Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

5c6a02fd7b989Монгол Улсын хамгийн том боомт  болох Замын-Үүдийн хил гаалийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, барилга байгууламж шинээр барих ажлыг Засгийн газраас зохион байгуулж буй.

Дээрх ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин  боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилго чиглэл бүхий “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ болон төслийн багийг хүлээн авч, боомтын барилга угсралтын ажлын талаар харилцан санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажлыг энэ оны тавдугаар сард эхлэх юм.

Замын-Үүдийн боомтоор нэг цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай ажиллаж байгаа бөгөөд өргөтгөл шинэчлэл хийснээр 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолборын хэмжээг ес дахин томруулж, цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болох  тооцоо гаргаад буй.

Дээрх төслийн багийнхан  2017-2018 онд ОХУ, БНХАУ-тай хиллэдэг 26 боомтын үйл ажиллагаатай  танилцаж, хилийн боомтуудыг хэрхэн хөгжүүлэх талаар судалгаа, төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Эхний удаа Монгол Улсын эдийн засгийн коридор Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийх нь зөв гэж үзжээ.


URL:

Сэтгэгдэл бичих