Агентлагийн дарга нарын томилгоо сонгуультой золгож магадгүй
УИХ-ын сонгуулийн чимээнээр албан тушаал горилсон агентлагийн дарга нар ажлаа өгчихөөд байна. Сонгуулийн чимээнээр гурван ч дарга хувийн карьераа хөөж, агентлаг нь эзгүйрлээ. Харин тэдний оронд дарга удирдлагыг нь сонгох гэж Засгийн газар нэлээд мунгинах янзтай. Товчхондоо Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа тул юу яасан агентлагийн дарга томилохтой манатай байгаа аж.
Энэ байдал удаан үргэлжилбэл агентлагийн дарга нарын томилгоо зургаан сарын дараах УИХын сонгуультай золгож ч магадгүй гэлцэх болов. АТГ гэх нэг байгууллагын удирдлагыг томилох гэж хичнээн сар хүлээлээ. Тэгэхээр энэ удаагийн томилгоо сонгуультай золгоход нэг их гайхаад байх зүйл алга. Хэрэв томилгоо сонгуультай золговол УБЕГ, АМГ, АТГ гэдэг гурван том байгууллагын үйл ажиллагаа илтэд цалгардаж, доголдох нь мэдээж. Одоогийн байдлаар Ашигт малтмалын газрын дарга Ч.Батхуяг, Авто замын газрын дарга Б.Цэнгэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Б.Мөнхбаатар, Гаалийн Ерөнхий газрын дэд дарга А.Мурат, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Мэдээлэл харилцаа холбооны газрын дэд дарга Б.Мөнхбат, Төрийн өмчит “Эрднэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Батзандан зэрэг хүмүүс ажлаа өгөөд байгаа. Тэгвэл албан тушаалын донтой дарга нараасаа болж удирдлагагүй хоцорсон агентлагуудыг дэд дарга нар нь удирдаж, үйл ажиллагааг нь зохицуулж явна.
Тухайлбал АМГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр орлогч дарга Б.Эрдэнэбилэг, Авто тээврийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр орлогч дарга Н.Пунцаг, УБЕГын даргын түр орлон гүйцэтгэгчээр орлогч дарга С.Энхбаатар нар ажиллаж байгаа бол ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Баярсайхан орлож байна.
Харин төрийн өмчит “Эрдэнэс МГЛ”-ийн захирал Б.Энэбишийн оронд Куба улсад Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Я.Долгоржавыг томилжээ.
Ямартай ч дээрх дарга нарын томилгоо дор хаяж хоёр сар хүлээгдэх бололтой. Тэртэй тэргүй Засгийн газар амь тэмцэж байгаа учраас Төрийн албаны зөвлөл ч агентлагийн дарга нарын асуудлыг нэг их ойшоохгүй байгаа аж. Харин энэ хооронд эцэггүй хүүхдийн толгой том гэдэг шиг л даргагүй байгаагаа далимдуулж бүгд л хэдэн төгрөг идэж, уухыг урьтал болгож байгаа сурагтай. Олон хурган дарга зэрэг зэрэг идэж байхаар ганц том дарга нь нууж хаасан шиг идэж байвал эдийн засгийн хувьд жаахан ч болов хэмнэлттэй юм даа гэж яригдах болж. Нөгөөтэйгүүр агентлагийн дарга нар томилогдсоны дараа энэ гурван байгууллагад бас л халаа сэлгээний томоохон шуурга дэгдэх биз. Энэ нь манайд бичигдээгүй хууль болчихсон.
Засгийн газраас дарга нарыг томилохдоо ямар ч халаа сэлгээ хийлгэхгүй гэж ам өчиг авдаг ч шинэхэн дарга нар өөрийн багаа бүрдүүлэх нэрээр дэд, орлогч, харьяа хэлтсийн даргаас нь авахуулаад заавал хэдэн хүн халдаг уламжлалтай. Яг л АТГын дарга Н.Ганболд, Б.Хурц нар шиг Засгийн газар, УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг нохой хуцсан чинээ тоох ч янзгүй.
Иймээс шинэ дарга нарын томилгооны үеэр яригдах онцгой асуудлын нэг нь халаа сэлгээ болоод байгаа ажээ.
Б.Энхмөнх
URL: