Асуудалтай гишүүдийн “но”-г “delete”-лэв
Х.Наранхүү гишүүний хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчээ
АТГ-ын шинэ удирдлагууд халаа сэлгээгээ дуусгав бололтой ажилдаа шуударлаа. Өчигдрийн байдлаар АТГ-т шалгагдаж байсан УИХ-ын нэр бүхий гишүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ой санамжаасаа авч хаялаа. Ам, ажил хоёроосоо болж шалгагдаж, дуудагдаж байсан эрхэм гишүүдийн санаа одоо л нэг амрав бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Наранхүүг Төрийн өмчит байгууллагыг удирдаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, олон тэрбумын хөрөнгийг хувьдаа завшсан хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан. Түүнийг 2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байсан юм. Гэвч уг хэргийг нийслэлийн Прокурорын хяналтаас Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон байна. Уг нь УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн улсын мөнгө хувьдаа завшсан гэх хэрэг нь нэлээд хүндэвтэр гэмт хэрэгт хамаарах юм гэсэн. Харин Монгол Улсын Эрүүгийн хуулиар хүндэвтэр хэрэгт холбогдсон ч хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Өршөөлийн хуульд хамруулах үндэслэлтэй болсон байна. Өөрөөр хэлбэл, Х.Наранхүү гишүүний 2000-2007 онд “идэж уусан” нь аль эрт болсон явдал тул хуульд заасан таван жилийнх нь хугацаа энэ онд дуусгавар болжээ. Хуулиар хүндэвтэр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь таван жилийн хугацаанд хүчинтэй байдаг аж.
Амнаасаа болсон Ш.Сайхансамбуу гишүүн айдгаа ардаа хийв
Мөн АТГ-т шалгагдаж байсан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон байна. АТГ-ынхан яахав авсан өгснийг илрүүлж, загас агнах гол ажилтай болохоор угийн хээгүй Ш.Сайхансамбууг эрээ цээргүй үг хэлснийх нь төлөө аавынх руу илгээх шахаж байв. Сэтгүүлчид өгсөн ярилцлаганаас нь сэдэвлэж “Төрийн өндөр албан хаагчид авлига өгдөг байсан” гэдгийг нь нотлохыг завдаж, шалгасан. Шалгаад, илрүүлээд, баталсан юм дуулдаагүй болохоор хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бололтой юм. Мань эр ч өөрөө буруутай. Дааганаас унаж үхдэггүй дарвагараас болж үхдэг гэдэг үгийн тодхон жишээг амьд биеэрээ харуулчихсан. “Авлига өгсөн хүмүүстэйгээ энэ танхимд тохой нийлүүлээд сууж байна” гэж ярихаар ард түмэн битгий хэл АТГ-ынхан ч сэжиглэнэ биз дээ. АТГ-аас Ш.Сайхансамбуу гишүүнд Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйл анги буюу хээл хахууль өгсөн гэдэг үндэслэлээр бүр гурван жилийн хорих ял хүртэл төлөвлөсөн дуулдаж байсан шүү. Өнгөрөгч намар Ш.Сайхансамбуу гишүүн чуулганы танхимд АТГ-т ямар нөхцөл байдалд байцаалт өгснөө хүртэл хуучилж байсан удаатай. Мэдээж шинэхэн хоёр даргаас өмнө шүү дээ. “Нэг умгар өрөөнд гурваас дөрвөн мөрдөн байцаагч сууж байна гэнэ. Тэдэн дээр байцаагдаж буй хүмүүс нь нэмэгдээд умгар өрөөндөө багталцахгүй чихэлдээд их зовлонтой байсан гэнэ лээ. Энэ байдалд АТГ-ын удирдлагууд дүгнэлт хийж ажлынхаа нөхцлийг сайжруулахгүй бол хэцүүхэн орчинд ажиллаж байна шүү гэдгийг үүгээрээ хэлж сануулсан хэрэг. Харин түүнийг ангийнхан нь инээж тавласанд “Зовлонгоо л ярьж байна” гэж омогдож байсан. Ийнхүү Ш.Сайхансамбуу гишүүн одоо л нэг юм айдгаа ардаа хийв бололтой.
Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тул хэргийг нь хаажээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаад харьяаллын дагуу Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба руу шилжсэн УИХ-ын гишүүн Д.Дондогт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтад түр хугацаагаар түтгэлзүүлсэн аж. Түүний хэргийг түр хугацаагаар шалгахгүй болсноо УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь холбон тайлбарлаж байна. Уг хэргийг шалгаж эхлэснээс хойш УЕПГ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг УИХ-ын даргад гурвантаа ирүүлсэн ч Хууль зүйн байнгын хорооноос түтгэлзүүлэх саналыг хүлээн аваагүй юм.
УЕПГ-аас илгээсэн гурав дахь удаагийн албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж Үндсэн хуулиар тогтоосон байдаг тул байнгын хорооны дарга албан тоотоор хариу өгсөн нь Үндсэн хуулийн энэхүү заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.13, 6.15, 21 дүгээр зүйлийн 21.4, 23 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байгаа тул Улсын Их Хурлын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон журмын дагуу Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн холбогдох шийдвэр гаргахыг хүсч Улсын Ерөнхий прокурорын газраас Улсын их хуралд албан бичиг хүргүүллээ” гэсэн албан тоотыг илгээж байсан аж. Түүнчлэн эрхэм гишүүний хэргийг АТГ бус Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаад зарим хүмүүс гайхахад хүрч байсан юм. Учир нь тус алба нь зөвхөн хуульч, прокурор, цагдаагийн ажилтантай холбоотой гомдол мэдээлэл, гэмт хэргийг шалгах үүрэгтэй байгууллага мөртлөө яагаад УИХ-ын гишүүнийг шалгах болов гэсэн асуулт хариулт нэхэж байв. Тэгвэл зарим учир мэдэх хүний хэлэхээр эрхэм гишүүний холбогдсон залилангийн болон газрын наймааны хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын хоёр мөрдөн байцаагч холбогдон хамтдаа шалгуулж буй гэх мэдээлэл ч бий. УИХ-ын гишүүн Д.Дондогийг сонгуулийн сурталчилгаа хийх гэж танил болон намын нөхдөөсөө 2.6 сая ам.доллар залилан авч улмаар уг өрөө төлөхийн тулд газрын наймаа хууль бусаар эрхэлсэн гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Харин эрхэм гишүүн “Би хэрэг хийсэн нь үнэн л бол манай нам намайг хамгаалаад аваад гардаг юм байгаа биз дээ” хэмээн бардамнаж, бас намаа чимхэж байсныг нь санаж байна.
Л.Гүндалайн хэргийг сонгууль өнгөрөөгөөд сэргээн шалгана
Аль дивангарын гэдэг шиг нэлээд эртний “хэрэгтэн” Л.Гүндалайн албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг прокурорын хяналтад хэрэгсэхгүй болгож байсан юм. Тэрбээр яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж, хэрэг нь ч нотлох баримтаар тогтоогдсон. Түүнчлэн Тайванийн Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан хэрэгт ч татагдсан билээ. Эрхэм гишүүний холбогдсон дээрх эрүүгийн хэргийг өөрийнх нь хүсэлтээр өршөөлд хамруулсан. АТГ-т өнгөрөгч 2010 оны зургадугаар сард гаргасан ”Гэм буруугийн эсрэг маргахгүй. Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийнх нь дагуу өршөөлд хамруулсан байна. Гэхдээ эдгээр хавтаст хэргээс нь төрийн өмч шамшигдуулсан гэх Эрүүгийн хуулийн 150-иар зүйлчилсэн хэргийг нь түр хугацаагаар түтгэлзүүлсэн талаархи мэдээллийг нийслэлийн Прокурорын газраас өчигдөр өгсөн байна. Л.Гүндалай гишүүний УИХ-ын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болтол албан тушаалын хэргийг нь түр хугацаагаар прокурорын хяналтад түтгэлзүүлсэн аж. Гэхдээ энэ оны сонгуулийн дараагаар түүний хэргийг үргэлжлүүлэн шалгах бололтой.
С.ХЭРЛЭН
URL: