу төрөлхийн дархлаагүй тохиолдолд улаан бурхан халдварлах магадлал 90 хувь хэмээн тус төв үзэж байна. Өвчтөн ханиасан, найтаасан орчны агаарт улаан бурхны вирус хоёр цаг амьдрах чадвартай.

Энэхүү өвчнийг тархалтыг бүрэн зогсоохын тулд хүн амын 95-аас доошгүй хувийг вакцинжуулах шаардлагатай. Гэтэл дэлхийд улаан бурхны вакцинжуулалт 85 хувь хүрээд зогсонги болсон нь аюул үргэлжлэхийн дохио болж байна.

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих