“УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ 2019″ өнөөдөр эхэлнэ

5

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Тус наадмын үеэр Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах, Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болно. Мөн Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг болон Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн, үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана. Өвлийн наадмын үеэр “Ulaanbaatar City Tour” буюу хотын аяллын автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ.

Тэмцээнүүдэд гадаад, дотоодыг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Үүнээс ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-оос сур харваачид хүрэлцэн ирнэ.

Арга хэмжээний үеэр ОХУ-ын АИСТ ТВ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Одон телевизийн сурвалжлах баг хүрэлцэн ирж Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг хөрш хоёр оронд сурталчилах аж. Энэхүү наадам нь Монгол Улсын хамгийн том өвлийн спортын арга хэмжээ юм. Та бүхнийг Монгол үндэсний дээл хувцсаараа гоён амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  1. Мөсөн сурын харвааны УАШТ- Монголын мөсөн сурын холбоо, 13 аймаг, 7 дүүрэг, 5 спорт хороодын нийт 300 гаруй тамирчид
  2. Мөсний шагайн харвааны УАШТ - Монголын Үндэсний мөсний шагайн холбоо, 8 аймгийн нийт 300 гаруй тамирчид
  3. Параглайдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 гаруй тамирчид
  4. Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн - 70 гаруй тамирчид
  5. Снөүбоардын УАШТ - 60 гаруй тамирчид
  6. Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 багийн 170 гаруй тамирчид

URL:

Сэтгэгдэл бичих